УИХ, ЗГ-ын гишүүн, Дэд сайдын эхнэр, нөхөр, ах дүүс ТӨРД ДАРГА ХИЙХГҮЙ
Улс ТөрУИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, Дэд сайдын албан тушаал хашиж байгаа хүмүүсийн харилцан хамаарал бүхий эхнэр, нөхөр, төрсөн ах, дүүс нь төрийн захиргаа, төрийн өмчит компанид удирдах албан тушаал хашихгүй байх үүргийг Ерөнхий сайд өгсөн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалтыг хийх үүрэг чиглэл өгсний дагуу ажил явагдаж байгаа" гэдгийг хэлэв.
(Энэ шийдвэр зөвхөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд сайд байх хугацаанд хамаарна)
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн төслийг боловсруулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт, Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар дээрх зохион байгуулалтыг хийх аж.