Шри-Ланка улсын ерөнхийлөгч огцрох өргөдлөө Сингапураас илгээжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-07-15 02:59:19

Эдийн засгийн сүйрэлд нэрвэгдсэн Шри-Ланка улсын ерөнхийлөгч цэргийн нисэх онгоцоор эх орноосоо дүрвэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл ерөнхийлөгч Готабаяа Ражапакса огцрох өргөдлөө Сингапураас цахим шуудангаар ирүүлсэн тухай Шри-Ланкын парламентын спикер өчигдөр мэдээлжээ.

Түүний өргөдөл хууль ёсны эсэхийг нягтлуулахаар ерөнхий прокурорын газарт шилжүүлснээ спикер Индунил Япа бас мэдээлсэн байна.

Пүрэв гарагийн орой ерөнхийлөгч Ражапакса гэргий, хоёр бие хамгаалагчийн хамт Saudia Airline компанийн Boeing-787 онгоцоор Мальдив улсаас Сингапурт нисэж очжээ. 76 настай ерөнхийлөгч хэсэг хугацаанд Сингапурт байсны дараа Арабын Нэгдсэн Эмират Улсад шилжин амьдрах төлөвтэй байна.

Ражапакса улс төрийн орогнол хүсээгүй, хувийн шугамаар ирснийг Сингапурын гадаад хэргийн яам мэдэгджээ.

Шри-Ланкын ерөнхийлөгчийн ажил үүргийг одоо ерөнхий сайд Ранил Викресингх орлон гүйцэтгэхээр болж байна.

Гэвч энэхүү эрх мэдлийн шилжилтийг эсэргүүцсэн иргэд Лхагва гарагт ерөнхий сайдын албан өргөөнд халдаж, түүнийг бас огцрохыг шаардсан юм.

Ерөнхий сайдын албан өргөө, парламентын ордны гадна болсон мөргөлдөөний үеэр нэг хүн алагдаж, 84 хүн шархадсан тухай Шри-Ланкын цагдаагийн ерөнхий газар мэдээлжээ.

Тэмцэгчид өнгөрсөн Бямба гарагт ерөнхийлөгчийн ордныг эзэлж, ерөнхий сайдынхаа хувийн орон сууцыг галдан шатаасан юм.

Ерөнхийлөгч Ражапаксагийн ах, ерөнхийлөгч, ерөнхий сайд асан Махинда Ражапакса, сангийн сайд асан дүү Басил Ражапакса нар одоо Шри-Ланкад байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Ах дүү Ражапакса нарын засаглал 20 орчим жилийн турш Шри-Ланкад тогтохдоо өнөөдрийн эдийн засгийн гүн хямралын суурийг тавьсан гэж олон хүн үздэг юм.

 

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