SIM картгүй, хиймэл дагуултай холбогддог iPhone 14 загварыг танилцууллаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-09-11 02:11:42

Apple компаниас жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ iPhone танилцуулах арга хэмжээ “Far Out” нэрийн дор болж өнгөрлөө.

Энэ удаа тус компани дөрвөн хувилбар iPhone 14 ухаалаг гар утасны загвар, Apple Watch ухаалаг бугуйн цагны гурван загвар, хоёрдугаар үеийн AirPods Pro чихэвчээ шинээр танилцуулсан юм.

Мөн iOS 16 шинэ үйлдлийн системээ есдүгээр сарын 12-ноос эхлэн зах зээлд нэвтрүүлэхээр болжээ.

Ингээд эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй товч танилцъя.

 iPhone 14, iPhone 14 Plus


Өмнөх iPhone 13 загвар нь үндсэн (6.1 инч) болон Mini (5.4 инч) гэсэн хоёр хувилбартай гарч байсан бол энэ удаа Apple компани Mini хувилбарыг хасаад оронд нь 6.7 инч дэлгэцтэй Plus хувилбараар орлуулжээ.

iPhone 14 ба iPhone 13 загваруудын хувьд дизайн, хийцийн онцын том өөрчлөлт гараагүй байна. Гол өөрчлөлтүүд нь:

  • Crash Detection буюу осолд орсон тохиолдолд урьдчилж хадгалсан түргэн тусламжийн дугаарт автоматаар залгадаг тусгай мэдрэгч нэмэгдсэн
  • Emergency SOS via satellite буюу онцгой тохиолдолд ямар ч сүлжээгүй газраас хиймэл дагуулаар дамжуулан тусламж дуудах үйлчилгээ зөвхөн АНУ, Канадын хэрэглэгчдэд нэмэгдсэн. Энэ үйлчилгээний хоёр жилийн үнэ төлбөргүй эрх шинэ iPhone-ыг дагалдаж ирэх юм байна.
  • Камерын хувьд авто фокус сайжирч, гэрэл муутай орчинд илүү тод зураг авах чадварууд нэмэгдсэн
  • Батарей нь тасралтгүй видео тоглуулахад 26 хүртэл цаг ажиллах (iPhone 13-ын хувьд 19 цаг байдаг) багтаамжтай болсон
  • iPhone 13-тай адил A15 Bionic чипээр тоноглогдсон ч график процессорын 4 цөм нь 5 цөм болж нэмэгджээ. (5-core GPU)
  • eSIM буюу дижитал SIM карт зөвхөн хэрэглэдэг болсон тул бодит SIM карт хийх үүргүй болсон. Энэ тохиолдолд гар утсаа гээх буюу хулгайд алдахад өөр хүн SIM картыг нь сольж ашиглах боломжгүй болсныг Apple онцолжээ.

iPhone 14 нь $799-оос, iPhone 14 Plus нь $899-оос эхлэх үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авах гэнэ. Харин худалдаалж эхлэх хугацаа нь iPhone 14 есдүгээр сарын 16-н, iPhone 14 Plus аравдугаар сарын 7-н юм байна. 

iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max


Үндсэн iPhone 14 загвартайгаа адилхан 6.1 ба 6.7 инч хэмжээтэй iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max хувилбарууд технологийн хувьд хэд хэдэн дэвшлийг нэвтрүүлжээ.

Тухайлбал:

  • ProMotion технологи бүхий дэлгэц нь доош харуулж тавих, халаас, цүнхэнд явахаас бусад бүх тохиолдолд унтардаггүй Always-On горимтой болсон байна. Өөрөөр хэлбэл дэлгэцээ асааж, мэдээлэл харахын тулд тогших хэрэггүй болжээ.
  • Нүүрний камер, яригч зэргийг багтаадаг байсан дэлгэцийн дээд талын хар оруулгыг “Dynamic Island” хэмээх хүрээнээс салангид, дэлгэц дотор байрлах хар оруулгаар сольсон байна. Энэ нь дэлгэцэнд ирэх дуудлага, мэдээлэл, мессэж зэрэгтэй уялдаатай ажилладаг болсон тул iPhone-той харилцах шинэ хэлбэр гэж Apple нэрлэжээ.
  • 48 Мегапикселийн мэргэжлийн камерын систем нь өмнөх загвараасаа 65 хувийн том дүрс мэдрэгчтэй, оптик горимд 2 дахин илүү холоос татах чадвартай, гэрэл муутай орчинд дүрс тод буулгах чадвар нь Ultra Wide буюу өргөн өнцгийн горимд 3 дахин илүү, ердийн өнцгийн горимд 2 дахин илүү, Telephoto буюу алсын өнцгийн горимд 2 дахин илүү болжээ.
  • Энэ бүх дэвшлийн цаана цоо шинэ A16 Bionic чип ажиллаж байгаа юм байна.
  • Үндсэн iPhone 14 хувилбарын Crash Detection, Emergency SOS via satellite, eSIM only боломжууд адилхан нэмэгдсэн байна.

