АНУ-ын засаг захиргаа лабораторид ургуулсан тахианы махыг хүнсэнд хэрэглэх зөвшөөрөл өгчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-11-18 11:34:22

Лабораторид ургуулсан махыг хүмүүсийн хүнсэнд хэрэглэх анхны зөвшөөрлийг АНУ-ын засаг захиргаа үйлдвэрлэгчид нь өгсөн байна.

Upside Foods компани энэхүү махыг амьд тахианаас авсан эсийг лабораторид ургуулах замаар бий болгожээ.

Компанийн хүсэлтийг удаан хугацаанд нарийвчлан судалсны эцэст АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг Эрхлэх газар FDA (Food and Drug Administration) хүнсэнд хэрэглэхэд аюулгүй гэж үзээд зөвшөөрөл өгсөн байна.

Upside Foods компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ума Валети “Бид эргэлзээгээр дүүрэн ертөнцөд Upside компанийг байгуулж байсан бол өнөөдөр бид таримал махны зөвшөөрлийг FDA-аас авсан анхны компани болж түүхэнд дахин бичигдлээ” гэж мэдэгджээ.

Гэхдээ тус компани одоо бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэхийн өмнө нь АНУ-ын хөдөө аж ахуйн яаманд үйлдвэрээ шалгуулж, үнэлүүлэх ёстой юм байна.


Дэлхийн ус бэлчээрийн нөөцийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой хэд хэдэн стартап компани таримал мах үйлдвэрлэх чиглэлд ажиллаж байгаа.

Хэрвээ хүн төрөлхтөн ийм махыг хүнсэндээ өргөн хэрэглэдэг болбол манай гарагийн байгаль орчинд учруулдаг дарамт 80 хувиар буурахыг эрдэмтэд тооцоолсон байдаг.

Upside Foods компанийн өрсөлдөгч Eat Just компани амьтны булчингийн эсийг лабораторид ургуулах замаар таримал мах үйлдвэрлэх зөвшөөрлийг 2020 онд Сингапурын эрх баригчдаас авч байжээ.

Одоогоор “Цэвэр мах”-ны салбарын хоёр том төлөөлөгч нь Израилын Future Meat Тechnologies, АНУ-ын Impossible Foods хоёр юм.

Impossible Foods-ийн ургамлаас гаргаж авсан махтай хавчуургатай талх Impossible Burger 2016 онд АНУ-д худалдаанд гарсан нь өнөөдөр хүмүүсийн хэрэглээнд амжилттай нэвтрээд байна.

 Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