Түнхэл багийн дарга Х.Хүрэл-Эрдэнэ: Нара зөвшөөрөлгүй газар байшин барьж буй учраас сануулах хуудас өгсөн

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-08-03 04:23:03

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Түнхэл багийн Түнхэл тосгонд зөгийн аж ахуй эрхэлдэг М.Нарантуяа /дуучин Нара/-г нутгийн иргэд “Хэдэн ялаагаа аваад яв” гэж давшилсан талаарх мэдээ цахим орчинд түглээ.

Түүний аж ахуйг эсэргүүцэж хөөсөн гэгдэх Түнхэл тосгоны иргэд “Нарагаас тосгоноо аваръя” гэх хөдөлгөөн байгуулсан ч гэгдэж буй. Энэхүү мэдээллийг сонссон иргэд “Түнхэлийнхэн өөрсдөө яв, ажлын байр бий болгодог хүмүүсээ хөөлөө” хэмээн шүүмжилж байна. Бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн дарга Х.Хүрэл-Эрдэнээс асууж тодрууллаа.

-Танай нутгийнхан М.Нарантуяа үйлдвэрлэгчийг хөөж туусан гэх асуудал яригдаж байна. Энэ тал дээр танайх ямар байр суурьтай байна?

-М.Нарантуяа Батлан хамгаалах яамны, “Шонхор” зусланд зөгийн аж ахуйгаа эрхлэн амьдардаг. Харин “Шонхор” зуслангийн хажууд амины байшин барихаар сууриа цутгаад эхэлсэн. Гэхдээ барьж байгаа газар нь Шонхор зуслангийн харьяа газар гэсэн үг. БХЯ М.Нарантуяад тухайн газрыг эзэмшихийг зөвшөөрөөгүй байгаа юм билээ. Өргөдлөө газрын албанд өгөөд явж байгаа асуудал. Бид хуулийн дагуу л ажиллана шүү дээ. Санал гомдол бүх зүйлийг хүлээн авсан. Газраа өөрийн болгоогүй байж байшин барих ажиллагаа эхлүүлсэнд нь сануулах хуудас өгсөн байгаа.

-“Хэдэн ялаагаа аваад зайл” гэсэн гэдэг нь үнэн үү?

-Тийм зүйл юу гэж байх вэ. Худлаа. Ойр орчимд байдаг хэдэн иргэдтэй л маргаан үүссэнээс болсон юм шиг байгаа юм. Бидэнд тийм хөөж туух эрх байхгүй. Хөөсөн туусан хүн ч байхгүй. М.Нарантуяа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж яваа нь үнэн. Нийт Түнхэлчүүд гэсэнд иргэд бухимдаад байна. Газартай холбоотой хэрүүл маргаан гардаг. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ дэмжинэ үү гэхээс хөөж туух зүйл бол байхгүй.

-Газрын асуудал нь хэзээ шийдэгдэх юм?

-Батлан хамгаалах яам манай тосгон болон, сумын газрын алба руу байшин барихыг зөвшөөрөөгүй гэсэн бичиг явуулсан. Өөрсдийн эзэмшлийн газраас газар тасалж өгөөгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн.

-М.Нарантуяагийн хувьд танай хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ хэр их оруулдаг хүн бэ?

-Хандив, тусламж өгдөг нь үнэн. Мэдээж бүх л хүн хувь нэмрээ оруулах хэрэгтэй шүү дээ.

-Нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийг хэрхэн дэмжиж байна?

-Мэдээж дэмжилгүй яах вэ. Ажлын байр бүтээж байгаа иргэдээ аль болох л дэмжинэ. Харин хуулийн дагуу гэдгийг бол баримтална. Хууль зөрчиж болохгүй. Орж байгаа татвараар нь буцаад орон нутагтаа олон ч зүйл хийж байгаа шүү дээ. Би ирээд Түнхэл тосгон хөгжсөн, аялал жуулчлал цэцэглэсэн хэмээн өөрөө олон нийтэд өөрийгөө өргөж байгаа нь буруу.


Холбоотой мэдээ