Холбоотны цэргүүдийг гайхшруулсан Германы "дугуй танк"-ны түүх

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-23 08:28:18

1945 онд Манжуурыг Япончуудаас чөлөөлснийхөө дараа ЗХУ-ын цэргүүд нэгэн цэргийн баазаас өвөрмөц байлдааны хэрэгсэл олжээ. Тэр нь нэг хүний багтаамжтай дугуй хэлбэр бүхий хуягласан танк байв. Энэхүү 2 тонн жинтэй "Kugelpanzer" (дугуй танк)-ийг япончууд холбоотон германчуудаас хүлээн авсан нь тогдоогдсон юм. Ямартай ч энэхүү этгээд танк нь "хамгийн ер бусын байлдааны хэрэгсэл" гэж нэрлэгдсэн байна. 

"Kugelpanzer"-ийг харсан зарим зөвлөлтийн цэргүүд зөгнөлт зохиол дээр гардаг шиг харь гарагийн төхөөрөмж хэмээн андуурсан байдаг. Тус танкны хуяг нь 5 мм зузаан байсан юм. Энэ нь их бууны багийг хамгаалахад ашигладаг бамбайтай ижил хэмжээний юм. Тус танкны хоёр талын цилиндрүүд нь эргэлдэж нэг ёсны дугуйны үүргийг гүйцэтгэнэ. 

Цилиндрийг шаварт суух зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сэнж суулгаж өгсөн байна. Такны тэнцвэрийг хадгалах үүднээс арын хэсэгт жижиг дугуйгаар бэхэлгээ хийж өгсөн аж. Зарим хувилбарт нь дэр дугуйг жолооны хүрд болгон ашиглах боломжтой байв. 

Хамгийн сонирхолтой нь танкны жолоочийн суудал нь эмээл шиг хэлбэртэй сандал байжээ. Сандал дээр суусан хүн яг урдаа байгаа жижиг нүхээр замаа харж явах юм. Жолооч нь арын нээлхийгээр орж суух зориулалттай бөгөөд бусадтайгаа FuG2 загварын радиогоор харилцана. 

Моторны хувьд мотоциклийн нэг цилиндртэй 25 морины хүч бүхий хоёр шатлалт хөдөлгүүр суурилуулсан гэжээ. Харамсалтай нь тус танк нь шулуун зам дээр ердөө 8 км/ц хурдалдаг байсны дээр бартаа ихтэй тэгш бус газар дээр явах юм бол амархан хөмөрч унах аюултай байв. 

Мэдээж хэрэг имй жижиг хэмжээтэй учраас их буу байгаагүй. Харин MG-42 явган цэргийн пулемёт дотор талд нь суурилуулах зориулалттайгаар бүтээгджээ. 

Харамсалтай нь Дэлхийн 2-р дайны үед аль ч фронт дээр "төмөр бөмбөг"-ийг ашиглаагүй байна. Хэрвээ тэгсэн бол хаа нэгтээ заавал тэмдэглэж үлдээсэн байх учиртай. 

Мөн энэхүү байлдааны хэрэгслийн тухай бичиг баримтууд Японы баазуудад огт байгаагүй бөгөөд тэдгээрийг албаар устгасан гэж үздэг. Гэхдээ олон судлаач "Kugelpanzer"-ийг Германы "Krupp" зэвсгийн үйлдвэрт хийсэн гэж үздэг. Учир нь цор ганц үлдсэн хувилбар нь 1930-аад онд тус үйлдвэрээс гарч яваа нь харагдсан тухай хэд хэдэн эх сурвалжууд мэдээлсэн байдаг юм. 


Ямартай ч танкыг бүтээсэн хүмүүс явган зэргийг бүх талаас нь сумнаас хамгаалах хэрэгсэл бүтээхээр шийдсэн нь тодорхой. Тус танкын дугуй хэлбэр нь бүх талаас ирсэн сумыг ойлгох, усанд унасан ч хөвөх, том цилиндр дугуй нь ямар ч гадаргууг туулах зориулалттай ажээ. 

Анх Дэлхийн 1-р дайны үед Их Британичууд дайны талбарт ашиглаж байсан ч 1905 онд Германчууд хуягласан байлдааны хэрэгсэл хийх санааг дэвшүүлсэн түүхтэй. Тухайн үед ийм дугуй хэлбэрийг хамгийн тохиромжтой хэмээн үзэж байсан аж. 

Үүний дагуу 1915 онд Оросууд "Обой" хэмээх өндөгөн хэлбэртэй танкын зураг төсөл гаргасан байдаг. Гэхдээ энэхүү хэрэгсэл нь хэдэн зуун метрийн хэмжээтэй учраас явдаг цайз ч хэмээн нэрлэж байв. Энэхүү цайз нь дайсны бэхлэлт рүү шууд явж ороод дотор талаас нь бүгдийг устгах зориулалттай аж. Мэдээж ийм зүйлийг бүтээх боломжгүй байсан юм.

Ямартай ч дугуй хэлбэртэй танк нь 1920-1930 аад оныг хүртэл "моод" хэвээр байв. жишээлбэл, "хоёр бөмбөрцөг бүрхүүлээс бүрдсэн танк"-ыг 1930 онд Зөвлөлтийн зохион бүтээгч С.Г.Зайцев патентжуулсан байдаг. 

Харамсалтай нь дугуй танкыг амьдралд нэвтрүүлэх ямар ч боломжгүй байсан учраас дээрх төслүүд нь бүгд цаасан дээр үлджээ. Гагцхүү "Kugelpanzer" нь ийм төрлийн загварыг бодит амьдралд нэвтрүүлсэн цор ганц жишээ гэдгээрээ туйлын онцлог юм. 


Гэхдээ энэхүү дугуй танкыг яг ямар зорилгоор ашиглах байсан нь өнөөг хүртэл маргаантай байгаа. Зарим хүмүүс нацистын өмнөд туйл дээрх бааз дээр "Kugelpanzer"-ийг ашиглах гэсэн хэмээн үздэг. Харин япончууд эдгээрийг камиказэ танк болгон ашиглахөөр төлөвлөж байсан гэх онол бүрэн боломжтой юм. Учир нь дотор нь тэсрэх бөмбөгтэй суусан цэрэг замдаа алагдана гэж санаа зоволтгүй хуягласан тээврийн хэрэгсэлтэй дайсны дунд ороод өөрийгөө тэслэж чадна. 

Гэсэн хэдий ч бүх баримтыг нягталж үзсэн судлаачид "Kugelpanzer" бол ажиглалтын цэгийн үүрэг гүйцэтгэх хөнгөн хуягт машин гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнд суусан цэрэг дайсны галын бүсэд чөлөөтэй орж, ажиглалт хийгээд буцаж ирэх ёстой аж. Энэ онолыг "Kugelpanzer"-ийн цорын ганц бүрэн бүтэн хувилбар байрладаг Кубинка дахь хуягт музей албаг ёсны хэмээн танилцуулдаг гэнэ. 

Гэхдээ танкын үзэгдэх орчин хэтэрхий бага учраас үүнийг няцаах бүрэн үндэслэл бий. Ямартай ч "Kugelpanzer"-ийн тухай мэдээлэл бараг байхгүй учраас бид таамаг гаргахаас өөр зүйл хийж чадахгүй юм. 



Холбоотой мэдээ