“Анхны буриад ёкозүнатай болно” хэмээн баярлаж байна

Спорт
khiimori.co@gmail.com
2024-01-13 23:26:38

Буриадын хэвлэл мэдээлэл маргааш Токиод эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд тун их анхаарал хандуулж байна. Учир нь тэд энэ тэмцээнээр Буриад ёкозүна төрнө хэмээн найдаж байгаа юм. Буриад зон олны найдвар нь Монголын озэки Киришима. 

Буриадын сонинд “Монголын иргэн, буриад залуу Б.Лхагвасүрэн Японы сүмо бөхийн Ёкозүна хэмээх дээд цолны төлөө барилдах гэж байна. Ёкозүна гэдэг нь агуу аварга гэсэн утгатай. Тэмцээн 14-нд Токио хотын “Рёгокү Кокүгикан” ордонд эхлэх юм” гэж бичжээ.

Улаан-Үд хотын “Россельхозцентр”-ын захирал, сүмо сонирхогч Намжил Мардваев “Макүүчи зиндаанд 36 сүмоч байдгийн дөрөв нь монгол. Харамсалтай нь Тувагийн Роога хэмээх Д.Амарсанаа дээд зиндаанаас унасан. Роога бол Тувагийн алдарт бөх Валерий Араптаны ач хүү. Гэхдээ ирэх тэмцээний гол зүйл нь Дорнод аймгийн буриад залуу Б.Лхагвасүрэн. Түүний өвөг дээдэс нь манай Байгалийн хязгаарын уугуул гэсэн мэдээлэл бий. 2023 онд Киришима хоёр тэмцээнд түрүүлж, Озэки болсон. Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлбэл Ёкозүна болох юм. Түүхэнд анхны буриад ёкозүна төрөх болно. Киришима маш сийрэг барилддаг тул монголчууд ч “Тэр буриад болохоор ухаантай барилддаг” гэж ярилцдаг. Шинжээчдийн дүгнэлт, таамаглалаар Киришима түрүүлэх боломж хамгийн өндөр учир боломжоо алдахгүй. Буриад ёкозүнатай болох итгэл найдвар их байна. Маш агуу том үйл явдал шүү. Буриадууд зугтдаггүй. Буриадууд Урагшаа” гэж бичсэн байна. 


Холбоотой мэдээ