Б.Болор-Эрдэнэ: "Старлинк" компани Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам хооронд санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болов

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-07 11:19:15

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Старлинк" компанийн интернэт үйлчилгээний талаар өнөөдөр SpaceX компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийсэн талаараа мэдээлжээ. 

Тодруулбал, SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Гвинн Шотвеллтэй цахимаар уулзаж, "Старлинк" компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ болон Монголын талаас юу хэрэгтэй талаар харилцан санал солилцжээ.

Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутаг орон орон учраас газрын станцаа Монголд байгуулах шаардлагатайг "Старлинк" компанийн зүгээс хэлжээ. Мөн газар нутгийн онцлогоос хамаараад нэг биш, нэлээд олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэт холболт гаргаж өгөх шаардлагатайг SpaceX компани онцолсон байна. Монгол Улсад газрын станц барьж, ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардлагатайг энэ үеэр илэрхийлжээ.

ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд "Старлинк" үйлчилгээ өндөр ач холбогдолтойг Б.Болор-Эрдэнэ дуулгаад "Тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болов" хэмээн бичсэн байна.


Холбоотой мэдээ