Твиттерийн ажилтнуудад “цаг наргүй ажиллах”, эсвэл “явах” хоёр сонголтыг Илон Маск тулгажээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-11-17 11:07:16

Твиттер компанийг худалдаж аваад удаагүй байгаа тэрбумтан Илон Маск ажилтнууддаа хоёр сонголт тулгасан тухай АФП агентлаг тус компанийн дотоод эх сурвалжаас олж авснаа мэдээлжээ.

Тодруулбал Маск энэ долоо хоногийн Пүрэв гарагт багтаан маш өндөр ачаалалтай ажиллахыг хүлээн зөвшөөрөх, эсвэл компаниас явах хоёр хувилбарын нэгийг сонгохыг ажилтнууддаа тулгасан байна.

Тэрбээр тус компанийг $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш шүүмжлэл дагуулсан нэлээд шинэчлэлт хийхийг оролдож байгаа.

Тухайлбал компанийн нийт 7,500 орчим ажилтны талыг цомхотголд хамруулж, гэрээсээ ажиллах горимыг зогсоосон юм.

Мөн компанийн платформд томоохон шинэчлэлт нэвтрүүлж, бизнес загварыг нь эрс өөрчлөхөөр ажиллаж байгаа.

Үүний улмаас Твиттер компанийн ажилтнуудын дунд шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн юм.

“Цаашид Твиттер 2.0-ийг бүтээж, улам бүр өрсөлдөөнтэй болж буй ертөнцөд амжилт олохын тулд бид маш шаргуу ажиллах хэрэгтэй. 

Энэ нь олон цагаар, өндөр эрчимтэй ажиллана гэсэн үг. 

Зөвхөн онцгой гүйцэтгэлийг л ажлын байранд үлдэх шалгуур болгоно” гэж Маск ажилтнууддаа мэдэгдсэн байна.

Тэрбээр Нью-Йоркийн цагаар Пүрэв гарагийн 17:00 цагаас өмнө “шинэ Твиттер”-т ажиллах эсэхээ мэдэгдэхийг бүх ажилтнуудад даалгажээ.

Хэрвээ хариу өгөхгүй болон зөвшөөрөөгүй бол халагдсанд тооцож, гурван сарын цалинг олгоод явуулахаар болсон байна.

Мягмар гарагт Илон Маск баталгаажуулалтын тэмдгийг сарын $8-ын хураамжтай болгох өөрчлөлтийг энэ сарын 29-нд нэвтрүүлэхээр хойшлуулснаа мэдэгдсэн юм.

Өчигдөр тэр Твиттер компанийн дотоод бүтцийг энэ долоо хоногт багтаан өөрчилснийхөө дараа өөрийн оролцоог бууруулж, шинэ хүнээр удирдуулах тухай ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