Б.ГАНХУЯГИЙН НҮҮРСНИЙ АВЛИГЫН МӨНГӨӨ УГААСАН СХЕМ-I

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-13 09:39:09
    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Зөвлөх С.Энхтөр,  “Саксесс Райдер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин болон “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, Ерөнхий менежер М.Хүрэлбаатар нарын найман хүнийг АТГ-аас баривчлан шалгаж буй. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал” ХХК-иас асар их хэмжээний авлига авч, авлигын мөнгөөрөө хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан орон сууц, оффисын барилга болон хаус хороолол барьж, мөнгө угаах маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж ийнхүү шалгаж байгаа юм. 
 
Бид өмнөх дугаартаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хамт түүний төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нарыг яагаад баривчилсан баримтыг дэлгэсэн. Тодруулбал, Б.Ганхуягийн хүргэн П.Пүрэвдорж нь 2019 онд “Бест хаус констракшн” ХХК-ийг байгуулж, улмаар Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн “Жаргалант вилла” нэртэй 22 хаус барьж, 17 орчим тэрбум төгрөгөөр худалдсан. Хувийн жижигхэн цэцэрлэг ажиллуулдаг байсан Б.Нарантуяа, Д.Пүрэвдорж нар 2019 онд буюу ганцхан жилийн дотор гэнэт ийнхүү хөрөнгөжиж, хаус хорооллын эзэд, тэрбумтнууд болж хувирсан нь хууль хяналтынхны анхааралд өртсөн. Улмаар тэднийг Б.Ганхуягийн авлигын мөнгөөр хаус хороолол барьж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж АТГ-аас баривчлаад байгаа юм. 
Тэгвэл энэ удаад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хамт түүний эхнэр П.Бадамханд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Зөвлөх С.Энхтөр, “Саксесс райдер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин болон “Хишиг арвин индустриал” ХХК-ийн удирдлагуудыг яагаад баривчилсан баримтыг дэлгэж байна. Энэ бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нүүрсний авлигын мөнгөө угаасан илүү ноцтой схем юм. 
 
Б.ГАНХУЯГ, ЗӨВЛӨХ С.ЭНХТӨР НАР “ЭЛГЭН” ХХК, “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК-ИУДАД ТЕНДЕР ӨГЧ, АВЛИГА АВЧ ЭХЭЛСЭН НЬ
 
     “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хамт баривчлагдан хоригдож буй С.Энхтөр нь түүний зөвлөхөөр ажилладаг, хамаг хорыг хамт хутгалцдаг нэгэн байжээ. Өөрөөр хэлбэл, тэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг нүүрсний биш авлигын уурхай болгосон гол хамтрагчид аж. Ингэхдээ, Б.Ганхуяг, С.Энхтөр нар хайгуул, өрөмдлөгийн тендерүүдийг “Элгэн” ХХК-д, хөрс хуулалт, олборлолтын тендерүүдийг “Хишиг арвин индустриал” ХХК-д давуу байдлаар өгч, хариуд нь авлига авч байсан хэрэг нь АТГ-т шалгагдаж байгаа. Хамгийн ноцтой нь, “Элгэн” ХХК нь Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөрийн шууд хамааралтай компани байсан байх ажээ. 
 
Баримт 1: Б.Ганхуяг ба “Элгэн” ХХК
 
     Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөр нь “Титэмт саян трейд” ХХК-тай хамтран “Ханбогд рийл истэйт” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Харин “Титэмт саян трейд” ХХК-ийг Уртнасангийн Хүрэлбаатар, Чойжилванчигийн Цогтбаяр нар эзэмшдэг. У. Хүрэлбаатар, Ч. Цогтбаяр нар нь “Титэмт саян трейд” ХХК-иас гадна “Элгэн” ХХК-ийг мөн хамтран эзэмшдэг юм байна. Гэтэл Б.Ганхуяг өөрийнхөө зөвлөх С.Энхтөрийн шууд хамааралтай “Элгэн” ХХК-д “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хайгуул, өрөмдлөгийн хэдэн тэрбумаар үнэлэгдэх санхүүжилттэй бүх тендерүүдийг өгдөг байжээ. 
 
Тухайлбал, “Элгэн” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 
 
-“Тавантолгойн ордын бусад хэсгийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 9.3 тэрбум төгрөгийн тендер,
-“Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 8.0 тэрбум төгрөгийн тендер,
-“Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг”-ийн ажил гүйцэтгэх 1.6 тэрбум төгрөгийн тендерийг тус тус авч, Б.Ганхуягтай гэрээ байгуулжээ. 
 
Хамгийн ноцтой нь, хамгийн сүүлийн, хамгийн том буюу 69 тэрбумын гэрээ нь энэ онд байгуулагдсан. Тодруулбал, “Элгэн” ХХК энэ онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 69 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх  ажил”-ын тендерийг авч, Б.Ганхуягтай гэрээ байгуулж, тэр гэрээгээ улсын нууцад оруулсан байгаа юм. Товчхондоо, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг зөвлөх С.Энхтөрийнхөө хамаарал бүхий “Элгэн” ХХК-д бүхий л том төсөвтэй тендерүүдээ өгч байжээ. 

Баримт 2: Б.Ганхуяг ба “Хишиг арвин индустриал” ХХК
 
    Б.Ганхуяг, С.Энхтөр нар “Хишиг арвин индустриал” ХХК-ийг “Эрдэнэс тавантолгой” ХК-иар ёстой л эрхлүүлжээ. Өөрөөр бол, Б.Ганхуягийг гүйцэтгэх захирал байх үед “Хишиг арвин индустриал” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг “эзэгнэж” байсан нь баримттайгаа үлдсэн байна. 
 
