Япон улс Афганистанаас анхны дүрвэгчээ хүлээж авлаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-14 13:08:12

Ням гарагийн орой Афганистаны дөрвөн дүрвэгч Наритагийн олон улсын нисэх буудалд газардсан тухай Япон улсын гадаад хэргийн яам Даваа гарагт мэдээлжээ.

Ирсэн дүрвэгчид нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн афган ажилтан, түүний гэр бүлийн гишүүд юм байна

Талибанчууд Афганистаны засгийн эрхэнд гарснаас хойш Япон улс анхны дүрвэгчдээ хүлээж авсан нь энэ юм. Дүрвэгчид наймдугаар сарын сүүлчээр Афганистаны хилийг давж чадсан бөгөөд ингэхдээ Японы засгийн газраас ямар нэг туслалцаа аваагүй юм байна.

Харин хил давсныхаа дараа Японы талаас тусламж хүссэн ажээ.

Дүрвэгчдэд богино хугацааны виз олгож, цар тахлын журмын дагуу тусгаарласан байна. Цаашдаа Японд үлдэх, эсвэл өөр улс орон руу цагаачлах эсэхээс нь хамааран асуудлыг шийдэхээ Японы гадаад хэргийн яам мэдэгджээ.

Японы засгийн газар JICA болон бусад байгууллагад нь ажиллаж байсан афганчуудыг татаж авах асуудлаар Талибаны засгийн газартай үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Мөн Японы их сургуулийг төгссөн афганчуудыг батлан даагчтай тохиолдолд хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Катарын нийслэл Доха хотод ирээд байгаа Афганистаны дөрвөн дүрвэгчийг ойрын үед татаж авахаар ажиллаж байгаа гэнэ. Тэд бас өөрсдийн хүчээр Афганистаны хилийг давж чадсан юм байна.

Япон улсын засгийн газар өрнөдийн бусад улсуудын нэгэн адил Кабулаас иргэдээ болон холбоотон афганчуудыг нүүлгэн шилжүүлэхээр зэвсэгт хүчний нисэх онгоцоо илгээж байв. 

Анх нийтдээ 500 орчим хүнийг нүүлгэх төлөвлөгөөтэй байсан ч наймдугаар сарын 31-ний байдлаар өөрийн ганцхан иргэнийг 14 афган хүний хамт нүүлгэж чаджээ. Гэхдээ 14 афган дүрвэгчийг АНУ-ын талын хүсэлтээр тээвэрлэсэн юм байна.

Эх сурвалж: Kyodo News

Холбоотой мэдээ