Баабар: Чонотой нийлсэн нохойн авир

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-09-19 21:02:41
Удахгүй манайд Оросын Думын толгойлогч Володин айлчлан ирнэ. Толгойлогч гэдгийн учир нь тэрээр бусад орны парламентийнх шиг спикэр нь биш, багалзуурдаад атгачихсан хууль тогтоох байгууллагынхаа үнэмлэхүй атаман нь. Оросын парламент бол эзний даалгаварыг ёсчлон гүйцэтгэдэг номхон даруу хүмүүсийн цуглуулга. Тэднээс ядахнаа ганц удаа ч Володины үгийг сөрдөг хүн байхгүй, тэр хэллээ, бүгд зуун хувь гар өргөнө. Оросын төрийн эрхийн төлөө “Нэгдсэн Орос” намтай ана мана өрсөлдөж байсан “Эх орон” намын гол пропагандчин байсан учир түүнийг нам нь анх 1999 онд Думын орлогч дарга болгожээ. Примаков, Лужков нар толгойлж асан “эх орон”-чууд өрсөлдөөнд ялагдсан. Тэгэнгүүт мань эр Путинд дагаар орсон байна. Гагцхүү нэг хүний төлөө л ажилладаг, энэ нь тэр хүнд нь их таалагддаг гэсэн хатуу итгэлтэй энэ хүнийг “Путингүй бол Орос үгүй, Путин байхад Орос байсаар байна”, “1991 онд бид Путин шиг удирдагчтай байсан бол СССР задрахгүй байлаа” гэх мэтийн марзан афоризмаар нь орчин үеийн дэлхийн улс төр таньдаг.
 
 Хөдөө аж ахуйн механикч энэхүү маанагдуу хөдөөний болхи эрийг ингэтлээ Оросын төрийн голлох хүний нэг болтлоо өсөн торнино гэж Оросын сэхээтнүүд даанч таамаглаагүй. АНУ-ын төрийн нарийн асан Кондализ Райс саяхан өгсөн ярилцлагадаа “Намайг хэд хэдэн удаа Путинтай уулзахад түүний эргэн тойронд ухаалаг, юмыг бодитой хардаг олон хүмүүс хүрээлж байсан. Одоо түүнд зөвхөн өөрт нь үнэнч боолчууд үлдсэн байна билээ” гэсэн байна.
 
 
Тэдний нэг нь мэдээж Володин. Украин дахь түрэмгийлэл эхэлсэн өдөр тэрээр бүхнээс түрүүлж “Украиныг нэгмөсөн няц дарах нь бидэнд үлдсэн ганцхан арга зам. Чухам энэ л Европт дайн дэгдэхээс сэргийлэх арга хэмжээ” хэмээн ориллоо. Тэр дэндүү идэвхитэй. Орост мэдээллийн хэрэгслэлийг хянах хорих механизмыг санаачлан өөрийн биеэр хэрэгжүүлсэн. Өөр олон санаачлагатай, энэ болгоныхоо шанд одоо дэлхийн 50 шахам улсын хоригт орсон. Мудак, энэ рекордоороо бахархахыг нь яана? Иймэрхүү өөдгүй амьтнаар баасаа бариулдаг аргачлал бүхий л дарангуйллын түүхэнд маш элбэг тохиолдсон. Октябрийн үед меньшевик намын зүтгэлтэн Вышинский гэгч польш эр байлаа. Цагдаагийн дарга байсан тэрээр террорист Ленинийг баривчлах тушаал гаргаж байсан. Ленин ялангуут тэрээр большевик болж хувирав. Сталин бүх меншевикуудыг толгой дараалан устгасан боловч Вышинскийг харин ч дэвшүүллээ. Ленинийг баривчлах гэж байсан хүн амьд үлдэх бололцоогүй нийгэмсэн? Тэрээр СССР-ийн ерөнхий прокурорын албанд томилогдон 1937 оны их хядлагыг толгойлсон. Хэдийгээр тэр Ленинийг баривчилж чадаагүй ч СССР-ийн хэдэн зуун мянган иргэнийг буудан хороох ажиллагааг удирджээ. “Хэргээ өөрөө хүлээх нь гэмт хэргийн үнэмлэхүй баталгаа”гэсэн түүний онолын дагуу баривчлагсадыг эрүүдэн тамлаж хэрэг хүлээлгэдэг технологи хядлагын үеийн гол аргачлал байлаа. Хожим нь СССР-ийн Гадаад хэргийн яамны сайд ч болсон, улс орноо төлөөлж НҮБ-д ч сууж байлаа. Урьд өмнө нь өөрийнх нь системийн эсрэг зогсож байсан нүгэлтэн хожим нь хамгийн үнэнч боол зарц болон хувирдаг гэдгийг Сталин соргог үнэлжээ. Эрт дээр үед ч байсан арга. Юлий Цэзарийн эсрэг Ромын сэнатууд хуйвалдаан зохиожээ. Түүнийг алахаар шийдэв. Хэнээр гээч? Цэзарийн өргөмөл хүү, залгамжлагчаа гэж үзэж байсан Брут! Цэзарийг танхимд орж ирэнгүүт Брут эхэлж хутгалсан, дараа нь сэнатууд оочирлож зогсож байгаад нэгэнт үхсэн хааныг ээлж дараалан хутгаар бүлэв. “Брут, хүү минь, энэ чи юу?” гэсэн Цэзарийн сүүлчийн үг адгийн шаарыг тодорхойлсон хэлц үг болон үлджээ. Хэрэг нийтэд задарч шившгийнхээ золиос болсон тэрээр амиа хоролсон доо. 
 Монгол дахь их хядлагын үеэр баривчлагдангуутаа дайсны талд ажилладаг хэмээн хань нөхдөө төдийгүй огт танихгүй хүмүүсийг ховлон гүтгэж олон хүний амиар дэнчин тавьсан Пүрэв, Мэнд гээд өөдгүй хүмүүс цөөнгүй байв. Тэднээр баахан худал хов хэлүүлж аваад, дараа нь өөрснийг нь ч ялгаагүй буудан хороосон доо. 
 
