Сэтгүүлч Эмүжин Монголоороо л байна шүү!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-02-18 02:46:41

Монголоороо л байна шүү!


Энэ их цасан дунд өнчин ганц яндан тэнгэр тэмтэрч буйд баярла. Тэгээд тэр яндангаас утаа гарч байвал бүр их баярла. Яваад очиход чинь хашаа хороо, аргал түлш, гэр орноо холбон эл их цасыг цэвэрлэчихээд, хээлтэй хонь ямаагаа гэртээ оруулаад бужигнаж байгаа тэр малчид шиг хүмүүс энэ дэлхийн өөр хаана ч байхгүй. 12, 1, 2 дугаар сарын турш, бүтэн улирал дамнан үргэлжилсэн их цас, шуурганд боогдож, сараар татдаг хүнсээ, улирлаар татдаг өвс тэжээлээ, өвөлжөөндөө хураасан аргал хомоолоо бараад, төв газраас зам харилцаа тасарсан суугаа тэд хүний бараанаар галаа өрдөж, цас хайлуулан халуун цай оочуулах гэж гүйлдэхийг үзээд талархаж амьдар. Хаваржаандаа өдийд хэрэглэхээр зэхсэн түлш хомоол, тэжээл өвсөндөө хүрч чадахгүй, унаа нь улдаж, сэтгэл нь гундсан ч нулимсаа нууж угтдаг тийм л итгэлийг өөр хаанаас ч олохгүй. Айл болгоны гадаа камаз байдаггүй юм. Айл болгоны гадаа хүнсний дэлгүүр байдаггүй юм. Айл болгоны гадаа бензин түгээгүүр байдаггүй юм. Айл болгонд харин яваад ороход чинь байгаагаараа дайлаад угтдаг, байгаа давхацаа өгөөд гаргадаг халуун сэтгэл байдаг юм! Далайн хар салхинд бүхнээ алдсан бусдыгаа яах гэж далайн эрэгт байшинтай болсон юм гэж хэн нэгэн тавлахыг үзсэн үү? Үгүй. Газар хөдлөлтөнд нэрвэгдсэн хүмүүсээ яах гэж газар хөдлөлтийн бүсэд амьдарсан юм гэж ам асуухыг сонссон уу? Үгүй. Малчин, мал хоёр  1944 оноос хойших дөрөв дэх гэтэлшгүй их зудын гамшигт нэрвэгдээд байхад Монголоороо л байна шүү! Зуд гэдэг гамшгийг гадныхан судалж үзээд, өөр ямар ч хэл дээр яаж ч утгачилж орчуулж чадалгүй ZUD гэж тэмдэглэсэн дээ. Энэ үг Kaтрина хар салхи гэдэгтэй адил Төв Азийн эх газарт хэдэн жилдээ нэг тохиодог байгалийн гамшгийг төлөөлдөг юм.


Холбоотой мэдээ