Нойрны үе шатууд: Бид яагаад бүтэн нойроо авах хэрэгтэй вэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-10-30 02:03:51

Хорин жилийн турш нойрны тухай судалж буй мэдрэлийн өвчнийг судлаач, доктор Мэттью Уокер “Бид яагаад унтдаг вэ?” хэмээх нойрны гарын авлага гэж нэрлэгдэж болохуйц номыг 2017 онд бичсэн ажээ.


Хүн унтдаггүй байсансан бол тэрхүү цагтаа олон ч ажил амжуулж, өдрийн 24 цагийг жинхэнэ утгаар нь ашиглах байсан гэж боддог хүмүүс цөөнгүй. 

Гэтэл унтаж, нойрсож буй цаг хугацаа бидний өдрийн хамгийн чухал бөгөөд хамгийн үр бүтээлтэй “үйл ажиллагаа” юм.

Тухайлбал, хүний нойр РЕМ, хөнгөн нойр, гүн нойр гэсэн гурван үе шаттай байдаг. 

Бид унтаж байхдаа 90 минут тутамд энэ гурван үе шатыг ээлжлэн дамждаг аж.

Тархи энэ гурван үе шатын тусламжтайгаар бидний тархин дахь түм буман мэдээллүүдийг цэгцлэж, цэвэрлэж, боловсруулах үүргийг тус тус гүйцэтгэдэг.

1. ГҮН НОЙР: хүргэх, дамжуулах 

Унтсаны дараах эхний 90 минут нь гүн нойрсолт байдаг бөгөөд оройтож унтах үед тэрхүү эхний 90 минут буюу гүн нойрсолтын хэмжээ багасаж байдаг.

Тархины гиппокампус /ой санамж хариуцдаг/ хэсэгт байрлах тухайн өдөр цуглуулсан бүхий л мэдээллийг /хүний нэр, хов жив, хичээл, ном г.м/ шуудан, илгээмж гэж үзвэл гүн нойрсож байх үед тархи тэрхүү илгээмжүүдийг нягтлан, зөв газарт нь хүргэх, дамжуулах үйлдлийг гүйцэтгэдэг. Хэрвээ оройтож унтах үед тэрхүү эхний 90 минут буюу гүн нойрны хэмжээ багасвал тэрхүү илгээмж зөв газартаа очихгүй, насан туршид мартагдаж орхигдоно.


2. ХӨНГӨН НОЙР – цэвэрлэх

Гүн нойрсолтын үеэр үлдээсэн хэрэггүй мэдээллүүдийг хөнгөн нойрсолтын үеэр тархи цэвэрлэдэг.

Учир нь хүн бүтэн зургаан цагийн турш сэрүүн байхдаа л хэрэгтэй хэрэггүй олон мэдээлэл дунд дарагдаж байдаг бөгөөд тархины гиппокампус хэсэгт хэт их мэдээлэл байх боломжгүй.

Ийм л учраас өдрийн төгсгөлд буюу шөнө оройн цагаар хичээлээ унших эсвэл шинэ юм сурах үед тархи ажилладаггүй, дахин дахин унших шаардлагатай болдог ажээ. 

Тиймээс хөнгөн нойр нь таны сурч мэдэх чадварыг сэргээж өгдөг юм.

Энэ нь нойрны сүүлийн 90 минутыг эзэлдэг бөгөөд дутуу нойртой атлаа өглөө эрт босож хичээл болон ажлаа хийх нь үнэн хэрэгтээ асар их хохиролтой юм.


3. РЕМ НОЙР /нүдний хурдан хөдөлгөөн/ – боловсруулах

Энэ үе шатанд нүд янз бүрийн чиглэлд хурдан хурдан хөдөлдөг. 

Хэрвээ та энэ үеэр өөрийн нүдийг харвал зовхины доор нүдний алим нааш цааш хөдөлж байдаг ажээ. 

Тархи энэ үеэр тухайн өдөр цуглуулсан мэдээллүүдийг боловсруулдаг. 

Өөрөөр хэлбэл, хадгалагдсан дурсамж, мэдээллүүдийг этгээд байдлаар холбож утгад оруулдаг буюу сэрүүн байх үедээ таны хэзээ ч бодож чадахааргүй байдлаар холбож, утгатай болгодог. 

Хүний зүүдлэх үйл явц нь энэ үе шатанд тохиолддог аж. 

Энэ нь зохиолчдод дараагийн бүлгээ бичих санаа сэдэл өгөх, энтрепренер хүмүүст шинэ бүтээгдэхүүний стратегийн санааг олох, хөгжмийн зохиолчдод цоо шинэ содон аялгууг бүтээх гэх мэт бүтээлч санааг ердөө л ийн УНТАЖ БАЙХДАА ОЛОХ боломжтой гэсэн үг юм.


Жишээлбэл, дуучин дуу зохиогч Пол Маккартни алдарт Битлз хамтлагийн хит дуу болох “Өчигдөр /Yesterday/” дууны аяыг унтаж байхдаа зохиосон төдийгүй сэрчихээд өөр хэн нэгэн үүнийг зохиосон гэж бодож байжээ.


Гүн нойр нь бидний мэдээллийг эргэн санах чадварыг, хөнгөн нойр нь бидний шинэ мэдээллийг сурч мэдэхийг, РЕМ нойр нь тухайн мэдээлэлтэй холбоотой аливаа сэтгэл хөдлөлийн талаарх мэдээллийг ойлгох чадварыг тус тус сайжруулдаг ажээ. Иймд хэрвээ хүн 7-9 цагийн бүтэн нойроо авч чадаагүйн улмаас дээрх үе шатуудын аль нэгийг нь л алгасахад бидний ой тогтоолт, суралцах чадвар болон ойлгох чадвар муудах аюултай. 

Бүтэн нойртой хонох дадлыг амьдралдаа хэвшүүлэх аваас таны эрүүл мэндэд болоод ажил амьдралд тань асар их амжилтыг дагуулах болно. Эсрэгээрээ, бүтэн нойргүй хэчнээн олон хононо тэр чинээгээрээ таны эрүүл мэнд муудаж, дээр дурдсанчлан ой тогтоолт, суралцах, ойлгох чадваруудаа үгүй хийж орхино.


Эх сурвалж:

"Бид яагаад унтдаг вэ?" ном


Холбоотой мэдээ