Элчин сайдад нэр дэвшигчдийг зөвшилцөв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-01-10 22:21:29

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.01.10/ болж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Элчин сайдад нэр дэвшигчийг томилох, чөлөөлөх асуудлыг зөвшилцлөө.

Саналыг Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр танилцуулсан юм. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,

Монгол Улсаас Шведийн Хаант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр  нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр оруулж ирсэн юм.

Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн алба, дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид болно гэдгийг тодотгосон юм.

Элчин сайдад нэр дэвшигчтэй холбогдуулан, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Элчин сайд нарыг томилох нь тийм амар ажил биш. Олон шалгуур, олон хүчин зүйл, олон байгууллага, улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалаад мэргэжлийн дипломат нарыг томилох тохиолдол бий. Туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн дипломат биш ч Монгол Улсаа төлөөлөн ажиллаж чадах хүмүүсийг ч томилох тохиолдлууд байдаг. Энэ удаа Гадаад харилцааны яамны мэргэжлийн дипломатч, ажлын туршлага гээд бүх зүйл нь жигдэрсэн хүмүүс нэр дэвшжээ. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Сонгуулийг суугаа орондоо зохион байгуулах үүргийг Элчин сайд нар хүлээж байгаа. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангахад сэтгэл гарган, аль болох олон хүнийг хамруулахад онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан дараах асуудлыг хөндөв.

Тэрбээр “Нэгдүгээрт, бид Элчин сайд нарт баахан сургааль айлддаг хэрнээ яваад ирэхэд нь чи юу хийв гэж асуудаггүй. Ирэхдээ тайлангаа өгдөг баймаар байна. Ядаж мэргэжлийн байнгын хороонд ажлаа тайлагнадаг байх. Тэгэхгүй бол хувийн шалтгаанаар татгалзлаа гэдэг. Монгол Улсын нэрийн өмнөөс оччихоод хувийн шалтгаанаар болилоо гэж дураараа байж болохгүй. Юу хийв, бүтээв гэдгийг тайлагнадаг шалгууртай болмоор байна.

Хоёрдугаарт, Элчин сайдын яамны шалгуур үзүүлэлт гэдэг юмыг гаргамаар санагддаг. Зарим нь маш сайн ажилладаг. Хятадад суугаа Элчин сайд Т.Бадрал ямар сайн санаачлагатай ажиллаж байна вэ. Хятадад хөгжиж байгаа цахим платформ дээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гаргах тал дээр, цахим худалдааны дэд бүтцийг байгуулах тал дээр маш их санаачлагатай ажиллаж байна. Вьетнамд сууга Элчин сайд Ж.Сэрээжэвийн үед шууд нислэгтэй боллоо, харилцан визгүй боллоо. Монголчууд эх орондоо биш Вьетнамд хуримладаг боллоо, энэ бол сайн тал.

Туркт байгаа Элчин сайд батлан хамгаалах, зам тээвэр, эрүүл мэндийн салбар дээр маш их санаачлагатай ажиллаж байгаа. Тийм учраас шалгуур үзүүлэлт тавьдаг болох.

Элчин сайдын яаманд ажиллаж байгаа дипломат ажилтнуудад анхаарал тавих хэрэгтэй юм билээ. Элчин сайдынхаа өмнөөс цор, цор хийгээд байдаг. Үгэнд нь ордоггүй. шаардлага тавихаар би тэгдэг ч үгүй, өвчинтэй, зовлонтой. Тийм даргын хамаатан, тэр сайдын дүү гээд олон долоон юм ярьдаг хүмүүс байдаг юм билээ.

Тийм учраас Элчин сайдын яам төлөөлөгчийн газрын тэргүүн өөрөө асуудлаа шийдээд тохирохгүй бол чөлөөлөөд явуулдаг байх хэрэгтэй. Элчин сайдынхаа үгэнд ордоггүй том толгойтой хүмүүс байж таарахгүй. Та бүхэн анхааралдаа аваарай.

Монгол иргэд гадаадын иргэнтэй суучихаад Монгол Улсаа газар доор ортол нь муу хэлээд есөн шидээр хэлээд хашгачаад гуагчаад сууж байдаг хүмүүс байдаг юм билээ.  Гадна талд суучихаад эх орноо муу хэлээд сууж байгаа хүмүүс дээр Элчин сайдын яамныхан анхаарч ажиллах шаардлагатайТэд нартай тулж ажиллан, мэдээллээ зөв өгөх шаардлага байна лээ шүү” гэсэн юм.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зах зээлтэй Узбекистан улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах Засгийн газрын саналыг тус байнгын хороо 2023 оны аравдугаар сарын 10-нд хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гарсан. Байнгын хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналаа дипломат шугамаар тавьж зөвшөөрсөн хариу авсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу  тогтоолын төсөл боловсруулсан байна.

Узбекистан нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс гэж үзжээ.  Элчин сайдын яамыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөн холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Холбоотой мэдээ