Чойбалсанд Лхүмбийн хэрэг тохож шоронд суулгаснаа удалгүй цагаатган харж үзсэний эцэст алуурчин болгон хүмүүжүүлсэн. Лхүмбийн хэрэгт орооцолдсон бусад нь цаазлуулсан. Цэдэнбалыг хүнсний толоон зассан хэргээр шоронд хийж. Энэ бол шууд буудан алах ялтай хүнд хэрэгт тооцдог, 12 наснаас дээш хүүхдэд ч үйлчилдэг байсан аймаар ял. Өршөөсөн, ялыг хүчингүй болгосон. Ингэж тэрээр гадны залхаан цээрлүүлэх болон улс төрийн байгууллагуудын гишүүн болж үүндээ үхэн үхтлээ үнэнч байсан. Олон жил улс орныг удирдахдаа энэхүү суралцсан энэ аргыг өөрөө байнга ашигладаг байв. Алуурчин нэгнийг түүгээр нь барьцаалан эх орныхоо эсрэг олон үйлдэлд гар хөл болгон тухирч байв. Шамшигдуулсан хэргээр шоронд сууж байсан нэгнийг өршөөн суллаад шууд Улс төрийн товчоонд хажуудаа авчраад өөрийг нь өмгөөлөн хэнтэй ч хамаагүй хэрүүл хийж явдаг зуудаг нохой болгосон. Ер нь эргэн тойрныхон нь бүгд шахам барьцаалагдсан гарууд байлаа. Тогтолцоо нь тийм байж дээ, үүнийг “бүтээлчээр” ашиглавал дарангуйлал нь улам бэхжинэ.
 Хэдийгээр гуч гаруй жилийн өмнөөс Монголд дарангуйллын тогтолцоо нуран унасан боловч гурван үеийн турш ийм амьдрал дунд насаа барсан монголчууд сурсан муу дадлаа тавьсангүй. 800-аад жилийн Монголд ирсэн Карпини “Монголчууд эхлээд бялдуулчлан дотночилж, дараа нь хилэнцэт аалз мэт хэмлэн зовоож тарчилгах нь үнэн болой.” гэж бичиж үлдээжээ.
 
Арай ч бүгдээрээ тийм биш ч бидний дунд ийм хүн цөөнгүй. Сэтгэл судлалд зарим хүнд байдаг энэ төрлийн өөдгүй зуршлыг тодорхойлон анализ хийсэн байдаг. Өөрт ашигтай ямар нэг зүйлд хүрэхийн тулд өмнөөс нь санаа зовмоор бялдуучлан долигонох ба олны өмнө ч ингэхээсээ санаа зовсон царайгүй байдаг. Гэвч зорилгоо биелүүлсний дараа өнөө бялдуулчилж байсан хүнээ хорлон өс авах авд орно. Учир нь бялдуучлан долигонож байхдаа ингэтлээ доош орсондоо дотроо өөрийгөө өрөвдөн сэтгэлийн гүн шарх авдаг тул өргөж тусалсан хүнээ төдий чинээ үзэн ядаж, цаг нь ирэхээр өс хонзонгоо хожим авах цухалдал бухимдлаар цэнэглэгддэг аж. Сургуульдхамт сурч байхдаа тус дэмийг нь бишгүй нэг авч байсан, гудамжинд ажилгүй явж байхад нь татаж авчран төрийн түшээ болгосон, бусдад үл тоогдон ганцаардаж явахад нь кранаар татан өндөр албан тушаалд хүргэж өгсөн хүмүүсээс ямархуу хатуу ширүүнээр өширхөл хонзогнолоо авч, заримыг нь шорон руу илгээж байсан - аймаар хүн дээ! Заль мэх муу үйлдлээрээ авиран авирсаар уулын ноён оргилд гарч чадсан нэгэн байна. Тэр тэнэг биш л дээ.
 Хэдийгээр албан боловсрол үгүй ч чадвар сайтай, юмны учрыг амархан олдог, логик сэтгэлгээтэй хүн. Юутай ч “Хятадууд 7 боомтоор төмөр зам тавиад тэрүүгээрээ танк ачин орж ирээд Монголыг эзлэх гэж байна”гэсэн хачин яриандаа өөрөө үнэмшихээр мулгуу хүн лав биш. Эх орон, элгэн садан, хань хамсаатнаа зөвхөн бахаа хангаж зугаацах үүднээс золих төрлөхийн садист нэгэн гэж бодохгүй байна.
 
Гэвч амь нас, эд хөрөнгө, цаашдын амьдралаараа барьцаалагдан гарах гарцгүй болсон хүн ямар ч аймшигт үйлдэл хийн, хэний ч эсрэг ямар ч нүгэл хийхэд бэлэн болдог. Хүмүүсийн төрлөх муу чанарыг маш соргог ажиглаж чаддаг, тиймээс тэр сул тал дээр тоглон өөртөө ашиглах чадвартай. Энэ тал дээр бол мундаг мэнэжэр. Хожим нь ашиглуулагчид золиос болон хоцроно. Утга зохиол, урлагт ийм хүний тухай яруу тодоор дэлгэн үзүүлсэн олон бүтээл бий.
Холбоотой мэдээ