В.Путин: Украинд Минскийн хэлэлцээрийг биелүүлэхээс өөр сонголт байхгүй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-11 16:11:43
Украин болон ОХУ-ын хооронд үүссэн асуудалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой мягмар гарагт хийсэн  уулзалтын талаар Оросын хэвлэлүүд шуугиж эхэллээ. Францын ерөнхийлөгч Макрон энэ долоо хоногт Украины хямралыг зохицуулах арга эрэлхийлэхээр Европын орнуудаар аялж байгаа юм.
Хоёр орны удирдагчдын уулзалтын үеэр Минскийн хэлэлцээр, Украин, ОХУ-ын хооронд 2015 онд байгуулсан гал зогсоох протокол, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эдгээр хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх гэсэн хэд хэдэн асуудлаар Путин ярьжээ.
Тэрбээр “Минскийн хэлэлцээр одоо хүчин төгөлдөр хэвээр үү, цаашид хэрэгжих алсын хараа бий юу, үгүй юу. Дахин хэлэхэд Украин нэг бол тус хэлэлцээрийг биелүүлнэ. Үгүй бол өөрийн улс нь сүйрнэ. Үүнээс өөр сонголт байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Одоогийн Ерөнхийлөгч нь Минскийн гэрээний ганц ч заалт түүнд таалагдахгүй байна гэж саяхан мэдээлсэн. Тус гэрээ түүнд таалагдсан эс таалагдсанаас үл хамаарч үүнийг хийх  үүрэгтэй. Тэд биелүүлэх л ёстой. Өөр арга зам байхгүй” гэжээ. Үүнийг Украйныг дорд үзсэн, доромжилсон хэлбэр хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ Минскийн хэлэлцээрийн талаар Путин энэ байр сууриа эртнээс илэрхийлж байсан билээ.Макрон Путинтай уулзсаны дараа Украины нийслэл Киев хотод ирсэн байна. Үүний дараа  Берлинд айлчилж, Германы канцлерь Олаф Шольц, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нартай уулзжээ.
Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахынхаа өмнө Макрон Путинээс “Украины хямралыг өргөжүүлэх, муутгах ямар нэг алхам нэмж хийхгүй гэсэн амлалтыг авлаа” гэж мэдэгдсэн байна. Харин Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчийн амлалтад итгэхгүй байгаагаа илэрхийлээд хямралыг намжаах бодитой алхам хийхийг Путинд уриалсан юм. Тэрбээр “Би хоосон үгэнд итгэдэггүй. Ямар ч улс төрч бодитой алхам хийж байж л санаагаа ил тод харуулдаг гэдэгт итгэдэг” гэж мэдэгджээ.
 Мөн Украины умард хилийн ойролцоох байлдааны сургуулилалт дууссаны дараа ОХУ цэргээ Беларусиас татахаар Путин, Макрон нар тохиролцсон тухай Францын албаныхан сүүлд мэдээлжээ. Харин Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэхдээ хоёр удирдагчийн уулзалтын үеэр ямар нэг тохиролцоо хийгээгүй гэсэн байна.
Одоогоор ОХУ-ын 100 мянга гаруй цэрэг Украины умард, өмнөд, дорнод хилийн ойролцоо байрлаж буй талаар мэдээлээд байна. Москвагийн эрх баригчид Украин улс руу халдан довтлохгүйгээ удаа дараа мэдэгдэж буй ч НATO-гоос аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа юм. 
Орос, Украины энэ хурцадмал байдалтай холбоотойгоор АНУ-ын 100 цэрэг Зүүн Европ дахь НАТO болон холбоотнуудад дэмжлэг үзүүлэхээр Румынд иржээ. Румыны Батлан хамгаалахын сайд Василе Данку мягмар гарагт хэвлэлд мэдээлснээр АНУ-ын цэргүүд логистикийн асуудлыг хамтран хянах юм байна.

Холбоотой мэдээ