Автомашин ачихад таван минут хангалттай

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-16 02:51:04

Авто зогсоолын хүрэлцээгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд тавиад яаруу сандруу ажлаа амжуулна.

Түгжрэлийн бууруулах үүднээс автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 14  ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж.

2015 онд батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдсэн.


Тухайлбал, ачилтын компанийн ажилчин ачих автомашины дөрвөн талаас нь зургийг нь авч баримтжуулна. Харин  машины урд суух нэг нь гурван удаа чанга яригчаар тухайн автомашины улсын дугаарыг дуудав. Энэ хугацаанд жолооч нь  амжиж гарч ирсэнгүй. Тиймээс тухайн автомашиныг  ачихад таван минут шаардагдсан юм. Үнэндээ  чанга яригч нь тод сайн  сонсогддоггүй учраас  оффисын өндөр барилгад ажилладаг хүн бол ойлгож сонсохооргүй. 

Ачилтын команийн ажилтан “Чанга яригчаар автомашины улсын дугаарыг дуудсаны дараа зөөн шилжүүлэхийн тулд бэхэлгээ татлага хийхээс авхуулаад процетурын ажил явагдана. Энэ хугацаанд жолооч гарч ирсэн тохиолдолд автомашиныг үнэ төлбөргүй буцаан олгоно. Харин зөөн шилжүүлж байхад жолооч  ирвэл буцаан өгөхгүйгээр журмын хашаанд очиж байж асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл иргэд автомашиныг нь ачаад гэрлэн дохио, уулзвар аль эсхүл түгжрэлд зогсч байхад хойноос нь гүйгээд ирдэг. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал машин ачих, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчих тохиолдол багасахгүй байгаа учраас ачилтын компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа” гэдгийг хэлэв.

Бид дараах  асуудлаар  “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Б.Наранбаатараас тодрууллаа.

АЧИЛТЫН 14 КОМПАНИ 60 МЯНГАН ТӨГРӨГИЙН 10 ХУВИА НИЙСЛЭЛД ӨГӨХ  САНАЛ ХҮРГҮҮЛСЭН 



Хувийн 14 ачилтын компани жилд хэдэн төгрөгийн орлого олдог вэ? Олсон орлогоос тодорхой хэмжээний мөнгийг улс, нийслэлийн төсөвт төвлөрүүлдэггүй гэх шүүмжлэл их байдаг шүү дээ?

Машины тоо, ачилтын хамрах хүрээ зэргээс шалтгаална. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдийн дотоод асуудал болохоор би нарийн тоо баримт хэлж чадахгүй. Ямартай ч дүүргээр нь авч үзэхэд Хан-Уул дүүргийн 2-3 журмын хашаа ачаалал багатай байдаг бол Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн компаниуд асар их ачаалалтай байдаг. Хувийн компаниуд аж ахуйн нэгжийн татвар төлдөг. Тухайн компани орлогын албан татвар, НӨАТ-ын арван хувь гэхчлэн татвараа төлөөд явдаг. Үүнээс гадна урсгал зардлаа тооцно. Тухайлбал, журмын хашааны түрээсийн мөнгө, ажилчдын цалин, шатахуун тос, тээврийн хэрэгслийн ачилтын зардал гэх мэтчилэн зардал байдаг. Тэгээд үлдэгдэл нь өөрсдөд нь ашиг болдог.

2020 оны гуравдугаар сарын 21-нд Нийслэлийн авто замын хөгжлийн газарт ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг өгөх  санал хүргүүлсэн. Сүүлд буюу 2021 оны хоёрдугаар сарын 9-нд  энэ саналаа дахин  хүргүүлсэн. Энэ асуудлыг  Нийслэлийн авто замын хөгжлийн газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу  оруулж, шийдвэрлүүлнэ. Ачилтын 14 компанийн гаргаж буй энэ санал нь бид  10 хувиа өгье, түүнээсээ нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолыг нэмэгдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нийслэлийн замын санд төвлөрүүлэх зорилготой.   Энэ бол том ажил. Авто зогсоол нэмэх нь эргээд жолооч нарт хэрэгтэй. 

