Хог түүж, янхнуудтай нөхөрлөж явсан Габриэль Гарсиа Маркес

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-03-06 20:08:05

Одоогоос 97 жилийн тэртээх энэ өдөр Колумбийн Аракатака хэмээх газарт нэгэн хүү мэндэлсэн нь хожим нь дэлхий дахинаа нэрээ цуурайтуулж, Нобелийн шагнал хүртэх хувь тавилантай нэгэн байв.

Тэр бол Колумбийн зохиолч, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Габриэль Гарсиа Маркес юм.

Түүний бүтэн нэр Габриэль Хосе де ла Конкордиа Гарсиа Маркес. Тэрээр 1927 оны гуравдугаар сарын зургааны өдөр мэндэлжээ. Габриэль 16 хүүхэдтэй айлын том нь болж ийнхүү мэндлэв. Түүнийг төрсний дараа эцэг эх нь аавынх нь ажлыг дагаж Барранкилью хот руу шилжсэн аж. Харин бяцхан хүү дүүгийнхээ хамт өвөө эмээ дээр үлджээ.

Чухамхүү өвөө эмээ нь ирээдүйн зохиолчийн ертөнцийг үзэх үзэлд хүчтэй нөлөөлсөн гэдэг. Өвөө нь Мянган өдрийн дайны баатар байсан бол эмээ нь гайхалтай түүх үргэлж ярьж өгдөг, харин төсөөлөн бодох чадвар сайтай Габриэль эмээгийнхээ ярьж өгсөн хууч ярианд бүгдэд нь итгэдэг байжээ.

Сургуульд байхдаа Гарсиа Маркес ичимхий нэгэн байсан гэдэг. Үеийнхэнтэйгээ нэг их нийлж тоглохгүй. Харин шог шүлэг бичиж, комикс бүтээдэг байжээ.

Цаашлаад тэрээр Сан-Хосе дахь коллежид суралцсан аж. Чухамхүү энэ коллежид суралцах үедээ л сургуулийн сэтгүүлд шүлгээ нийтлүүлснээр найрагчийн гараагаа эхлүүлжээ. Тэрээр засгийн газрын тэтгэлэг авсны ачаар Сипакирт үргэлжлүүлэн суралцах болов. Энд ирээд Гарсиа Маркес спорт сонирхож эхэллээ. Тэрээр хөлбөмбөг, бейсбол, гүйлт гээд спортын гурван спортоор хичээллэдэг багийн ахлагч болж байв.

Ингээд 1947 онд Гарсиа Маркес Колумбийн Үндэсний их сургуулийн хуульзүйн факультетад элсэн орлоо. Аав нь ятгасны улмаас энэ ангийг сонгосон ч зохиолчийн карьер эхлүүлэхийг мөрөөдөж байсан залуу эр тун удалгүй сургуулиа орхив.

1950 онд тэрээр El Heraldo сонинд ажиллахаар Барранкилью рүү явжээ. Чухамхүү энэ газарт утга зохиолын талаар олныг мэдэж авч, төрөлх орон болон хөрш орнуудын соёлын талаарх өөрийн гэсэн үзэл хандлагатай болсон байна.

1955 онд Гарсиа Маркесийн “Унаж буй навч” тууж гарав. Хожим тэрээр энэ зохиолоо хамгийн хайртай, хамгийн үнэнч бүтээл болсон гэж үнэлж байлаа. Үүнээс зургаан жилийн дараа өвөөгийнхөө түүхээс санаа аван бичсэн “Мартагдсан хурандаа” туужаа бичжээ.

Гарсиа Маркес анхандаа реализмын төрлөөр бичдэг байв. Дараа нь тэр туршилт хийж эхэллээ. Алдарт “Зуун жилийн ганцаардал” бол шидэт реализмын төрлөөр бичсэн түүний анхны бүтээл болсон юм.

