Р.Эмүжин: Жавхлаан, Дарханы зам чинь дашийн шог, төгрөгийн ханш ч төөрсөн шог...

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-19 13:23:35

Р.Эмүжин: Жавхлаан, Дарханы зам чинь дашийн шог, төгрөгийн ханш ч төөрсөн шог...


Тэгээд бүр чи өөрөө мэдэхгүй чадахгүйн шог цаашаа юм болоод байна аа. Төрийн дуулал эгшиглэж байхад хоёр гараа халаасандаа чихчихээд зогсож байдаг энэ хүн Дарханы тойргоос хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон. 1997-2016 он хүртэл энэ хэдэн банкыг тойрч томхон албатай явсан, одоо бол Сангийн сайд, УИХ-ын гишүүн. Мэдэгдлүүд нь дефолт тойроод л эргээд байдаг, эвгүй гар. Нэг болохоор бид энэ янзаараа бол дефолт зарлана гээд занхайгаад хэвтчихнэ. Нөгөө болохоор дефолт хэзээ ч болохгүй гээд бондойгоод зогсчихно. МУИС-ийг эдийн засагчаар төгссөн, дараа нь АНУ-д нэг жил хэлний бэлтгэлд, банкны бэлтгэлд дахиад нэг жил сурсан, гэхдээ өнгөрсөн зуунд гэдгийг онцлоё. Өнгөрсөн долоо хоногт Дарханы зам цементгүй үхлээ, импортын цементийн татварыг он дуустал тэглэлээ гэж дархлаагаа өсгөх агуулгатай мэдэгдэл хийгээд Засгийн газрыг төлөөлөн, төөрдөг байшинд барилгын салбарыг шидчихсэн нөхөр дөө. За тэгвэл Жавхлаан, Дарханы зам чинь дашийн шиг болсон. Яагаад вэ гэж үү? Цемент үйлдвэрлэж байгаа МАК, Монцемент хоёр импортын цемент хэмжээ хязгааргүй цутгана гэж болгоомжлоод үйлдвэрлэлээ 50 хувь багасгасан мэдээ байна. Тэдний зөв, юу гээд л өвөлжин хадгалах гээд өчнөөн хохирол хүлээгээд зогсож байдаг юм. За тэгвэл нөгөө чиний чихэр долоолгоод байсан Хятадын цемент чинь төмөр зам, вагоны зардал, тэнд зарагдаж байгаа үнэ, ашиг зэргээ тооцоод энд ганц тонн нь 600 мянга гарах төлөвтэй болоод явчихлаа. Нэг вагон ачаа 25 сая төгрөгөөр наашаа ирнэ гээд бодоод үзээрэй. "Монголд тонн цементийг 1500 юанаар зарахгүй бол бид алдагдал хүлээх гээд байна" гээд сайн ах нар чинь сайварланхан жороолж байна даа. Юанийн ханш тун удахгүй 500 шүргэх нь. Уг нь үндэсний үйлдвэрүүд чинь нэг тонныг нь 300-350 мянгад нийлүүлээд болоод байсан юмсан. Ингээд эдийн засагч таны залж чиглүүлснээр өөрийн чинь хошгируулан байж хоёронтоо сонгогдсон Дарханы зам чинь дашийн шог, энэ улсын Барилгын салбар баларсан шог, чи өөрөө чичирсэн шог боллоо. Ингэхэд байна аа, долларын ханш 3500 төгрөгт хүрэх нь. Мэдэхгүй чадахгүйн шог чинь харин арван жилдээ арагшаа чангаах чиргүүл болоод улсын эдийн засгаас улдаж зүүгдээд хэцүү байна даа. Чамд зөвлөхөд, гайны бага, газрын ойр дээр гадагшаа явж сур, мэдлэг боловсролоо дээшлүүл, ковидын дараах шинэ хуваарилалтын өмнө зогсож байгаа дэлхий ертөнцтэй танилц за. Улсын төсөв захиран зарцуулж, Засгийн газрын эдийн засгийн бодлогыг чиглүүлж залахад арай л хуучдаад, худлаа чинь ихдээд, чадал чинь жулдаад, чансаа чинь хуга яваад байна!

Холбоотой мэдээ