Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцруулах “ТОХИРОО НЬ БҮРДЖЭЭ"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-09 08:47:59

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим ганхаж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нийгэмд өрнөсөн эмх замбараагүй олон үйл явдлууд Засгийн Газар ажлаа сайн хийхгүй байгааг харуулж байна. 

Ялангуяа нийгмийг хамгийн их бухимдуулсан шатахууны хомстол, шахмал түлшний борлуулалтын ажил урагшлахгүй байгаа нь цар тахалд дарлагдаж хоёр жил гаруй хөлөө тушуулж, ходоодоо хэмжүүлсэн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь ч хүргэж мэдэхээр байна.

Ямар сайндаа 1990 оноос хойш 30 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдаж хал үзсэн өвгөн сайд Ц.Нямдорж ийм зүйл үзээгүй гэж толгой сэгсрэн халаглаж байх вээ дээ. 

Үнэхээр ч түүний хэлсэн шиг 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш нийгэм, эдийн засгийн ийм хэмжээний гүн хямралыг бид үзээгүй. 

Цаашдаа ч нөхцөл байдал сайжрах эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ сайд нартаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сануулаад өнгөрсөн.   

Мөн саяхан болсон ҮАБЗ-ийн хуралдаан дээр МАН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж сайд нартаа хариуцлага тооцох ёстойг сануулсан гэх мэдээлэл ч байна.

Энэ бүхнээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаанд хэн хүнгүй  сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. 

Магад түүний танхимыг огцруулах асуудал УИХ дээр тун удахгүй яригдах биз.

Угаас Засгийн Газрыг огцруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хөндөөд удаж байна. 

Тэд энэ сарын 1-нд буюу УИХ-ын намрын чуулган нээгддэг өдөр төв талбай дээр жагсаал зохион байгуулж ЗГ-ыг огцруулах шаардлага тавьж буйгаа илэрхийлсэн. 

Мөн Засгийг газрын оновчгүй, бодлогогүй гаргасан шийдвэр бүрийн цаана хувийн аж ахуй нэгжүүд хохирч байгааг эсэргүүцсэн No Double Standart хөдөлгөөний залуус ч Засгийн Газрыг огцруулахыг шаардаж жагсах болсон.

Зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх явдал байдаг гэдэг шиг Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж буй АН-ынхан болон “No Double Standart” хөдөлгөөнийхөн нэгдэж тэмцлээ улам бүр хурц хэлбэрт шилжүүлж буй нь ЗГ-ын хувьд муу мэдээ.

Эрх барьж буй МАН хүчтэй нөлөөтэй байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар найдвартай хамгаалалттай гэсэн үг биш. 

Тос дотроосоо өтдөг гэдэг шиг МАН дотор ч Л.Оюун-Эрдэнийг унагаж засгийн эрхийг авахаар санаархаж буй нөхөд цөөнгүй. 

Үеийн үед л ийм байсаар ирсэн. 

Улс төр дэхь эрх мэдлийн төлөөх тэмцэлд ямагт харгис, жудаггүй байдаг хойно.

Ялангуяа парламентад 62 суудалтай МАН-ын хувьд гишүүдээ өгөх бялууны хэрчмээ хэрхэн яаж хуваах вэ гэдэг нь толгойны өвчин байсаар ирсэн. 

Ямартай ч өнгөрсөн парламентад нэг нам хоёр тусдаа бүлэгтэй болтлоо муудаж, хөнжилдөө хөлөө жийлцэх вээ дээ. 

Ёстой л нөгөө хүн нэмэгдвэл хүн нэмэгдэн гэгчээр эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдэж буй МАН-ын олон өлсгөлөн ам нэгнийгээ хэзээ мөдгүй тасдан, зулгаахад бэлэн буй.

Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн өнөөг хүртэл улстөрд явсан түүхэн замнал богино хэдий ч адармаатай. 

Тэрбээр өөртөө дэндүү олон дайсан хураасан. 

М.Энхболдыг л огцруулчихвал бүх зүйл сайхан болно гэж жагсаал толгойлж явсан түүнийг МАН дотор хорхойтой араандаа зуучихсан яваа улстөрчид цөөнгүй. 

Одоо ч нэр нөлөө нь буураагүй нууц ноёнтнууд МАН дотор чимээгүй ажиглагдаж  суугаа. 

Дээр нь цар тахлын халдварын тархалтыг хяналтаасаа алдсан Засгийн Газар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн 20 гаруй их наяд төгрөгийн арга хэмжээ нь ямар ч үр дүнгүй болсон нь үнэн.

Тиймдээ ч Засгийн газрын үүрэг хариуцлагын асуудал ганц нэг сайдаар туг тахиад намжих хэмжээний биш, бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэмжээнд тулж ирээд байна.  


Холбоотой мэдээ