Алла Пугачева ОХУ-даа харьж, шүүмжлэгчдэд хариу өгч эхэллээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-09-05 23:20:34

Украины дайн эхэлснээс хойш удалгүй Израилд очсон алдарт дуучин Алла Пугачева зургаан сарын дараа эх орондоо эргэн ирсэн нь Орост шуугиан тариад байгаа.

Түүний нөхөр Максим Галкин Украины дайныг хатуу шүүмжилсэн тул ОХУ-ын телевиз, театр, зар сурталчилгаанд тоглох боломжгүй болсон.

Галкин одоо АНУ-д концерт тоглохоор бэлтгэж байгаа бол Алла хүүхдүүдээ сургуульд нь оруулахаар Москвад ирсэн юм.

Хэдий дайныг шүүмжлээгүй ч Аллаг гадаадад гарсны дараа Орост маш ихээр шүүмжилсэн.

Гэхдээ Галкинаас ялгаатай нь Пугачеваг өмгөөлөх алдартан ч олон байсан билээ.


Телевизийн хөтлөгч  Владимир Соловьев “Энэ бүх хог новш яагаад Орост буцаад ирж байгаа юм бэ? 

Пугачева гэгч эргээд ирлээ. 

"Роллс-ройс" машины хаалгыг хөлөөрөө онгойлгож байгаа бичлэгээ цацаад л.

Бидэнд ном айлдаж, сургах гэж ирсэн юм яриад л.

Ард түмэн түүний талаар юу боддогоо хэдийн илэрхийлсэн байгаа.

Хэн нэгэн хүн хэзээ нэгэн цагт агуу хүн байсан бол түүхэн чухал үед чимээгүй суугаад байж таарахгүй.

Хүүхдүүдээ сургуульд оруулах гэж ирсэн гэнэ үү?

Нөхрөө юу ярьж байгааг нь сонсоогүй хэрэг үү?

Эсвэл мөнгө нь дуусаад хүрээд ирэв үү” гэж юүтүүб сувгаар ярьсан юм.

Хариуд нь Алла Пугачева “Володя их харамсалтай байна. Энэ их хорон санаа, бүдүүлэг байдлаасаа болоод тэсэрч, үхэж ч магадгүй шүү” гэж инстаграм хуудсараа дамжуулан хариуллаа.

Алдарт кино найруулагч Никита Михалков "Бесогон ТВ"-д ярилцлага өгөхдөө “Украин дахь тусгай ажиллагаа эхэлснээс хойш гадаадад гарсан дуучин, жүжигчид эх орныхоо өмнө байгуулсан гавьяагаа өөрийн гараар “устгасан” хүмүүс. 

Орост тэд хэрэггүй. 

Барууны суртал ухуулгад итгэж, ухаан нь хаагдсан хүмүүс” гэж хэлсэн юм. 

Мэдээж Алла Пугачева чимээгүй суусангүй. 

Хариуг нь тэр Михалковын найруулсан "Раба любви" киноны баатар Елена Соловеягийн хэлсэн “Ноёд оо, та бүхэн араатнууд юм. Та нарыг эх орон чинь хараах болно” үгээр хариу бариад “Сайхан кино. 

Сайн найруулагч. 

Харин сайн хүн Никита Сергеевич Михалков хаашаа алга болчихов?” гэж инстаграмдаа бичжээ.





Холбоотой мэдээ