О.Баасанхүү: Улсын начин Э.Энхбат өнөөдөр хагас үхлүүт байдалтай байгааг ойр дотных нь хүмүүс хэлж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-07 21:08:05

Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү Д.Монголхүүгийн саатуулагдсан асуудлаар ЦЕГ-аас өгсөн тайлбарт хариу тайлбар хийлээ.

Тэрбээр “Бид тэвчээртэйгээр анхааралтай ажиглаж байгаа. Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудалд цагдаагийн байгууллага өөрсдийгөө зөвтгөсөн. Хуулийн дагуу арга хэмжээ авсан байдлаар ярьж байгаа. Тухайлбал иргэнийг шөнө албадан баривчилсан ажиллагааг Эрүүгийн хуулийн 23.1 гэдэг заалтын дагуу үйл ажиллагаа явуулсан гэсэн тайлбар өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд процессын ажлыг явуулахдаа прокурорын дуудах хуудсаар авч ирдэг.

Мөн дуудах хуудас өгсөн ч ирэхгүй байвал албан баривчлах ажиллагааг шүүхийн шийдвэр гарсны дараа хийдэг. Албадан баривчлах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн бие төлөөлөгч оролцох нь ойлгомжгүй байна. Тэр тусмаа шөнө дунд хойшлуулшгүй баривчлах ажиллагаа явуулах гэж байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд хийгддэг. Гэтэл Д.Монголхүү Ардчилсан намын томилолтоор Хэнтий аймаг руу сурталчилгааны ажилд яваад буцаж ирэхдээ хоригдсон. Энэ асуудлыг эмзэг хүлээн авч байна.

Мөн иргэн Э.Одбаярыг хорих 461-р анги руу дайрч баривчлагдан хоригдож байгаа этгээдийг булааж авч явсан юм шиг сэтгэгдэл төрөхөөр мэдэгдэл хийсэн. Судална.

Ардчилсан нам зохих ёсны мөрдөн шалгах ажиллагаанд шууд оролцож чадахгүй. Аливаа хорих байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлдэг. Хорих ангид янз бүрийн этгээдүүд хоригддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад галт зэвсэг хэрэглэх эрх нь байгаа. Өөрөөр хэлбэл, онцгой бүс рүү халдсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй. Гэтэл жирийн иргэн терроризм хийсэн юм шиг мэдээлэл цацаж болохгүй. Тиймээс цагдаагийн байгууллагын хуулиа нэн дариу өөрчлөх шаардлагатай болжээ. Цагдаагийн байгууллага хандлагаа өөрчилмөөр байна.

Д.Монголхүүгийн асуудалд гуталны хэрүүл хийгээд байна. Хайрцаг дотор хүүхдийн гутал байсан гэж байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагаас хайрцаг дотор тэсэрч дэлбэрэх галд шатамхай материал байж болзошгүй хэмээн айгаад оруулаагүй юм шиг яриад байгаа. Цагдаагийн байгууллагын тухай хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болсон

Улсын начин Э.Энхбат өнөөдөр хагас үхлүүт байдалтай маш хүнд биеийн байдалтай байгааг ойр дотных нь хүмүүс хэлж байна. Энэ талаар гэр бүлийнхэн нь надад албан бусаар хэлсэн. Би 20 гаруй жилийн хуулийн салбарт ажиллаж байна. Хүнийг ийм аймшигтай болгосон Н.Түвшинбаярыг барьж хорихгүй байхыг хараад гайхаж байна. Ерөнхий сайдын найз байвал ямар ч хүн гэмт хэрэг хийсэн хоригддоггүй юм шиг ойлголт байж болохгүй. Хүн болгонд хууль тэгш үйлчлэх ёстой” гэв.


Холбоотой мэдээ