1982 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн тэрээр энэ шагналын эзэн болсон анхны Колумби хүн, дөрөв дэх латин америк хүн болж байлаа. Үүнээс гурван жилийн дараа Гарсиа Маркес эцэг эхийнхээ түүхээс санаа авсан “Тахлын үеийн дурлал” зохиолоо бичжээ. Түүний аав хайртай бүсгүйгээ эхнэрээ болгохын тулд эцэг эхээс нь зөвшөөрөл авах гэж ихэд удан, ихэд хичээж, дурласан хос удаан хугацаанд гагцхүү захидлаар харилцдаг байсан аж.

Гарсиа Маркесын хайрын түүх ч сонин. Тэрээр ирээдүйн эхнэр Мерседес Барчатайгаа сургуульд байхдаа танилцжээ. Мерседес ердөө есхөн настай байхад Гарсиа түүнд “чамтай гэрлэнэ” гэж хэлж байсан гэдэг. 1958 онд бүсгүйг насанд хүрэхэд тэд хуримлажээ. Тэд хоёр хүүтэй, 30 гаруй жил хамтдаа Мехикод амьдарсан аж.

1999 онд Габриэл өвдөв, АНУ-д курс эмчилгээ хийлгэсний дараа эдгэрч, харин 2006 онд тэрээр мэдэгдэл хийхдээ энэ үеэс хойш зөвхөн дурдатгал бичнэ хэмээж байлаа. Үнэхээр ч түүнээс хойш тэрээр ямар ч утга зохиолын бүтээл туурвиагүй юм. Гарсиа Маркес 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хатгалгааны улмаас таалал төгсжээ.

Гарсиа Маркесын тухай сонирхолтой баримтууд

  1. Габриэль хүүхдэд зориулсан үлгэр бичих гэж оролдож байжээ. Харин энэ төрлийг орхисон нь дээр гэдгийг хөвгүүд нь түүнд ятгасан гэдэг. Габриэлийн нэг үлгэрийг уншсан хөвгүүд нь “Хүүхдүүд ийм тэнэг гэж та бодоод байгаа юм уу?” хэмээн асуусан гэнэ.
  2. Габриэль Playboy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хувийн нууцаа дэлгэж байв. Тэрээр 13 настайдаа анх энгэр зөрүүлж үзсэн бөгөөд тэр үеэс хойш биеэ үнэлэгчидтэй ихэд нөхөрлөдөг байсан гэнэ. “Би залуу байхдаа янхнуудтай найзладаг байсан. Би тэдэн рүү зөвхөн хурьцал үйлдэх гэж биш ганцаардлаас ангижрах гэж очдог байлаа” хэмээн Габриэль ярьж байв. Харин гэрлэснээсээ хойш тэрээр эхнэрээ араар нь тавьж байгаагүй гэдэг.
  3. Колумбид Густаво Рохасын дарангуйлал тогтосны дараа Габриэлийн ажиллаж байсан сонины газар хаагджээ. Ингээд тэрээр АНУ руу, дараа нь Европ руу ажил олж хийхээр явсан аж. Парист суурьшсныхаа дараа тэрээр хэсэг хугацаанд хог цуглуулж, шил лааз тушаан мөнгө олдог байв. Чухамхүү энэ үедээ “Цөвүүн цаг” богино романаа бичжээ.
  4. 2004 онд “Гунигт янхнуудаа дурсахуй” роман хэвлэгдсэн юм. Гэвч романыг албан ёсоор нийтэд танилцуулахаас сарын өмнө гар бичмэл хууль бус хэвлэн нийтлэгчдийн гарт орж, тэд номыг худалдаанд гаргажээ. Тиймээс үүний хариу болгон Габриэл романыхаа төгсгөлийг өөрчилж байсан гэдэг.
  5. 1959-1961 оны хооронд Гарсиа Маркес Кубын тэргүүн Фидель Кастрогийн хувьсгалыг дэмжиж тэр бүү хэл тус улсын хэвлэлийн албанд ч ажиллаж байжээ. Мөн үүнээс өмнө Зүүн Европ, ЗХУ-д ч очиж амжсан байв. Тэрээр Орост ирсэн сэтгэгдлээ бичихдээ “Москва бол дэлхийн хамгийн том тосгон”, “Оросууд бол найз нөхөдтэй болох гэж цөхрөнгөө барж байгаа ард түмэн” гэж бичиж байв.
Холбоотой мэдээ