Жо Байден: Бид удахгүй Ираныг чөлөөлөх болно

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-11-04 13:01:08

Калифорни мужид конгрессын дунд хугацааны сонгуулийн арга хэмжээнд оролцож, үг хэлэх үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден удахгүй Иран улсыг чөлөөлөх тухай ам алдсан байна.

“Битгий санаа зов, бид удахгүй Ираныг чөлөөлөх болно. Тэд тун удахгүй өөрсдийгөө чөлөөлнө” гэж тэр Сан Диего хотын ойролцоох МираКоста коллежид үг хэлэхдээ мэдэгджээ.

Байден үүнээс илүү дэлгэрэнгүй зүйл яриагүй байна. Арга хэмжээний үеэр Ардчилсан намын зарим дэмжигчид Иранд өрнөж буй засгийн газрын эсрэг иргэдийн хөдөлгөөнийг дэмжсэн агуулгатай уриа лоозон барьсан байжээ.

Байдены хэлсэн үгийн талаар Цагаан ордон ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Ираны ёс зүйн цагдаагийн газарт саатуулагдаад байхдаа 22 настай Махса Амини хэмээх бүсгүй учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан явдал тус улсын иргэдийг засгийн газрынхаа эсрэг тэмцэлд босгосон юм.

Уг тэмцэл эхлээд долоон долоо хоног орчим хугацаа өнгөрч байна.

Иран даяар үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн 1979 оны Исламын хувьсгалаар тогтсон Тегераны дэглэмийн хувьд урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилт болоод байгаа юм.

Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа НҮБ-ын 45 гишүүнтэй Эмэгтэйчүүдийн Аж байдлын Комиссоос Иран улсыг хасуулахаар ажиллах болсноо мэдэгдээд байна.

Эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлыг дэмжих, хамгаалах зорилготой тус байгууллага жил бүрийн гуравдугаар сард чуулдаг бөгөөд Иран улс дөрвөн жилийн хугацаатай гишүүнчлэлээ дөнгөж эхлүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