Соёл урлагийг дэмжих сангийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн үр дүнг хэн тооцдог вэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-05-08 06:24:19

Засгийн газрын тусгай сангуудын нэг нь Соёл урлагийг дэмжих сан. Соёлын сайд Ч.Номингийн шууд удирдлагад байдаг тус санд улсын төсвөөс жил бүр 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийдэг. Засгийн газрын бусад сангаас ялгагдах гол онцлог нь Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилт эргэн төлөгдөх нөхцөлгүй.

Энэ сангаас санхүүжилт авсан хуулийн этгээд, иргэн буцаан төлөхийн зовлонгүй гэсэн үг.



Соёл урлагийг дэмжих сангаас 2021, 2022 онд 2 877 290 480 төгрөгийн зарлага гарчээ. Улсын төсвөөс оруулсан 3 тэрбум төгрөгийн бараг 2.9 тэрбум төгрөгийг нь 58 байгууллага, 15 иргэн авсан байна. Тэд соёл урлагийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн гэнэ.  

 Гол асуулт, улсын төсвийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн вэ? Үр дүнг хэн, яаж тооцсон вэ? Иргэд, олон нийтэд хэрхэн нөлөөлсөн вэ?

 

Засгийн газрын бусад сангуудын хөрөнгийн зарцуулалтын үр дүн тодорхой байдаг. Байшин, зам барьсан уу, барьсан. Эсвэл үгүй. Шууд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр дүнтэйн дээр эргэн төлөлттэй. Харин Соёл урлагийг дэмжих сангийнх тодорхойгүй. Улсын төсвөөс жил бүр оруулдаг 1.5 тэрбум төгрөг ямар үр дүн авчирч байгааг тооцдоггүй гэхэд хилсдэхгүй.

 

Соёлын яамнаас Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Хуулийн этгээдэд 50 хүртэлх, хувь хүнд 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгох юм байна. Төсөл арга хэмжээний төрлөөс харвал ном, сонин, сэтгүүл, CD хэвлүүлэх, тоглолт хийх, үзэсгэлэн гаргах, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахад энэ сангийн санхүүжилт зарцуулагдах аж. 




Холбоотой мэдээ