Б.Жаргалан: Хамт өрсөлдсөн эмэгтэйчүүдтэйгээ нэг баг болж ажиллана

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-09-28 07:50:20

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Б.Жаргалан болон бусад нэр дэвшигчид АЭХ-ны дээд чуулганы талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан: АЭХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн бүх бүсгүйчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Миний хувьд Ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан. Надтай өрсөлдсөн бүсгүйчүүдийнхээ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлж, нэг баг болж хамт ажиллах бодолтой байгаа.  

УИХ-ын сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуульд заасан квотын оноо нь ердөө босго гэж үзэж байгаа. Тиймээс энэхүү квотыг давуулан, эмэгтэйчүүдийг чадавхжуулж, таниулах ажлыг эрчимтэй хийж, бүх шатны сонгуульд олон эмэгтэйг ялалт байгуулахад нь дэмжиж ажиллах болно.

Мөн Ковидын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор УИХ-ын нээлттэй сонсголыг хийхээр болсон. Цар тахал хамгийн их нөлөөлсөн нийгмийн бүлэг бол эмэгтэйчүүд. Тиймээс АЭХ эмэгтэйчүүдийн асуудлыг сонсож, асуудлыг ил тавихыг хүсэж байна. Учир нь бид өнгөрсөн хугацаанд гарсан алдаа оноог цэгнэж, цаашид авах арга хэмжээг авах нэгдсэн дүгнэлтэд хүрэх болно.

С.Одонтуяа: Олон сайхан үгс амладаг эрс улс орныг ямар болгосныг бид харлаа

АН-ын гишүүн С.Одонтуяа: Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо бол улс төрийн байгууллага. Монгол улсад төрийн дарамт дийлдэхгүй, өрийн дарамт ард иргэдийг босгохгүй байна. Эрчүүд эзэгнэсэн улс төрд хэдэн их наядаар тоологдох хулгай гарч байна. Үүнийг зогсооё.

Ард түмнээ сайхан амьдруулахаас илүү улс төр гэж байхгүй гэдэг үг бий. Тиймээс бидний хувьд үүнийг зарчмаа болгож ажиллана. Өнөөдөр эмэгтэйчүүд бид хүчтэй дуу хоолойтой байхгүй бол ардчилал бүдгэрч, дарангуйлал руу шилжиж,  энх тайван, байгаль экологийн асуудал дэлхийд ч тулгамдсан зүйл болоод байна. Чадвартай олон бүсгүйчүүд нэгдэж үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө ажиллах цаг ирсэн.

Монголд мөнгөтэй холбоотой хууль долоо хоногт батлагддаг ч, гэр бүл хүмүүжил, боловсрол, нийгмийн байдалд нөлөөлөх хууль батлагдах гэж хэдэн сар жил болж уддаг. Олон сайхан үгс амладаг эрс улс орныг ямар болгосныг бид харлаа. Тиймээс эмэгтэйчүүд бид улс төрийн ажлаа сайн хийж чадна гэх итгэл төгс байна.

Ц.Уянга: Б.Жаргаланд санал тавьж байгаад баярлалаа. Гэхдээ би энэ багт орохгүй

АН-ын гишүүн Ц.Уянга: Би АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Ингэхдээ гаднаас орж ирж байгаа шинэ хүн гэсэн дүр төрхөөр өрсөлдсөн. Надад АЭХ-ны гэхээсээ илүү нийгмийн хүлээлт байсан. Би Б.Жаргалангийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ хайрцаг гэдэг зүйлийн нэг хэсэг байсан. Найман жил уначихсан байгууллагын хамгийн шилдэг нь би байсан учраас сонгогдсон гэж хэлэх нь учир дутагдалтай Би үүнд нэгийгээ буруутгах гэж байгаа юм биш. Дотоодын ямар ч сонгуулийг тогтолцоо, бүтцийн хувьд ижил тэгш гараанаас гардаг өөрчлөлт хийхгүй л бол итгэл хүлээх нам, эмэгтэйчүүд гэж хэлэхэд хэцүү. Б.Жаргаланд санал тавьж байгаад баярлалаа. Гэхдээ Дэд ерөнхийлөгчийн албан тушаал гэж байгаа бол уучлаарай, би энэ багт орохгүй. Өрсөлдөөд дараа нь ямар нэгэн албан тушаалд очдог гэдэг ойлголтыг би нийгэмд өгмөөргүй байна.

Холбоотой мэдээ