Нэр бүхий компаниас 2.7 тэрбумын хахууль авч, мөнгө угаасан Т.Мөнхбаярт 8 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-20 23:17:43

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Т.Мөнхбаяр нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компаниас 2.7 тэрбум төгрөгийн хахууль авч, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон байна. 

Тодруулбал, "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан,

  • “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь Салхитын мөнгөний ордод “Хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Энхтүвшинээс нийт 1 тэрбум 455 сая 603 мянга 225 төгрөгийг,
  • мөн ордод “Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Аглаг Хангайн Уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас 1 тэрбум 257 сая төгрөгийг хахуульд авч бусдад давуу байдал бий болгосон байна.

Улмаар эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

22.4 дүгээр зүйл. Хахууль авах

2.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Холбоотой мэдээ