“Эрдэнэс Монгол”-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Н.Отгонбаатар гэгчээс 3 удаагийн үйлдлээр 1,0 сая ам.долларыг авилгад авчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-22 13:54:19

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ний орой “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн гэр, албан өрөө, хувийн оффист нь нэгжлэг хийсэн. АТГ-ын мөрдөгчид энэ үеэр Д.Хаянхярваа бусдаас авилгад авсан байж болзошгүй их хэмжээний бэлэн мөнгийг хувийн оффисоос нь хурааж, түүнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан юм.

Улмаар өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярвааг 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргаад байна.

Д.Хаянхярваагийн зүгээс өөрт холбогдох хэргийн талаар “Миний бие Улсын Их Хурлын гишүүнээр 12 жил ажиллаж 2020 оны зургадугаар сард бүрэн эрхийн хугацаа дуусч, мөн оны аравдугаар сарын 12-ны өдрөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн.

2020 онд Засгийн газрын эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд Ц.Нямдорж болон Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар тус компанийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны мөрөөр авч хэрэгжүүлэх тогтоолд 2019 оны тус компанийн худалдан авах ажиллагааг Авилгатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 11, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн.

Гэтэл 10 дугаар сарын 18-ны өдөр гэрт, албан болоод хувийн оффист нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээж, улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авилгатай тэмцэх газраас явууллаа. Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авилга албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо. Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдаж авах ажиллагаатай холбоотой асуудал байсан” гэдэг мэдээллийг олон нийтэд хандаж өгөөд байгаа юм.

Харин баттай эх сурвалжаас авсан мэдээллээр хуулийн байгууллагын зүгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг дээр дурдсан асуудлаар бус огт өөр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.

Тодруулбал, Д.Хаянхярваа нь өнгөрсөн хугацаанд буюу “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх явцдаа Н. Отгонбаатар гэгчээс 3 удаагийн үйлдлээр 1,0 сая ам.долларыг ойрын хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж авсан болох нь тогтоогдсон нь түүнийг ийнхүү шалгах үндэслэл болжээ.

Тэрбээр “Эрдэнэс монгол” ХХК-ийн эзэмшлийн Шивээ овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВТ цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх асуудалд Н.Отгонбаатар гэгчид давуу эрх олгосон болох нь тогтоогдсон байдаг бөгөөд хууль, шүүхийн байгууллагын зүгээс Д.Хаянхярваа нь цаашид хэргийн ул мөрийг баллаж болзошгүй гэдэг үндэслэлээр нэг сарын хугацаатай цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Мөн Д.Хаянхярваа нь 2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа иргэн н.Цэрэнсодном гэгчээр дамжуулж “Хүннү 2222” хотхонд 175м2 байр авсан гэдэг асуудал тодорхой болсон гэх мэдээлэл байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.


Холбоотой мэдээ