​Х.Нямбаатар: Борис Жонсоны дүүтэй уулзсан, сэтгэл хангалуун буцсан

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-13 02:56:14

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, дэд сайд Б.Солонгоо, гадаадын улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайд нар, холбогдох төрийн байгууллагын удирдлагууд оролцов.

Хэлэлцүүлгийг нээж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Гаднын хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй зүйл их байна. Үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж буй хууль, тогтоомж журмаа гадаадын хөрөнгө оруулагчдад маш ойлгомжтой, энгийн байдлыг бүрдүүлэх нь чухал боллоо. Өнгөрсөн жилүүдэд бид гадаадын хөрөнгө оруулагчдын виз олголтын нөхцөлийг сайжруулж өгсөн. Цаашдаа цахимаар визээ олгож, тоон гарын үсэг олгох замаар илүү боловсронгуй болгоно. Илүү их цахимжих тусам хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж харж байна. Ер нь хууль хэрэгждэггүй, хуулиас давсан нэг удаагийн улс төрийн шийдвэр гаргаад байдаг нь гаднын болон дотоодын эрх ашгийг зөрчиж байна. Үүнээс татгалзах ёстой” гэлээ.


Гадаад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас гадаадын шууд хөрөнгө оруулалтад тулгамдаж буй асуудлуудыг ирүүлжээ.


Үүнд гадаад хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, олон нийтийн ойлголт, ил тод байдал, хөрөнгө оруулалт татсаны дараах үйлчилгээ муу байдгийг дурдсан байна. Тодруулбал,

-Хөрөнгө оруулалтын бодлогыг тогтвортой хэрэгжүүлдэг газаргүй. Байнга солигдож, залгамж чанар алдагддаг.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийг хэн хянаж, анхаарал тавьдаг нь тодорхойгүй.

-Иргэд нь гадаадын хөрөнгө оруулалтыг газар ухах гэж байна, хамаг баялаг гадагшаа гаргах гэж байна гэсэн буруу хандлагаар хардаг.

-Нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулалтыг тогтвортой хэрэгжүүлж чаддаггүй.

-Анх хөрөнгө оруулах гэж буй хүмүүст зориулсан гадаад хэл дээрх мэдээ мэдээлэл хомс.

-Татварын орчин ойлгомжгүй. Төлж буй татварыг хэрхэн тооцоолж байгаа нь тодорхойгүй.

-Гомдол маргааныг шийдвэрлэх процесс удаан. Гаргасан гомдол маргаан нь аль шатандаа явж байгаа нь тодорхойгүй, чирэгдэлтэй.

-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан тогтолцоо байхгүй. Энэ нь шинээр орж ирэх гэж буй хөрөнгө оруулагчдад нөлөөлдөг.

-Төрийн байгууллагууд хянан шалгахдаа нэг асуудлаар давхардаж дахин дахин шалгадаг зэрэг асуудлыг голчлон дурдсан аж.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Оюу толгойн хөрөнгө оруулалтаас хойш сүүлийн 10 жилийн хугацаанд томоохон хөрөнгө оруулалт орж ирээгүйг онцлов.


Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хэрэгт дөрвөн иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна



Ерөнхий сайдын захирамжаар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулжээ. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ингээд мөнгө угаасан, хохирол ихтэй залилж мэхэлсэн гэх үндэслэлээр гадаадын хоёр, монголын хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна. Хоёр иргэнийн интерполын улаан буланд, хоёр иргэнийг хөх буланд зарлан, эрэн сурвалжилж буй юм.

Түүнчлэн Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсон нь 2016 онд Хонгконгт бүртгэлтэй “GRF2” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймаг дахь “Засаг Чандмань Майнз” компанийн уул уурхайн төсөлд 17 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байв. Гэвч “Засаг Чандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох нь хуурамч компани байгуулж, туслан гүйцэтгэх ажил, тоног төхөөрөмж нийлүүлэх нэрийдлээр хөрөнгө оруулагчдын мөнгийг хувьдаа завшсан байдаг. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга Ц.Ням-Очир холбогдох мэдээллийг өгөв.

Тэрээр “Д.Буянтогтох нь тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас оргон зайлж, АНУ-д оршин сууж байгаа нь тогтоогдсон. Эрх бүхий байгууллагаар дамжуулан түүнийг шилжүүлэн авах хүсэлтийг хүргүүлсэн ч АНУ-тай “Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулаагүй тул шилжүүлэх боломжгүй болсон. Иймээс үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна” гэлээ.

