МАНДАЖ БУЙ НАРАНД ЗАЛБИРАХАД ХҮСЭЛ БҮХЭН БИЕЛДЭГ…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-12-01 05:34:35

Би их “шашин”-лаг хүн биш.

Гэхдээ би өглөө болгон аливаа бурханд биш харин наранд залбирдаг. Адгийн үйлдэл хийсэн хүнийг ч элбэрэн ээдэг, нэг ч өдөр алгасалгүй өгөөмөр нь аргагүй манддаг, хүн төрөлхтнөөс хэдэн зуу дахин илүү насыг насалсан учраас нарны туяанд өөрийнхөө бодол сэтгэлийг даатгаж сүсэглэхэд юунаас ч илүү их итгэл үнэмшил төрдөг юм. Яаж гэдгийг нь чамтай хуваалцъя. Өглөө эртлэн босоод, цайгаа тухтайхан уунгаа өдрийн ажлаа төлөвлөн суухын жаргалыг мэдэрч байсан биз дээ? Ай, мөн ч сайхан шүү. Үүнээс гадна өдөр бүрийг өөдрөг угтахад хамгийн чухал зүйлсийн нэг нь миний хувьд өглөөний нарны сайхныг биширч, цонхон дээрээ юмуу тагтан дээрээ гарч зогсоод нартай ярилцах 5 хором байдаг. Ингэхдээ мандаж буй нар зүгт хараад хоёр гарын алгаа нар луу харуулан зогсоод, нарны элч хэрхэн гарыг чинь, нүүрийг чинь ээж байгааг нүдээ аниад мэдэрнэ.

Тэгээд “Алтан нар минь өнгөт цацрагаараа амьдралыг минь гийж хайрла” гэж 3 удаа үнэн сэтгэлээсээ давтан хэлээд амьдралдаа, эргэн тойрондоо талархах 3 шалтгааныг хэлнэ. 

Жишээ нь:

1. Гэр бүлийн гишүүд минь эрүүл энх, эсэн мэнд байгаад талархья

2. Сайхан буянтай аав ээжээс төрж, ухаалаг хөөрхөн охид, хөвгүүдийн аав, ээж болгосонд баярлалаа, үр хүүхдүүдээрээ маш их бахархаж байна. Бяцхан биед нь баймгүй хэрсүү байдал нь заримдаа намайг гайхшируулах юм. 

3. Амьдралд тохиосон өөрчлөлт бүхэнд дасах чадвар хайрласанд баярлалаа.

Одоо би өөрчлөлт бүрээс сайн талыг харах чадварт илүү их гаршиж байна гэх мэт бодитой, үнэхээр талархууштай зүйлсийг олж хэлээрэй. Эсвэл яг хүсч байсан бэлгийг минь өгсөн хайртай найздаа баярлалаа, өнөөдөр дуртай даашинзаа өмсөх боломж олгосон цаг агаарт баярлалаа, цээж дүүрэн амьсгалах боломж олгосон сэвэлзүүр салхинд баярлалаа гэх мэт дээрхээс энгийн зүйлс ч байсан болно. Анзаарах юм бол, амьдралд талархах шалтгаан өглөө бүр шинээр төрдөг. Өглөөд ямар нэг шалтгаанаар наранд мөргөж амжаагүй бол өдрийн хурц наранд ч бас дасгалаа хийж болно. Гадаа нарны шууд тусгалд илүү үр дүнтэй ч цонхоор туссан наранд ч хийх боломжтой.  Гол нь сэтгэлийг чинь ариусгах зорилготой тул өөрөө л итгэж чадвал сэтгэл санаа хавьгүй дээрдсэнээ мэдрэх болно. Нарны элчийг мэдрэх бүртээ гэрэл гэгээг нь өөртөө шингээж байна гэж бодоод, гүнзгийг амьсгал аван 2 хором зогсоход л хангалттай. Ингэж талархлаар эхлүүлсэн өдөр чинь энгийн нэг өдрүүдээс хамаагүй өнгөлөг байх болно гэдэгт 100 хувь баталгаа өгье. Зөвхөн өглөө эрт боссоны үр шимээр бидэнд эрүүл саруул байдал, элбэг баян амьдрал, сэргэлэн ухаан бэлгэнд ирдэг гэдэг хэллэг бий. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нэгэн сонирхолтой үзүүлэлт гарч ирсэн нь алдартай зохиолч, судлаач, гүн ухаанч, суут ухаантан гэх мэт оюуны чадамжаа жирийн хүнээс илүү ашиглаж чадсан хүмүүсийн дийлэнх нь өглөөний 5-8 цагийн хооронд ажлынхаа голыг хийдэг байсан ба тухайн цагт шинэ санаа, бүтээлч байдал нь хамгийн өндөр байдаг байна.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