С.Баярцогт: Хэрвээ нээлттэй сонсгол явагдвал би баярлана

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-09-25 00:30:40


Иргэдийн зүгээс АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах санал гараад буй. 

Уг асуудлаар С.Баярцогт өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр,

"Эн тэнцүү эрх мэдэлтэй байгууллагууд нэг нэгнээ шүүдэг байдал бий болох юм бол Монголд ардчилал үгүй болно. 

Шүүх засаглал бол хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. 

Энэ бол миний үндсэн хууль баталсан хүний үзэл баримтлал. 

Хэрвээ нээлттэй сонсгол үнэхээр болдог бол би баяртай байх болно. 

Хэрвээ тийм зүйл болвол биднийг гүтгэсэн хэргийг шүүсэн, хянасан нийслэлийн прокурор авлигалын хэргээр ял авсан байгаа. 

Анхан шатны шүүх дээр ялласан шүүгч нь өөрөө авлигын хэргээр ял авсан байгаа. 

Яг үнэндээ эрх мэдлийн хонгил гэж яригдаад ордоны 3 давхарт ялын бодлого төлөвлөгдөж шийдэгдэж байна аа гэж Нямбаатар сайдын хэлж байсан тэр бүх зүйл бол бодитой үнэн зүйл. 

Энэ бүгд ил тод болно оо.

Мөн энэ асуудлаар маш олон түвшинд хандсан. 

Монголын шүүхийн түвшинд ороод энэ асуудал шийдэгдсэн. 

Хилс хэрэг байсан гэдгийг Монголд ч, Швейцарын холбооны улсад ч шийдсэн байгаа. 

Би бол ганцхан газар шалгагдаагүй. 

Монгол, Швейцарь, ХонгКонг, Австрали гээд ийм улсуудын олон хүчний байгууллагуудын шалгалтанд ороод гарсан. 

Дээрээс нь үүнтэй холбогдуулаад үндсэн хуулийн цэцэд Баттулга Ерөнхийлөгч асан намайг шалгуулахаар өгсөн. 

Үндсэн хуулийн цэцээс шүүхийн зүгээс хууль зөрчсөн зүйл алга аа гэдэг шийдвэрийг гаргасан. 

Намайг сахилгын хороонд өгсөн, авлигатай тэмцэх газар өгсөн, ер нь бүх шатанд намайг шалгуулсан. 

Үнэхээр нээлттэй сонсгол хийдэг бол илүү их деталь байдлаар, хаанаас улс төрийн зорилгоор ийм зүйл болсон бэ гэдэг нь мэдэгдэнэ. 

Гэхдээ яг ижил тэнцүү 3 эрх мэдлийг нэг нам давамгайлсан парламент нь шүүгээд эхлэх юм бол Монголд хараат бус шүүх гэдэг зүйл байхгүй болох болно. 

Миний эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүн бол маш ойлгомжтой. 

Энэ бол манай хуучин Ерөнхийлөгч.

Манай намын даргыг сонгох сонгууль болон намын маань үйл ажиллагаа илүү эрчимжээд эхлэх үеэр янз бүрийн дайралтуудыг хийж явуулдаг. 

Үүнийг бол та бүхэн хэнээс ч асуухгүйгээр мэдэж байгаа байх. 

Хэн яаж бичиж хэн яаж гүтгэж байгааг иргэд харж байгаа. 

Үнэхээр дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол би хэвлэлийн бага хурлууд хийгээд хүмүүсийн хүлээгээд байгаа асуултанд хариулахад бэлэн байгаа. 

Удахгүй ийм ажлуудыг эхлүүлэх үүднээс цахим орчинд идэвхтэй байж хүмүүсийн асуултуудад дор бүр нь хариулах болно оо. 

Учир нь одоо Баярцогт гэдэг хувь хүний асуудал биш Ардчилсан намын Тэргүүн дэд дарга учраас намтай шууд холбогдож байгаа тул иймэрхүү мэдээллүүдэд тухай бүрт нь үнэн зөв мэдээллүүдийг өгч байх үүднээс цахим орчинд идэвхтэй байх болно" гэв


Ардчилсан намын Тэргүүн дэд дарга. С.Баярцогт

2023.09.25.

Холбоотой мэдээ