Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХҮССЭН "ТОГЛООМЫН ДҮРЭМ"-ЭЭР НЬ ӨРСӨЛДЬЕ ГЭСЭН, ХҮСЭХГҮЙ БОЛ ХЭВЭЭР НЬ ЯВУУЛЪЯ Л ДАА

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-04-24 21:45:08



…Сар гаруйн өмнө л гэхэд ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан "Манай нам 2022 оны тавдугаар сараас хойш олон намын оролцоог хангасан тогтолцоог бий болгож байж, нийгэмд үүсэж байгаа олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа" гэсэн. Мөн УИХ-ын дэд дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Одонтуяа "Швед, Финланд гээд хурдацтай хөгжиж байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ нь өндөр орнуудыг харахад голчлон 100 хувь пропорционал байдаг. Манай улсад 100 хувь пропорционал байх нь арай тохирохгүй байх. Учир нь, бид эхлээд улс төрийн намуудаа төлөвшүүлэх хэрэгтэй. Иймд холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй" гэж байв.


Бас УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд "Нийт гишүүний 50 хувь нь пропорционал хэлбэртэй буюу нэг тойргоос сонгогддог байх нь зөв. Тэд хөгжлийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг байх ёстой. Монгол Улсын онцлог нь газар нутаг томтой, хүмүүсийг төлөөлөхөөс гадна газар нутгийг төлөөлөх онцлогтой гэж судлаачид ярьж байгаа. Иймд үлдсэн 50 хувь нь 21 аймгаа төлөөлөх мажоритар тогтолцоо байж, холимог системээр явах нь зөв" гэсэн байдаг.


Тэрчлэн энэ асуудлаар сүүлийн үед улс төрийн намуудын төлөөллүүд өөр байр сууриудыг ч илэрхийлэх болсон юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зарим албан тушаалтныг дуудаж чиглэл өгсөн байна. Тэрбээр "Улс төрийн бусад намтай хүссэн тоглоомын дүрмээр нь өрсөлдье гэсэн. Хэрвээ хүсэхгүй байгаа бол хэвээр нь явуулья" гэжээ.


Уг нь Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард МҮОНТВ-ээр ярихдаа "Эрх баригч намын даргын хувьд “Та нар л ялаад байдаг” гэдгийг их сонсдог. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, тогтолцооноосоо больё. Тэгж УИХ дахь улс төрийн намуудын төлөөллийг өсгөе. Ингэхээр “Шинэчилсэн найруулга хийж болно, гэхдээ нэг нам давамгайлсан байж болохгүй” гэдэг. Ингэдэг, тэгдэг гээд намууд байр сууриараа нэгдэж өгдөггүй. Дотроо мэтгэлцээн өрнүүлээд байдаг.


Ер нь бол бид салаа замын уулзвар дээр байна. Шинэчилсэн найруулга, эсвэл нэмэлт өөрчлөлт хийх, бүр огт өөрчлөхгүй байх боломжтой. Аль ч тохиолдолд Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. Ер нь холимог тогтолцоо гэдэг маань эхнийх нь УИХ-ын гишүүдийг тойргоос сонгоно. Тэд тойргоо төлөөлнө. Дараа нь үндэсний хэмжээнд сонгоно. Тэдгээр нь үндэсний хэмжээний бодлогоо тодорхойлно. Маш энгийнээр бол ийм. Ингээд 50:50 болчихоор 50 хувь нь тойрогжиж, 50 хувь нь тэр үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай.


Нэг нам дангаараа үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихно. УИХ-д МАН, АН-аас гадна 4-5 намтай болно гэсэн үг. Нэг талаас энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг. Гэхдээ энэ нь нийгэмд зөв бол, хэт мөнгөний сонгууль багасаад улс төрийн намууд төлөвших бол, Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн нам дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Өөрчлөхгүй явбал бас бэлэн байна. 


Тэгэхээр улс төрийн намууд өөрсдөө шийднэ. Би бол “Сонгууль дөхөж байна. Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдье” л гэж байгаа юм. Дараа нь гомдолгүй. “Харин та хэд маань эвлэж нэгдээд, хоорондоо бага маргалдаад байр сууриа илэрхийлээч ээ. Хоорондоо илэрхийлэхээс илүүтэйгээр олон нийтэд тогтолцоо энэ бүх зүйлүүдээ тайлбарлаач ээ” гэж байгаа юм" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригт энэ байр сууриа албаны хүмүүст сануулжээ. Ингэхдээ сүүлийн үед улс төрийн намуудын төлөөллүүд өөр өөр байр суурь илэрхийлэх болсныг "Намууд хоорондоо болоод дотооддоо "тоглоомын дүрэм"-ээ тохирч чадсангүй" гэж үзээд ийм чиглэл өгсөн бололтой.



Холбоотой мэдээ