Селена Гомес: Амьд байгаа минь аз...

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-10-12 11:34:26

Дуучин Селена Гомесийн баримтат кино тун удахгүй цацагдах гэж байгаа билээ. Киноны анхны трейлэрт дуучин бүсгүй хүнд өвчинтэй тэмцэн, нулимс дуслуулж буй үеийн дүрс гардаг бөгөөд өөрийн амьдрал, эрүүл мэндийнхээ тухай уг кинонд нээлттэй ярьжээ. 

"Би хүүхэд байхаасаа л эхлэн завгүй ажиллаж эхэлсэн. Гэхдээ би супер алдартан байхыг хүсэхгүй байна. Гэвч нэгэнт би энэ замыг туулсан учраас үүнийг сайн сайхан зүйлсийн төлөө ашиглах ёстой гэж бодож байна. Одоо амьд байгаа минь аз" хэмээн ярьсан тэрээр 2014 онд "Чонон хөрвөс" өвчнөөр өвчилсөн.

Үүнээс хойш сэтгэл саанааны хямралд өртсөн тэрээр 2018 онд эмчилгээ хийлгэхээр шийдсэн бөгөөд 2020 онд хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдсон билээ. 

"My Mind & Me" хэмээх энэхүү баримтат кинонд түүний амьдралын зургаан жилийн түүхийг харуулжээ. Тус кинонд Селенагийн сайн найз Ракуэлл Стивенс мөн гардаг. Тэрээр "Хэрэв хэн нэгэн миний оронд харсан зүйлийг минь харсан бол түүнийг танихгүй байх байсан" хэмээн ярьсан байдаг. 

Энэхүү хүнд үеийг даван туулсан Селена "Миний бүх зүйл энэ кинон дээр гарах болно. Одоо би эдгээр зүйлстэй зүгээр л эвлэрсэн. Би илүү аз жаргалтай байж, сэтгэл хөдлөл, оюун санаагаа урьд өмнөхөөсөө илүү удирдаж чаддаг болсон" гэжээ. 

Түүний баримтат кино ирэх арваннэгдүгээр сарын 4-нд "Apple TV+"-ээр нээлтээ хийх ажээ. 




Холбоотой мэдээ