Япон гаралтай Бразилчууд гэж сонссон уу?
Сонин ХачинЯпон улс дэлхийн 2-р дайны дараа хөгжлийн замдаа орсон гэдэг боловч тэрнээс өмнө бол Япон улс нь ядуу тарчиг байсан тул ард иргэдээ гадаад улс руу ажиллах хүч болгон илгээдэг байв. Ажиллах хүч болон явагсад нь гол төлөв Америк, Канад, Бразил болон Европын орнууд руу ажиллах хүч болон явж байсан. Эдгээрийн дундаас Бразил улс руу ажиллах хүч болон илгээгдсэн Япончуудын талаар жишээ болгож авч үзье!
1892 онд Бразил улс гадаад улсаас ажиллах хүч авахаар болж Япон улстай гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн. Гэвч энэхүү хэлэлцээр нь тухайн цаг үеийн янз бүрийн асуудлаас болж хойшилж сунжирсаар байгаад хамгийн эхний 721 хүн 1908 онд Бразил улс руу явсан байдаг. Эхний ээлжинд Бразил улс руу явсан 721 хүмүүсийн тал хувь нь буюу 321 хүн Окинава мужийн хүмүүс байсан гэдэг.
Бразил улсад Япон улсын иргэд гол төлөв кофены талбай, газар тариалангийн ажил хийхээр очиж байжээ. Үүний дараа 1908 оноос 1950-60 он хүртэл нийт 130,000 Япон улсын иргэд Бразил улсад шилжин суурьшсан гэж үздэг. Бразил улс руу явсан Япончуудын нэг онцлог нь Бразил улсын засгийн газраас тавьж байсан албан ёсны шаардлага дээр “заавал гэр бүлтэйгээ ирэх ёстой” гэсэн заалттай байжээ.
Тиймээс Бразил улс руу явж ажиллахыг хүсэгч Япон иргэдийн дунд хуурамчаар гэрлэлтээ бүртгүүлээд явж байсан тохиолдол цөөнгүй байсан гэж үздэг. Харин 1970 оноос Япон улсын эдийн засаг огцом сайжирч эсрэгээр нь Бразил улсын эдийн засаг муудаж эхэлсэн байна. Бразил улсын эдийн засаг муудаж эхэлснээр гадаадаас ажиллах хүчин авдаг байсан Бразилчууд 1980-90ээд оны үед Япон улсыг зорих нь ихэссэн. Ялангуяа Япон гаралтай Бразилчууд Япон улс руу явж мөнгөтэй болох хүсэл өвөртлөн явах нь ихэссэн байна.
Япон гаралтай Бразилчуудын хувьд аав ээж, өвөө эмээгийнх нь эх орон учраас илүү дотно хүлээн авч байжээ. Мөн Япон гаралтай Бразил улсын иргэдэд Япон улсын засгийн газар визний тал дээр маш их хөнгөлөлт үзүүлдэг байна. Одоогийн байдлаар Япон улсад ажиллаж амьдардаг Япон гаралтай Бразилчуудын тоо 350,000-д хүрчээ. Бразил улс руу явсан Япончуудынхаа тооноос хэд дахин илүү гарсан үзүүлэлттэй байна. 2000 оноос хойш Монгол улсын иргэд маань гадаадын олон улсад ажиллаж амьдарч байгаа. Жишээ нь БНСУ-д гэхэд 40,000 - 50,000 орчим Монголчууд амьдардаг бол Япон улсад одоогийн байдлаар 15,000 Монгол иргэд сурч ажиллаж амьдарч байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Монгол улс хөгжөөд ирэхээр гадаад улс руу явсан Монгол залуус маань эх орондоо ажиллахаар буцан ирэх байх даа.