Засгийн газрын алдаатай шийдвэрүүдийн ТӨЛӨӨС +459 амь

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-22 15:23:32

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улс өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн хатуу хөл хорио тогтоосон. 

Анхны хөл хорио маш үр дүнтэй болсон бол хоёр, гурав дахь удаагийн хөл хорионы хугацаа богино байсан нь үр дүнгүй болгож, улмаар дархлаажуулалтын үр дүнг сааруулсан гэдгийг мэргэжилтнүүд шүүмжилсэн. 

Хөл хорио №1. 2020.11.11-2020.12.14 

Монгол Улсад коронавирусийн дотоодын анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 12-ны өдрөөс нь тав хоногийн хатуу хөл хорио тогтоов.   

Хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.

Уг хориог 14 хоног сунгаад байсан бол дахин арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг 2020.11.29-нд гаргав.  

Ингэхдээ хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээх, эрчим хүч, дулаан хангамж, оршуулга зэрэг зайлшгүй 18 чиглэлээс бусад үйл ажиллагааг хязгаарласан.

Тухайн хөл хорионы үед долоон өдрийн дундаж халдварын тоо 3-33 хооронд хэлбэлзэж байв

Арванхоёрдугаар сарын 14-нөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Ингэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07:00-21:00 цагт ажиллах хязгаар тогтоов. 

Тухайлбал:

2020 оны 12-р сарын 9 -ны өдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр.

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм.

Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07:00-21:00 цагт ажиллана.

Даваа гарагаас шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг Засгийн газраас зөвшөөрчээ.

Одоо хэвийн ажиллаж байгаа салбар:

  1. Эрчим хүч
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
  5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
  6. Банк, санхүү, хөрөнгийн бирж
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
  9. Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
  10. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  11. Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
  12. Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
  13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
  14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
  15. УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
  16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  17. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  18. Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй. 

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хэвийн ажиллах газар:

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  5. Ресторан
  6. Кафе /тусгай нөхцөл шаардана/
  7. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  9. Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  10. Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар
  11. Хими цэвэрлэгээ, угаалга
  12. Гэрэл зураг
  13.  Айл нүүлгэх үйлчилгээ
  14. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  15. Нийтийн бие засах газар
  16. Барьцаалан зээлдүүлэх газар
  17. Авто засвар /агрегат, кузов/
  18. Дугуй засвар
  19. Автомашины угаалга, доторлогоо
  20. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа
  21. Авто зогсоол
  22. Нийтийн байрны үйлчилгээ
  23. Барилга засвар
  24. Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/
Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна.

Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

  1. Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
  2. Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
  3. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  4. Үсчин
  5. Амралт, жуулчны бааз
  6. Зочид буудал
  7. Дэн буудал
  8. Түргэн үйлчилгээний цэг
  9. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

Хөл хорио №2. 2020.12.23-2021.01.06

Улаанбаатарын хэмжээнд арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл Бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоосон.

“Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Шинэ жилийн үеэр олон хүн цугладаг. Үүнийг дагаад халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж олон орон уг арга хэмжээг хориглож байна” хэмээн тухайн үед Шадар асан Я.Содбаатармэдээлж байв

Хоёр дахь удаагийн хөл хорионы үеэр 15 чиглэлийн үйл ажиллагааг л зөвшөөрөв

Тухайн үед халдвар долоо хоногийн дунджаар 19-25 тохиолдол байлаа. Халдвар төдийлөн буурахгүй байна гэж үзэж ЭМЯ-наас хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргасан ч Засгийн газар долоо хоногоор буюу нэгдүгээр сарын 11-н хүртэл сунгах шийдвэр гаргав.  

Хөл хорио №3. 2021.02.11-2021.02.23

Битүүний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай дахин хатуу хөл хорио тогтоохоор болов

Энэ үед Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорионы үеэр халдварыг 3-4 дахин бууруулна.

Энэ үеэр 1 хаалга 1 шинжилгээ хийнэ. Өдөрт 42,000 шинжилгээ хийнэ. Нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй. Зайлшгүй ажиллах төрийн байгууллагын ажилтнуудад үйлчилнэ. Гэрээс гарахгүй байх зарчмыг хатуу баримтална. Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр болон оршуулгын ажилд оролцох бол PCR шинжилгээ болон нотлох баримтуудыг шаардана.

Эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, нөөцийн махны худалдаа, супермаркетууд ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ сахин хэвийн үргэлжилнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Ингэхдээ гэр, ажил гэсэн маршрутаар л явна. Байгууллагууд QR кодоор бүртгэлээ заавал явуулна. Тусгаарлалтад байгаа иргэдийг технологийн дэвшил ашиглан хянана” гэж байв.

Хөл хориог хэрэгжүүлж эхэлсэн өдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 2,207 байснаас 1,618 нь эдгэрсэн буюу 589 хүн эмчлүүлж байсан. Хоёрдугаар сарын 23-н гэхэд 131 тохиолдол нэмэгдсэнээр хатуу хөл хорио дуусав.

Энэ удаагийн хөл хорионй үеэр “Нэг хаалга - Нэг шинжилгээ” арга хэжээг 18.4 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 523 мянган хүнийг PCR шинжилгээнд хамруулж амжилттай дууссан тул амны хаалтаа зүүгээд энгийн амьдралын хэв маягт шилжиж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан юм. Хотын дарга Д.Сумъяабазар мөн “Улаанбаатарын хэмжээнд коронавирусийн халдварын голомтууд хяналтад орсон” гэж мэдээлсэн.   

Улмаар хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайд АстраЗенека вакциныг өөртөө тариулснаар Монгол Улсад вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн

Үүнтэй зэрэгцээд кинотеатр, үсчин, фитнесс, үзвэр гээд олон улсад халдварын хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн бүх төрлийн үйл ажиллагааг эхлүүлэх дэлхийгээс зөрсөн шийдвэр гаргасан. 


Түүнчлэн гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг нээхээр шийдсэн юм. 

Дээрх шийдвэрүүдийн үр дүнд гуравдугаар сарын 6-9-нд УДЭТ-т тоглогдсон "Анна Каренина" жүжгийн баг, театрын ажилчдаас 54 тохиолдол батлагдаж, 900 гаруй үзэгчийг шинжилгээнд хамруулахад хүрэв.

Харин энэ хооронд орон нутагт халдвар дэгдэж, гуравдугаар сарын 17-н гэхэд долоон аймагд COVID-19-ийн өвчлөл бүртгэгдсэн байв.

Гамшгийн үеийн дэглэмийг бууруулах дээрх шийдвэрүүд гарахаас өмнө халдвар нийтийн дунд байсаар байгааг нотлох хоёр жишээг дурдвал

2021.02.16-нд Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Нэг хаалга-Нэг шинжилгээ хийх үеэр олон нийтийн дундаас 5-6 хүн коронавирусийн халдвартай нь батлагдсан” гэж мэдээлсэн бол 2021.02.15-нд ЭМ-ийн сайд С.Энхболд “Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын 120 гаруй голомт байгаагаас 30 нь идэвхтэй байна” гэж мэдээлж байв.

Ийнхүү энгийн амьдралдаа шилжээд хагас сар ч бололгүй халдвар Улаанбаатараас хальж орон нутагт дэгдэн, нөхцөл байдал улам хүндрэв. Ийм эрсдэл өндөр байсныг ЭМЯ, ХӨСҮТ-ээс удаа дараа сануулсан байдаг. 



ЭМЯ-наас гурван ч удаа УОК, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байдаг. 

2021.03.11 

Хөл хориог 28 хоног тогтоох санал гаргахдаа “Халдварын гинжин хэлхээ тасраагүй байхад хөл хориог сулруулснаас дараах нөхцөл байдал үүссэн” гэдгийг тодотгосон байна. Ийм учраас хамгийн үр дүнтэй арга нь 28 хоног хөл хорио тогтоох бөгөөд тийм боломжгүй бол 10-аас дээш хүн цуглахгүй, фитнесс, баар, ресторан, караоке зэрэг олон хүн цугладаг газруудыг түр хугацаанд хаах гэгчлэн саналуудаа гаргажээ. Вакцинжуулалтад хамрагдсан иргэд дараагийн тунгаа хийлгэхээс өмнө халдварт өртөж, дархлаажуулалтын үр дүн буурах эрсдэлтэй байгааг сануулав.

