Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулганд Шадар сайд С.Амарсайхан цахимаар оролцлоо

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-05-28 00:41:36

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулган Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо өнөөдөр эхэллээ. “Эрсдэлээс гамшгийг даван туулах, гамшигт тэсвэртэй байх чадавх руу: КОВИД-19 цар тахлын улмаас өөрчлөгдсөн дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй уг чуулганд дэлхийн 194 улс, олон улсын байгууллагаас 5000 орчим төлөөлөгч биечлэн оролцож байна.

Засгийн газрын хэмнэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уг чуулганы нээлтэд цахимаар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Төв Азийн газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн тоо, давтамж эрс нэмэгдэх болсон бөгөөд 2021 онд л гэхэд өмнөх оноос 6 дахин их газар хөдлөлт бүртгэгдсэн. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот орчмын бүс нутагт өнгөрсөн жил 900 орчим удаагийн газар хөдлөлт болсны дотор 2-5.9 магнитудын хүчтэй 42 удаагийн тохиолдол байна.

Иймд газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа  илэрхийлье” хэмээгээд Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөдөлгөөнийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэн, гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгааг хэлэв.

Мөн дэлхий нийтээрээ “Ковид-19”-ийн халдвартай тэмцсэн өнгөрөгч 2 жил гаруйн хугацаа бол алдаа оноо, туршлага сургамжтай түүхэн он цаг байсныг дурдаад, Монгол Улсын Засгийн газар цар тахлын хүндрэлийг богино хугацаанд харьцангуй бага хохиролтойгоор даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэн, улмаар эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, даван туулах дасан зохицох дараагийн стратеги руу амжилттай шилжсэнийг онцолсон юм. Төгсгөлд нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улс идэвх санаачилгатай ажиллаж, цөлжилтийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч буйг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж хэллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулган нь олон улсын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх төдийгүй дэлхий нийтэд болон бүс нутгууд, улс үндэсний хэмжээнд учирч буй эрсдэлт хүчин зүйлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, бүх төрлийн гамшгийн эрсдэлийг удирдах илүү үр дүнтэй, чадварлаг тогтолцоог бий болгох талаар хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх гамшгийн эрсдэлийг бууруулахад ахиц дэвшил гаргах боломжийг бүх оролцогч талуудад олгоно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.



Холбоотой мэдээ