Тодруулбал, 
 
-“Хишиг арвин индустриал” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил”-ын 796 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, Б.Ганхуягтай гэрээ байгуулсан. 
 
-“Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болох “Монголиан контракт майнинг сервис” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгой ордын Бор тээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил”-ын 715 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, Б.Ганхуягтай гэрээ байгуулсан. 

Зөвхөн энэ хоёр гэрээгээр л гэхэд Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1.5 их наяд төгрөгийг “Хишиг арвин индустриал” ХХК-д өгсөн байгаа юм. Энэхүү 1.5 их наяд төгрөгийн цаана олон тэрбум төгрөгийн авлигын асуудал яригдаж буй учраас “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, Ерөнхий менежер М.Хүрэлбаатар нарыг Б.Ганхуяг, С.Энхтөр нартай хамт баривчлаад буй юм. 
 
Авлигаас гадна хамтарч ашиг хүртдэг байсан байж болзошгүй хэрэг ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Тухайлбал, “Хишиг арвин индустриал” ХХК нь Б.Ганхуягтай үгсэн хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас нүүрс авч, Хятадын компаниудад дамлан зарж, асар их хэмжээний ашиг хүртэж, олсон ашгаа Б.Ганхуяг, С.Энхтөр нартай хуваадаг байсан гэх мэдээлэл бий. 
 
Б.ГАНХУЯГ, С.ЭНХТӨР НАР НҮҮРСНИЙ АВЛИГЫН МӨНГӨӨ УГААЖ ЭХЭЛСЭН НЬ
 
      “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, зөвлөх С.Энхтөр нар “Элгэн” ХХК, “Хишиг арвин индустриал” ХХК тэргүүтэй нүүрсний компаниудад давуу байдал олгосныхоо хариуд авсан авлигын мөнгөө цэвэр мөнгө болгохын тулд “угааж” эхэлжээ. Ингэхдээ Б.Ганхуяг зөвлөх С.Энхтөрийнхөө ах С.Энхтүвшингийн “Саксесс райдер” ХХК-ийг ашигласан аж. 
 
Тодруулбал, Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөрийн ах С.Энхтүвшингийн “Саксесс райдер” ХХК нь ХУД-ийн нутаг дэвсгэр, Үндэсний олимпын хорооны хойно “Rigas place” гэх нийт 20 давхар, 1-5 давхартаа худалдаа үйлчилгээ, 6-11 давхартаа оффис, 12-20 давхартаа орон сууц бүхий өндөр зэрэглэлийн барилга барьжээ. Хотын А зэрэглэлийн бүсэд, дээрээ нисдэг тэрэгний зогсоолтой, өндөр зэрэглэлийн 20 давхар барилга барихад хэчнээн тэрбум төгрөг шаардлагатай болдгийг мэдэхгүй юм. Ямартай ч энэ асуултад хариулт өгөхөөр “Саксесс райдер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин нь өдгөө Б.Ганхуяг, дүү С.Энхтөртэйгөө хамт баривчлагдаад буй. 

Б.ГАНХУЯГИЙН ЭХНЭР П.БАДАМХАНД “RIGAS PLACE”-ИЙН ОФФИС, ОРОН СУУЦУУДЫГ БОРЛУУЛЖ БАЙГААГ БАРИГДСАН НЬ
 
      С.Энхтөрийн ах С.Энхтүвшингийн “Саксесс райдер” ХХК нь “Rigas place” барилгыг барьж байхтай зэрэгцээд борлуулалтын ажил нь эхэлжээ. Хамгийн ноцтой нь, борлуулалтын ажлыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд гүйцэтгэхээр болжээ. 
 
Тодруулбал, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд өнгөрөгч 2021 оны зургадугаар сарын 4-нд өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Пеарл пропертиз” ХХК-ийг байгуулжээ. Улмаар “Пеарл пропертиз” ХХК-иараа дамжуулан “Rigas place” барилгыг худалдаа, үйлчилгээний талбай, оффис, орон сууцуудыг борлуулж эхэлжээ. Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд “Пеарл пропертиз” ХХК-иараа “Rigas place” барилгын 3 давхарт үйлчилгээний талбай, 4 давхарт оффис, 13, 17, 19 давхарт орон сууц худалдан гэсэн зар байршуулсан байгааг баримт болгон хавсаргалаа. 



Түүнчлэн, “Rigas place” барилгын “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Хишигдоржийн нэр ч холбоотой яваа. Тухайлбал, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Хишигдорж “Rigas place” барилгаас олон орон сууц авсан нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. 
Эцэст нь, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, зөвлөх С.Энхтөр, түүний ах “Саксесс райдер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нарын барьж, борлуулж байсан “Rigas place” барилгын худалдаа, үйлчилгээ, оффисын 1 м2 нь талбай нь 10.0 сая төгрөгийн үнэтэй. 150 м2 талбайг л гэхэд 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг гэхээр ямар их мөнгө “угааж” байсан нь ойлгомжтой биз ээ. 
     Бид дараагийн дугаартаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн М.Хишигдорж нарын Нүхт дэх орон сууц, хаус хосолсон хорооллын тухай баримтыг дэлгэх болно. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Холбоотой мэдээ