2021.03.16 

Өдөрт илрэх халдвар 400 давж ачаалал дийлдэхгүй болох эрсдэлтэй ба ор хүрэлцээгүй болсныг мэдэгдээд 14 хоногийн хугацаанд хөл хорьж вакцинжуулалтыг эрчимжүүлэх саналаа хүргүүлэв.

2021.03.29

Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 800 болж өсөх магадлал маш өндөр болсныг сануулж нас баралт нэмэгдэхээс гадна ор хүрэлцээгүй болсныг дахин сануулж мөн л 14 хоногийн хөл хорио тогтоох хүсэлт гаргав.

Мэргэжлийн хүмүүс хөл хорио тогтоох санал гаргасаар байлаа. 

  • 2021.03.18 "COVID-19-ийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас даваад эхэлбэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй"   
  • 2021.03.19 Халдварын тоо гуравдугаар сарын сүүлчээр өдөрт 200 давах тооцоолол байгаа тул хатуу хөл хорио тогтоох саналыг эрдэмтэд гаргав.

Эдгээр санал дэмжигдээгүй бөгөөд “Хөл хорио тогтоохгүй” хэмээн Засгийн газар, УОК, НОК мэдэгдсээр байлаа. 

  • 2021.03.07-нд НОК-ын дарга Д.Сумъяабазар: Хатуу хөл хорио тогтоохгүй
  • 2021.03.13-нд УОК-ын дарга С.Амарсайхан: Хатуу хөл хорио тогтоохгүй. Гуравдугаар сарын 15-наас улбар шар түвшин рүү 14 хоног шилжинэ.
  • 2021.03.22-нд С.Амарсайхан: Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагт зохицуулалт хийнэ
  • 2021.03.26-нд С.Амарсайхан:Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй
  • 2021.03.26-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон.

Ийнхүү хөл хорио тогтоохгүй хэмээн дахин дахин байр сууриа илэрхийлэх зуур орон нутаг халдвар хэдийнэ тархав. УОК-оос гуравдугаар сарын 15-наас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг зогсоосон боловч гуравдугаар сарын 17-н гэхэд ДОЛОО, 26-н гэхэд 13 аймагт COVID-19 бүртгэгдсэн юм.

Мэргэжлийн хүмүүс дахиад анхааруулж эхлэв.

2021.04.07 ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн: Хүмүүсээ хүндрүүлэхгүй, эндэгдэлгүй байлгахын тулд 28 хоног хатуу хөл хорио яаралтай тогтоох шаардлагатай байна гэдгийг хэлээд 

  • Хүн амын дунд халдвар өргөн тархсан үед бид хэчнээн хүний нөөцөө нэмж, тандалтаа сайжруулж, ардаас нь хөөсөн ч яагаад ч гүйцэхгүй. Хамгийн баян улсууд ч ингэж чадахгүй байгаа. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэжээгээ авах шаардлагатай.
  • Бүхий л жишгээс харахад халдварын гинжин хэлхээг таслахад дор хаяж 28 хоног буюу халдварын хоёр нууц үеийн хугацаагаар хорьж байж халдварын тархалтыг бодитоор хумих боломж гарч ирнэ. 
  • Дотоодод халдвар гарснаас хойш манай улс гурван удаагийн хатуу хөл хорио тавьсан. Эхнийх нь маш их үр дүнтэй болж, халдварыг хумиж чадсан ч харамсалтай нь дараагийн хоёр хөл хорионы хугацаа богино байсан болохоор халдварын гинжин хэлхээ тасрахгүй, хорионы дараа халдвартай хүмүүс их гарч ирсэн. 
  • Яг одоогийн нөхцөл байдал гэвэл эрчимт эмчилгээний орнууд дүүрч оргүй болж байна. Мөн эрчимт эмчилгээгээр мэргэшсэн хүний нөөц нь туйлдаж, ядраад хязгаарлагдмал болж байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо ихсэх тусам нэг хүнд тавих эмчилгээ үйлчилгээний чанар муудна, анхаарал суларна, орхигдох хүмүүс ихэснэ. Гэрээр хөнгөн гэж үлдэж байгаа хүмүүст тавих хяналт суларна. Тэр хэмжээгээр хүмүүс өвчнөө хүндрүүлж эмнэлэгт ирэхэд эрчимт эмчилгээний ор байхгүй, эрчимт эмчилгээний эмч ч олдохоо болино.
  • Вакцинжуулалт хурдтай хийгдэж байгаа нь сайн хэрэг ч үүнтэй зэрэгцээд халдвар маш хурдтай тархаж байна. Энэ хэвээрээ байвал вакцинжуулалтын үр нөлөө маш бага гарна гэдгийг анхааруулав.



Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 459 хүн COVID-19-ийн халдвараа эмчлүүлж байгаад нас бараад байна.

Анхны нас баралт 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд тохиолдсон бол 2021 оны дөрөвдүгээр сарын 5-наас нас баралт өдөр бүр тасралтгүй бүртгэгдсээр байгаа юм. Ийнхүү нас баралт өдөр бүр бүртгэгдэхээс өмнө нийт 15 хүн амиа алдсан байснаас дөрөв нь өөр өвчний шалтгаанаар эндсэнийг ЭМЯ мэдээлж байв.

Хэрэв ЭМЯ, ХӨСҮТ-ээс ирүүлсэн зөвлөмжийн дагуу халдварын гинжин хэлхээг тасрах хугацаагаар, гуравдугаар сарын 11-нээс хойш нэг удаа хөл хорио тогтоосон бол нас баралт ийм хэмжээнд нэмэгдэхгүй байх байсан болов уу. 

Хөл хорио №4. Хэтэрхий оройтсон шийдвэр

Ийнхүү өмнөх хөл хориог сулруулснаас хойших сар хагасын хугацаанд 18 аймагт халдвар тархсаны дараа дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. 

Гэвч энэ бол хэтэрхий оройтсон шийдвэр байв.

Уг шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан юм. 

2021.04.13-нд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 28 хоногийн хөл хорио тогтоож, дархлаа тогтоц 70%-д хүрвэл долдугаар сараас өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орно гэж мэдээлж байв. 

Гэвч Засгийн газар дээрх шийдвэрээсээ нэг хоногийн дараа вакцинжуулалтыг 15 хоног зогсоож байгаагаа мэдэгдсэнээс гадна тун хоорондын зайг 56 хоног болгон сунгаж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь татан авалттай холбоотой гэдгийг тайлбарласан. 



Вакцины татан авалтыг хийснээр дархлаажуулалтыг улс даяар дөрөвдүгээр сарын 22-ноос эрчимжүүлсэн. Гэхдээ вакцинжуулалтын дүнг зорилтот бүлгээрээ зарлаж байсан нь хүмүүс төөрөгдөл үүсгэн хэт тайвшрал бий болгосон. 

Үнэндээ 2021.06.21-ний байдлаар нийт хүн амын 52.1% нь л хоёр дахь тунгаа хийлгээд байна. Вакцины дархлаа тогтоох чадварыг 80% гэж тооцвол нийт хүн амын ердөө 41.7% нь дархлаатай болсон гэсэн үг. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ сахих нь маш чухал байгааг энэ тоо харуулж байна.



Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нөхцөл байдал маш хүнд болоод байна. Нийт халдварын тохиолдол 100,000-д дөхөж, БНХАУ-ын үзүүлэлтээс давав. Нас баралт 500 дөхөж, эмчлэгдэж 30,000 гаруй хүнээс 226 нь маш хүнд байгааг ЭМЯ мэдээлсэн. Өдөрт халдварын тохиолдол 2,000 давж батлагдаж байгаа ба орон нутагт халдвар улам эрчимжсээр байна.

Өчигдрийн байдлаар л гэхэд маш хүнд хүний тоо 226 болж, эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөц дутагдалд орж, эмнэлгүүд дүүрч, хүнд хүмүүсээ ч хэвтүүлж чадахгүйд хүрээд байна. Хүмүүс эмнэлэгт хэвтэх хоногоо хүлээж чадалгүй гэртээ нас барж, дөнгөж төрсөн нярай эхээсээ хагацаж, олон хүүхэд өнчирсөөр. 

Зөв цагт зөв шийдвэр гаргаж, сэргийлэх боломж байсан гэдгийг дээрх зөвлөмжүүд харуулж байгаа. Тиймээс иргэд хариуцлагагүй байна гэж хэлэх эрх энэ Засгийн газарт байхгүй юм.

Өнөөдөр зургаадугаар сарын 22-н. Нар буцаж, "КОВИД-гүй зун" дууслаа. 



Холбоотой мэдээ