Ху Жинтаог танхимаас гаргахын өмнө болсон үйл явдлын бичлэгийг дэлгэжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-10-26 02:27:46

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаог Хятадын Коммунист намын их хурлын үеэр танхимаас албадан гаргасан. Харин энэ үйл явдлын өмнө юу болсныг харуулах бичлэг интернэт орчинд цацагджээ. 

Шинээр тавигдсан бичлэгт Ху Жинтаогийн зүүн талд сууж байсан Улс төрийн товчооны гишүүн Ли Жаньшу түүнээс бичиг баримттай хавтсыг нь аваад ямар нэг зүйл хэлжээ. Дараа нь Хятадын тэргүүн Ши Жинпин нэг хүнд заавар өгтөл тэр нь Ху Жинтаог танхимаас гаргасан байна. 

Ли Жаньшу босоод Ху Жинтаод туслах гэтэл дэргэд нь сууж байсан Ван Хунин түүнийг татаад буцаагаад байранд нь суулгажээ. Тэр үед Ху Жинтао Ши Жинпинд ямар нэг зүйл хэлсэн байна. Чуулганд сууж байсан бусад гишүүд эргэж ч хараагүй аж.

Хятадад ийм хэмжээний албан ёсны томоохон үйл ажиллагааг маш сайн найруулан зохион байгуулсан байдаг тул Ху Жинтаод тохиолдсон явдлыг нийтээрээ ярианы сэдэв болгожээ. Нэг хэсэг нь Ши Жинпин хүмүүст Ху Жинтаогийн эрин үе дууссаныг харуулж буй дохио гэсэн бол нөгөө хэсэг нь 79 настай Хятадын дарга асан Ху Жинтаогийн бие тааруу байсан гэж таамаглажээ. Коммунист намын Study Times сонины редактор асан Дэн Ювэн "Ху Жинтаод уншиж болохгүй бичиг баримт өгсөн гэх үндэслэл байхгүй" гэжээ. 

Зарим нь үүнийг улс төрийн жүжиг гэж нэрлэж байна. 2003-2013 онд төрийн эрхийг барьж байхдаа Ху Хятад улсыг дэлхийд нээлттэй болгож байсан бол Ши улс орноо улам хаалттай болгож байгаа тухай ч мөн бичжээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian


Холбоотой мэдээ