БРЮС УИЛЛИСИЙН ӨВЧИН ОНОШЛОГДСОНООС ХОЙШИХ АМЬДРАЛЫГ ТҮҮНИЙ ЭХНЭР ЯРЬЖЭЭ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-03-23 11:43:24

Сэтгэцийн хомсдолтой гэж оношлогдоод удаагүй байгаа жүжигчин Брюс Уиллисийн эхнэр, түүний төрсөн өдрөөр түүний өвчин гэр бүлийн амьдралд хэрхэн хүндээр тусч байгаа талаар ярьж, дэмжигч шүтэн бишрэгчдэд нь талархал илэрхийлжээ.

Уиллис тархины дух-чамархайн деменци өвчнөөр оношлогдсон ба өвчний энэ өвөрмөц хэлбэр нь зан байдал, хэл ярианы бэрхшээл үүсгэдэг бөгөөд эмчлэгдэх боломжгүй өвчин юм. Жүжигчний төрөл төрөгсөд олон нийтийн анхаарлыг энэ өвчинд хандуулахын тулд түүний оношийг олон нийтэд зарлахаар шийджээ.

Түүний 68 насны төрсөн өдрөөр эхнэр Эмма Хэминг Уиллис Инстаграм хуудсандаа нийтлэл бичиж, нөхрийнх нь өвчин гэр бүлд нь хүнд тусч байгаа тухай дагагч нартайгаа хуваалцжээ.

44 настай Хэминг Уиллис "Би өглөөг нулимстай эхэлсэн. Энэ нь миний хавдсан нүднээс харагдаж байгаа байх. Та нар бидэнд болж буй үйл явдлыг бүх талаас нь харах нь чухал гэж бодож байна. Надад хүмүүс: "Өө, чи үнэхээр хүчтэй юм. Таныг яаж даван туулж байгааг би төсөөлж ч чадахгүй байна гэж хэлдэг". Гэхдээ надад өөр сонголт байхгүй. Сонголт байсан болоосой гэж хүсэж байна. Би одоогийн нөхцөлдөө хоёр хүүхдээ бас өсгөж байна" гэж Брюс Уиллисийн эхнэр хэлжээ. Тэрээр ийм видео бичлэг хийх нь түүнд амаргүй байна гэж нэмж хэлээд, тэрээр үүнийг зөвхөн өөрийнхөө төлөө биш, харин тэдний гэр бүлд халуун дулаан, хайрыг мэдрүүлдэг нөхрийнхөө шүтэн бишрэгчдийн төлөө хийж байгаагаа илэрхийлжээ.

"Заримдаа амьдралдаа чи насанд хүрсэн хүн шиг биеэ авч явах шаардлага гардаг, одоо би тэгж байна. Гэхдээ өдөр бүр гунигтай, өдөр бүр алдах мэдрэмж байдаг. Өнөөдөр түүний төрсөн өдрөөр би үүнийг маш ихээр мэдэрч байна" хэмээн Хэминг Уиллис хуваалцжээ. 

Түүний хуучин эхнэр жүжигчин Деми Мур ч мөн инстаграмдаа Брюс Уиллист баяр хүргэсэн бичлэгээ нийтэлжээ. Бичлэгт Мур насанд хүрсэн гурван охиныхоо хамт инээмсэглэж буй Уиллист "Төрсөн өдрийн мэнд хүргэе" дууг дуулж, төрсөн өдрийн бялуу өгч байгаа харагдана.

Брюс Уиллис 2-р сард уг өвчнөөр оношлогджээ. Жилийн өмнө эмч нар түүний өвчнийг афази буюу бусадтай ярих, ойлгоход хүндрэл учруулдаг өвчин гэж тодорхойлж байсан. Өвчний улмаас Уиллис жүжигчний ажлаа хийхээ болиход хүрсэн. Түүнээс хойш өвчин нь илүү даамжрах болсон байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