Энэтхэгийн нийслэлийн зарим бүсийн хөл хориог цуцалжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-17 02:57:01

Халдварын тохиолдол шинээр нэмэгдэх нь багасаж, Энэтхэгийн КОВИД-19 халдварын тулгамдсан нөхцөл байдал намжиж буйн хэрээр тус улсын олон мужийн захиргаа хөл хорионы хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулж эхэлжээ.

“Энэтхэг таймс” сонины мэдээлснээр, нийслэл Шинэ Делид 15-наас эхлэн метроны зарим шугам үйл ажиллагаагаа сэргээн, худалдааны томоохон төвүүд хаалгаа нээж, ресторануудыг тал хувийн суудалдаа зочин хүлээн авахыг зөвшөөрчээ. 

Гэхдээ парк, сургууль, спорт дасгалын газрууд мөн хаалттай хэвээр байна. 

Энэтхэгийн бэлэг тэмдгийн чанартай барилгын цогцолбор болох Таж-Махалын бунхныг мөн 16-наас эхлэн олон нийтэд нээлттэй болгожээ.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны 16-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, сүүлийн нэг хоногт тус улсын КОВИД-19 халдварын оношлогдсон тохиолдол 62 мянга орчмоор нэмэгдэж, 2542 өвчтөн нас баржээ. 

Шинэ Делигийн нэг телевизийн мэдээлснээс үзвэл, 15-нд олон мянган хүн дэлгүүрт шахцалдан, зарим дээд зэрэглэлийн худалдааны төв ганц өдөрт 20 мянган хүн хүлээн авч, метроны буудал дотор зорчигчид урт дараалал үүсгэсний улмаар нэг үе зам тээврийн оргил үеийн сэрэмжлүүлгийн дохио өгчээ. 

Эмх замбараагүй байдал гарч буйд Энэтхэгийн өвчин эмгэг судлаачид сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, “халдварыг бүрэн хяналтад авч чадаагүй байхад хөл хориог яаран цуцалж, улмаар олон хүн цуглаж байгаа зэрэг нь халдвар дэгдэх шинэ давлагаа үүсгэж болзошгүй” хэмээн сэрэмжлүүлжээ.

"Хиндустан таймс” сонин 16-нд мэдээлснээр, Энэтхэгт КОВИД-19 вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах болзол хангасан насанд хүрсэн нийт 950 сая иргэдээс ердөө 5% орчим нь вакцин тариулаад байна.

Холбоотой мэдээ