Хөлбөмбөгийн од Неймар эдлэн газартаа хууль бусаар хиймэл нуур байгуулсан хэргээр 160 сая реалаар торгуулжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-07-06 21:54:18

Бразилийн хөлбөмбөгчин Неймар эдлэн газартаа хууль бусаар хиймэл нуур байгуулсан хэргээр 16 сая реалын торгууль төлөхөөр болжээ. 

CNN, Fox News зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 5-ны өдөр Бразилийн байгаль орчныг хамгаалах албаныхны мэдэгдлийг иш татан мэдээлснээр Неймар байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчсөн хэргээр 16 сая реалаар (ойролцоогоор 3.3 cая ам.доллар) торгуулсан болохыг онцлов.

Тус мэдээнд дурдсанаар Неймар саяхан Бразилийн томоохон хот Рио-де-Жанейрогийн ойроолцоо орших Мангаратиба дахь өөрийн эдлэн газартаа хиймэл нуур байгуулсан аж.

Гэвч Неймар энэхүү хиймэл нуурыг бүтээхдээ хууль зөрчсөн болохыг орон нутгийн байгаль орчныг хамгаалах байгууллагууд цохон тэмдэглэв.

Улмаар Бразилийн байгаль орчны салбарын эрх баригчид өнгөрсөн сард тус хиймэл нуурыг хаах захирамж гаргажээ. Гэсэн хэдий ч уг захирамж гарсны дараа ч Неймар нуурын ойролцоо тансаг үдэшлэг зохион байгуулж, тус хиймэл нууранд сэлж байсан зэрэг үйлдлүүд нь ил болж маргаан дагуулсан байна.

Эцэст нь байгаль орчны албаныхан нарийвчилсан мөрдөн байцаалт явуулахаар албаны хүмүүсийг илгээсэн ба үүний үр дүнд Мангаратиба орчмын захиргааны мэдэгдэлд "Неймар өөрийн эдлэн газартаа хиймэл нуур барих явцдаа байгаль орчныг хамгаалах хууль, дүрмийг зөрчсөний улмаас түүнд нийт дөрвөн зүйл ангиар торгууль ногдуулсан. Үүгээр тогтохгүй голын усыг зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн” хэмээн тайлбар хийсэн байна.

Неймар нь 1992 онд төрсөн бөгөөд өдгөө Парис Сен-Жермен болон Бразилийн шигшээ багийн тамирчин билээ. Түүний Парис Сен-Жерментэй байгуулсан гэрээ 2025 оны зургадугаар сард дуусгавар болох юм. Тэрээр өнөө цагийн дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн нэг яах аргагүй мөн бөгөөд энэ жил түүний орлого 85 сая ам.долларт хүрнэ хэмээн Forbes сэтгүүлийн зүгээс тооцоолжээ.

Эх сурвалж: Asiae


Холбоотой мэдээ