Р.Эмүжин:Багш мэргэжилтэн нь үг үсгийн алдаатай бичдэг, сайхан байр, сайн нэрнээс цаашгүй сургууль…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-21 09:45:42

Улс үндэстнээр нь улайлгахаа болино уу… Ууртай залуу зулын гол болно гэж сүрдүүлсэнд ч учир нь байгаа юм биш, У, Ү үсэгтээ ч углуурга нь байгаа юм биш. Л. Энх-Амгалан хамгийн эхний тайлбартаа их зөв, үндэсний эрх ашиг, үр хүүхдүүдийн маань ирээдүй, дэлхийд үнэлэгдэх боломжийн талаар хөндөж энэ МҮИС хэмээх нэрийг эргүүлэн авахаа мэдэгдсэн. Тэр нь Үндэсний их сургууль гэдэг нэр зүүснээрээ Монголын их, дээд сургуулиудын рейтингийг олон улсад доош нь татаад байна гэсэн тайлбарыг яг таг хэлсэн. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа топ гэгддэг МУИС, ШУТИС, ХУИС, АШУҮИС, СЭЗИС зэрэг хэдхэн сургуулийн төгсөгчдийн голч дүнг гаднын хөрөнгө оруулалттай компаниуд, гадаадад бакалавр, магистраар сурах, аль нэг орны том жижиг компанид ажилд орох зэрэг тохиолдолд хардаг, албан ёсоор хүлээн зөвшөөрдөг, очсон орондоо шалгалт өгөөд үргэлжлүүлэн сурч болдог олон улсын тогтолцоо руу манайх багтаж ороод удаагүй байгаа.

Гэтэл 70, 80, 90 жил оршин тогтнож, хэд хэдэн нийгмийн шилжилтийг даван туулж, Монголын нүүр царай, үнэлэмж болсон мэргэжилтнүүдийг бэлтгэдэг тэрхүү цөөн хэдэн сургуультай зэрэгцэн Монголын үндэсний их сургуулийн нэр хүссэн ч, хүсээгүй ч ороод ирдэг болсон. Монголын, бас Үндэсний гэх тодотгол байгаа учраас дотооддоо төдийгүй гадныхан андуурч хүлээж авдаг болсон. Гэтэл нөгөө Монголоор, үндэстнээр маань овоглодог их сургууль пэйж хуудсаа бөөн үг үсгийн алдаатай, бөөс шавсан мэт хөтөлдөг байтлаа нисгэгч хүртэл бэлдэнэ гээд сансарт нисээд саранд зүүгдчихсэн. Ингэхэд Монголын, Үндэсний гэх тодотголыг улс орныг маань дэлхийд төлөөлдөг, ядаж хоёр хөршид маань сануулдаг Монголын иргэний агаарын тээвэр зэрэг байгууллага зүүж болж байна. Боловсролын ямар ч стандарт шаардлага хангахгүй, багш мэргэжилтэн нь үг үсгийн алдаатай бичдэг, сайхан байр, сайн нэрнээс цаашгүй сургууль зүүчихээд, зулын гол болно энэ тэр гээд зууралдаад байж таарахгүй.

Тиймээс энэ удаа Энх-Амгалангийн зөв. Хулгайд юмаа алдсан хүн юу гэж уучлал гуйж байдаг юм, харин шүүхдэнэ уу, сануулна уу, ямар нэгэн байдлаар улс үндэснийхээ нэрийг ултайхан авч үлдэнэ шүү. МУИС, МУБИС төгссөн үр хүүхдийг чинь аль нэгэн улс оронд үргэлжлүүлэн суралцах гээд, ажиллах гээд очтол “Уучлаарай, манайх Монголын үндэсний боловсролыг албан ёсоор боловсорсонд тооцохгүй, та эхнээс нь суралцах хэрэгтэй, танайх манай шаардлагыг хангадаггүй юм билээ” гэвэл яах уу? Тэгж яривал Монголын их дээд сургуулиуд гаднын адил төстэй мэргэжил эзэмшүүлдэг сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөж, оюутнуудаа шууд солилцоогоор анги улираалгүй илгээх эрхтэй болохын төлөө олон арван жил зүтгэж, хичээн байж статусаа авч үлдсэн, таниулсан, аргагүй чансаа, чадалтай гэдгээ баталсан юм шүү. Гадаад, дотоодын багш нар ч харилцан нэг нэгнийхээ сургуульд айлчлан илтгэл тавьж, хичээл орж, эрдэмтний зэрэг цол адил тэнцүү төвшинд олгох үүд зам эндээс нээгдсэн. Монголын АШУҮИС-ийг төгссөн их эмч хүн хаанахын ямар ч том эмнэлэгт шууд хүнд хагалгаанд ороод, үүрээд гарах чадалтай бэлтгэгдсэн байдгийг тэгж яривал гаднын эмнэлгүүд нь ч, сургуулиуд нь ч толгой дохин зөвшөөрч, МУИС-ын Монгол судлалын анги төгссөн ямар ч багшийг Америк, Англид урьж багшлуулахдаа бахархалтай ханддаг юм даа. Улсдаа урдаа барьдаг эрдэмтэн багш нарын маань бүх насаа зориулан байж олж ирсэн энэ мэтийн боломжийг МҮИС хулгайлах ёсгүй, алдагдуулах эрх бүр ч үгүй. Ядаж байхад нэрийг нь орчуулахаар яах аргагүй Mongolian national university. Гүүглдээд хайхад гарч ирээд төөрөгдөл үүсгэж байна, юун хотод төөрөх вэ, оюуны төөрөгдөл дэлхийд үүсгэж байна. Энэ бол луйвар шүү, боловсон новшийн хулгай. Ийм болохоор Монголын, Үндэсний гэх тодотголоо буцааж авъя аа. Харин тэр зулын гол болно гээд байдаг хар хөмсөгтэй залуу ийм хэмжээнд сургаж төлөвшүүлсэн, турхирсан багш, сургуулиасаа болж амиа алдвал МҮИС-ийг эргүүлээд хүн амины хэргээр шүүхэд өг. Өө тэгээд Гандангийн хойморт байдаг энэ тэр гээд ганган тайлбар хэлээд хүний хүүхдүүдийн толгой эргүүлээд байх хэрэггүй, ард нь адуу малаа зараад зүтгэж байгаа аав ээжийнх нь хөлс хөдөлмөр бий. Эх орон төлөөлөх яах вэ, эхлээд зөв бичдэг багш мэргэжилтнийхээ тоог нэм за.

Холбоотой мэдээ