Сэтгүүлч Р.Эмүжин:: Залуу хамба зорьсондоо, өвгөн хамба зүтгэсэндээ үргэлжид бат болтугай!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-11-20 03:43:07

Залуу хамба зорьсондоо, өвгөн хамба зүтгэсэндээ үргэлжид бат болтугай!


Эрхэм хүмүүн Чойжамц хамбын сууж байгааг хараад л байгаарай, хөлөө зэрэгцүүлээд хүүхэд шиг томоотой тавьчихсан, хэдэн арван жил судар номын хуудас эргүүлсэн гараа амсхийн эвхээд, нуруугаа багахан бөгтийлгөн, ачаагаа юүлж байна даа. Саяхан өгсөн ярилцлагадаа Хамбын суудлаа өгөөд өвгөн лам болно доо гэж хэлсэн байна билээ. Монголчуудыг 10 дугаар Богдтой нь арга ухаан уралдуулан золгуулаад, Гандантэгчинлэн хийдийн Хамба ламд Номун хан хэмээх өндөр дэв зэрэг нэмээд, Энэтхэгт сургасан олон шавь нартаа дараагийн үеийг атгуулаад...нэг харахад амсхийж, нэхээд бодоход Бурхны шашны гүн бясалгалын амьд дүр, амьдралын үнэн болоод сууж байгаа нь энэ шүү дээ. Хүмүүний хуурмагт өчнөөн муухайгаар хэлүүлсэн ч, хар шараараа хангинатал шүүлгэсэн ч үл хувирсан агуулга болоод чанар гэдэг л энэ байх даа. Батцагаан цогчин дуганаа бариад, Мэгжид Жанрайсагаа босгоод, алдан онож, алт мэт гялалзаж, алдалж унасан он жилүүдийг туулаад, "Сав нь бэлэн боллоо, агуулгаар дүүргээрэй" хэмээн үүрэгдэж байна. Сав гэдгийг аль аль утгаар нь хэлсэн гэж бодно. Шинэ Хамба харин харц итгэлтэй, үзэл бодол ил тод юм. Бурхны номыг монгол хэлээр уншихаас ажлаа эхэлнэ л гэж байна. Энэ бол "Дэлхийн Бурхны шашны төв нь Монгол Улс байх болно" гэсэнтэй агаар нэг үг шүү дээ. Хүн зон, хүний нийгмийн хэрэгцээг мэдэрч, сэтгэл засал-сэтгэлзүй талаас нь дорвитойхон хөгжүүлээсэй. Орчин цагт нүд тархиа аньж наминчлахаа больсон, нүд оюунаа нээж суралцдаг болсныг олж хараасай. Ер нь Төвд эзлэгдэн мөхсөнөөс хойш Бурхны шашны ёс заншил, хэв жаягийг хэдэн зууны өмнөх дэв маягаар нь авч үлдсэн, арьс судаснаа, оюун мэлмийнээ шингээн үлдсэн сүүлчийн улс Монгол болж дээ. Агаар мандлаас агаар авч уутлах мэт авшиг авч төрнө гэдэг ай бас адармаатай тавилан ажээ. Хамба болтлоо зүтгээд, эргээд эгэл лам болтлоо эхэлсэн цэг дээрээ эргэн ирэх нь хоосон чанар юмсанж. Чойжамц хамба гэртээ хариад нэг их дүүрч, бас нэг их хоосорсон буй за. Гунигтай ч юм шиг, гайхалтай ч юм шиг. Үгүй тэгээд энэ агшнаас, энэ хоёр хүнээс ертөнц авхайн жам нэвт харагдаж байна даа. Би ер шүтлэг бишрэлтэй хүн биш ээ, уул усандаа гараад л болоо, гэвч ард түмнийхээ олонхийн шүтдэг шашныг ч, цөөнхийн дагадаг шашныг ч хүндэтгэнэ. Монголчуудын эв нэгдлийн эхлэл нь хүндлэл юм. Энэ өдөр монгол хэлээр уншсан магтууны араас төвдөөр дахин уянгалуулсан гэнэ. Эл хэлний дараалал анхных гэж хэлж болно, ашид үргэлжлэхийн ерөөл оршиж, залуу хамба хэлсэн зорьсондоо, өвгөн хамба зүтгэсэн, чиглэсэндээ үргэлжид бат болтугай!

Холбоотой мэдээ