2020 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн автомашин ачилтыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь иргэдийн дунд ачилтын компаниудын ажилчдыг цагдаа нартай тохиролцож, зөвшөөрлийн хуудсыг нь өөрсдөдөө аваад явж байдаг гэх хардлагыг өөрчилнө гэж  та өмнө нь дурдсан удаатай.  Энэ ажил нь үр дүнгээ өгч байна уу?

-Ачилтын компанийн ажилчид ачих машины дөрвөн талаас бичлэг хийж баримтжуулаад орчныг нь харуулсан зураг бичлэгийг Тээврийн цагдаагийн алба эсвэл Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээхэд бичлэгийг нь шалгаад ачих эсэхийг нь шийддэг болсон.

Харин 2020 оны есдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө цагдаагийн алба хаагч бичгээр зөвшөөрөл олгодог байсан. Цахим системд шилжсэнээр гудамжинд явж буй цагдаа нар машин ачих зөвшөөрөл өгөхөө больсон гэсэн үг. 

Ачилтын компанийн илгээсэн автомашины зөрчлийг цагдаагийн алба хаагч хараад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтооно. Зөрчсөн бол зөвшөөрлийг нь цахимаар өгнө. Зөвшөөрөл өгөх үед ямар компанийн аль ачигч автомашинаас хүсэлт ирж байгаа нь харагдахгүй. Зөвхөн тухайн ачуулах гэж байгаа автомашины мэдээлэл л ирнэ. Харин зөвшөөрөл өгөх юм уу татгалзсаны дараа аль компанийн ямар автомашин гэдгийг харах боломжтой.

Тэгвэл автомашиныг тээвэрлэх, зөөн шилжүүлэх явцад гэмтэл, хохирол учруулсан тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Алдаа дутагдал үргэлж биш ч хааяа нэг гарна. Машин ачигч байгууллагуудыг эрсдэлийн даатгалтай болгосон. Эрсдэлийн даатгалтай болгосноор тухайн ачиж буй автомашиныг гэмтээсэн тохиолдолд тухайн байгууллага хохирлыг 100 хувь барагдуулна. Түүний дараа тухайн байгууллага нь даатгалд хандаж мөнгөө авна. Даатгалын системээр асуудлыг шийдвэрлэдэг болсон.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨВӨРЛӨН ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Үүнээс гадна Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/  Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар болжээ. 

Тус журамд шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хурал  наймдугаар сарын 24-нд болсон байна. Ийн хуралдсан нь ачилтын компанийн ажилтан, жолооч нарын хооронд маргаан үүсч, ачилтын компанийн ажилтныг мэсээр гэмтээсэн хэрэгтэй холбоотой юм. 

Энэ үеэр  НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт  “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхэд төрийн байгууллага, иргэн, хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол гарч,  улам даамжирч байна. Тиймээс  гарч буй асуудлыг судалж, дүрэм, журамд тухай бүрд нийцүүлэн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай.  Ингэхдээ хэтэрхий нэг талыг барьж бус  холбогдох бүх байгууллагаас санал авч одоогийн ачиж, түр саатуулах үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдэд мэдэгдэх, гар утсанд нь зурвас илгээх, зарим тохиолдолд холбогдож мэдэгдэх зэрэг санал гаргаж байна” гэх байр суурийг илэрхийлжээ. 

Мөн холбогдох байгууллагууд иргэдээс санал авахад олон нийтийн байцаагч ажиллуулах санал түлхүү иржээ. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл зогсохыг хориглосон 170 орчим зам талбай бий. Тиймээс хамгийн их ачилт хийгддэг зам талбайд олон нийтийн 318 байцаагч ажиллан тухайн автомашиныг ачих эсэх зөвшөөрөл олгох зохицуулалт яригдаж эхэлжээ. Дараагийнх нь Барууны улс орнуудын адил автомашины нүүрний хэсэгт торгуулийн хуудсыг наах санал яригдаж байгаа аж. 




Холбоотой мэдээ