iPhone 14 Pro хувилбар $999, iPhone 14 Pro Max хувилбар $1,099-оос эхлэх үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авч, есдүгээр сарын 16-нд худалдаалагдаж эхлэх гэнэ.

Apple Watch Series 8, Apple Watch SE, Apple Watch Ultra


Apple компани энэ удаа ухаалаг бугуйн цагныхаа гурван загварыг шинээр танилцуулжээ.

Наймдугаар үеийн үндсэн Apple Watch нь дэлгэц дотроо болон ар талдаа байрлах биеийн температур хэмжигчүүдтэй болсон нь эмэгтэйчүүдийн жирэмслэх мөчлөгийг тооцоолж харуулах зорилготой юм байна. Уг цаг нь 5 секунд тутамд Цельсийн 0.1 хэмийн алхамтайгаар биеийн температурыг хэмжиж байх ажээ.

Бас осол гарсан тохиолдолд тусламж автоматаар дуудах горим, батарейн цэнэг багассан тохиолдолд хэмнэлттэй ажиллах горим нэмэгдсэн байна.

Apple Watch Series 8 загварын GPS хувилбар нь $399, үүрэн холбооны хувилбар нь $499-оос эхлэх үнээр өнөөдрөөс захиалгаа авч, есдүгээр сарын 16-наас худалдаалагдах гэнэ.

2020 онд хамгийн сүүлд танилцуулагдаж байсан Apple Watch SE загвар энэ онд эргэн ирэхдээ өмнөхөөсөө 20 хувиар хурдан S8 чиптэй, ослын горимтой болж сайжирчээ.

GPS хувилбар нь $249, үүрэн холбооны хувилбар нь $299 үнээр ижил хугацаанд худалдаалагдаж эхлэх гэнэ.


Apple-ийн цоо шинээр танилцуулсан Watch Ultra загвар нь экстрем спортын тамирчдад зориулагджээ. 49 мм-ийн хэмжээтэй титан эх бие нь гаднын хүчний нөлөөнөөс хамгаалах зориулалттай. Спортын төрөл хооронд шилжих тусгай товчоор тоноглогджээ. Нэг бүрэн цэнэглэлтээр 36 хүртэл цаг ажиллах батарейтай ба энэ оны сүүлээр Apple батарейн зарцуулалтыг оновчтой болгох боломжийг нэмснээр ашиглалтын хугацаа нь 60 цаг хүртэл уртсах гэнэ.

Watch Ultra нь $799 үнээр өнөөдрөөс захиалгаа авч, есдүгээр сарын 23-наас худалдаалагдах юм байна.

AirPods Pro 2nd generation


Хоёрдугаар үеийн AirPods Pro чихэвч шинэ H2 чиптэй болж, дуу авиаг орон зайн мэдрэмжтэй (spatial audio) сонсгож, гаднын шуугианыг өмнөхөөсөө хоёр дахин сайн дардаг болжээ.

Нэг бүрэн цэнэглэлтээр зургаан цаг, цэнэглэгч хайрцагтайгаа бол 30 хүртэл цаг хөгжим сонсох боломжтой. Бас чихэвч бүр болон цэнэглэгч хайрцаг тус бүрдээ чанга яригчтай болсон тул Find My апп ашиглан хаана байгааг нь мэдэж болохоор болжээ.

AirPods Pro $249 үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авч, есдүгээр сарын 23-наас худалдаалагдах гэнэ.

 “Far Out” арга хэмжээг 30 минутад багтаан хураангуйлсан дүрс бичлэг:


Холбоотой мэдээ