Харин энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Миний бие Марк Жонсонтой уулзсан. Хэрэгт холбогдсон Д.Буянтогтох оргон зайлсан тул хэрэг удаашралтай байна. Бид Марк Жонсонд хоёр зүйлийг сайн ойлгуулсан. Нэгд, таны эрх ашгийг хөндсөн байж болзошгүй иргэний хөрөнгө хамгаалах ажлыг сайн хийсэн. Хоёрт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таны хохирлыг барагдуулах боломжит хувилбаруудыг хэрэг холбогдогч талтай ярилцана гэж хэлсэн. Марк Жонсон сэтгэл хангалуун буцсан” гэх мэдээллийг өгсөн юм.

Гадаадын хөрөнгө оруулагч нар эцсийн өмчлөгчөө бүртгүүлэхгүй байх нь элбэг 

Үргэлжлүүлэн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой найман төрлийн бүртгэл байдаг. Монголд 9349 гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна. Улсаар нь ангилбал, БНХАУ 53 хувийг, БНСУ 16 хувийг, Япон таван хувь, ОХУ таван хувийг эзэлж байгаа юм. УБЕГ-аас хяналт шалгалт хийхэд найман улирал дараалан санхүүгийн тайлангаа өгөөгүй, эцсийн өмчлөгчөө бүртгүүлээгүй тохиолдол их байна. Тодруулбал, 173 гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д шалгалт хийхэд 43 хувь нь найман улирал дараалан санхүүгийн тайлангаа мэдүүлээгүй, 62 хувь нь эцсийн өмчлөгчөө бүртгүүлээгүй байгаа юм. Мөн шалгалтад орсон 173 байгууллагаас 81 нь л нийгмийн даатгал, татвараа төлдөг байсан” хэмээх мэдээллийг өгөв.

Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэсэн байна. Хуулийн төслөл боловсруулах ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалжээ. Хуулийн төслийг ирэх намрын чуулганд өргөн барина.



Дэд сайд Б.Солонгоо хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Танилцуулгаас онцлох өөрчлөлтүүдийг хүргэе.

-Гадаадын хөрөнгө оруулалттай ААН гэх нэр томъёог тодорхой болгоно.

-Хөрөнгө оруулалтыг ямар салбарт дэмжихийг тодорхой болгоно.

-Татварын дэмжлэг, хөнгөлөлт бодитой хэрэгждэггүй. Тиймээс татварын талаарх заалтуудыг татварын хуулиудтай нийцүүлнэ. Процессыг ойлгомжтой болгоно.

-Захиргааны чанартай маргаан их гардаг. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан, маргаан шүүх рүү шилжихээс өмнө харилцан тохиролцох боломжтой болгоно.

-Төрийн эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдэлд хариуцлагын асуудлыг тодорхой болгоно.

-Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан агентлаг байгуулна.

-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах баталгааг ОУ-ын гэрээнд тусгагдсан үндсэн зарчимтай уялдуулна.

-Ашигтай ажиллавал татвар төл гэдэг зарчим баримтална. Харин ашиг олоогүй бол татвар төлөх шаардлага байгаа юу гэдгийг судалж байна.

Хуулийн төслийн танилцуулгын дараа хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хуульч, худалдааны танхимын төлөөлөгч нар саналаа хэлэв.

Европ-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим



Уул уурхайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үед татвар янз бүрээр тавигддаг. Хэрхэн тооцож, үнэлж байгаа нь тодорхойгүй байна.

-Шүүхийн процесс удаан явагддаг. Хөрөнгө оруулагч ойлгомжтой асуудлаар шүүхэд ханддаг. Шүүхэд хандсан газар нь тэмдэгтийн хураамж төлдөг. Энэ хураамжийг буруутай тал нь төлдөг байх хэрэгтэй.

-Иргэд гадаадын хөрөнгө оруулагч нарыг монголын баялгийг аваад явах гэж байна гэсэн хандлагатай байдаг. Үүнд зориулсан сурталчилгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай.

Хуульч Ж.Эрхэмбаатар:



-Иргэн татвараа төлөөд хөрөнгө оруулагч болох боломжгүй. Заавал компани байгуулах шаардлагатай байдаг.

-Иргэн хуулийн этгээд байгуулсан ч бай, байгуулаагүй ч бай хөрөнгө оруулаад бизнес эрхлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй.

-Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хувьцаат компани хоёрыг нэг хуулиар зохицуулах нь зохимжгүй юм.



Холбоотой мэдээ