Р.Эмүжин: Хүүе энэ хүн чинь Хэнтийг худалдаад авчих юм байна!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-10-21 02:08:48

Хүүе энэ хүн чинь Хэнтийг худалдаад авчих юм байна!


За тухайн үедээ хөрөнгө орлогын мэдүүлгээс найман компаниа нууж авч үлдээд сахилгын арга хэмжээ авхуулж байсан Гаалын газрын тэтгэвэртээ гарсан дарга С.Цэцэгээ гэдэг хүн байдаг юм байна. Энэ хүний намтар бол авилгачин  хэрхэн амжилттай томордогийн бодит жишээ ажээ. Гүүглдээд хайхаар С.Цэцэгээ сургуулиа төгсмөгцөө Гаальд анх ажилд орсон, төдөлгүй Улаанбаатар гаалийн газрын даргаар ажиллаж, улмаар 3.7 тэрбумын дөрвөн хаус, 11 орон сууц, 2 хашаа байшин, 3 үйлчилгээний барилга, 12 авто зогсоол, 2 гарааж, зургаан жийп...гэхчлэн үнийн дүнг нь нийлүүлээд бодвол манайдаа хамгийн өндөр төсөвтэй Хэнтийг худалдаад авчихаах хэмжээний хөрөнгөтэй болжээ. Бас болоогүй ээ, 0.7-200 га хүртэл хэмжээний 12 газартай, 22 компанид хувьцаа эзэмшдэг, дотоодын компаниудад 1.0 тэрбум орчмын хадгаламжтай. Дахиад өөрийн хамаарал бүхий Сонгоулд компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 17.3 тэрбумын зээл авсан гэсэн мэдээ ч байна. Хамгийн сонин нь 2009, 2010 онуудад хөрөнгө орлогын мэдүүлгээсээ Монэнергиа зэрэг 8 компани зэрэг өчнөөн хөрөнгөө нууж авч үлдсэн учраас АТГ-аас анхааруулга өгч, ГЕГ-ын тухайн үеийн дарга Цэвээнжав "Сахилгын хорооны хурлаар хэлэлцэнэ" гэсэн хариу өгсөн байх юм. Уншаад үзэхээр 25 хувийн цалингийн нэмэгдлийг нь хэдэн сар хассан шийтгэл оноогоод л боллоо. Манай сонин, сайтууд эл хүний энэ их хөрөнгийн тухай 2009, 2010 оноос асуудал хөндөн бичиж байжээ. Гаалиар 2000-аад онд зөвшөөрөлгүй орж ирсэн 200 орчим сумны хэрэгт ч нэр нь цохиж л явна. Гэвч насаараа бизнес, үйлдвэрлэл эрхэлсэн хүнээс илүү баян энэ эмэгтэй ГЕГ, Хотын гаальд бойжин, 20 жил шимэгч шиг шигдэн, хүүгээ хүртэл татан ажиллуулж байсан талаар Гүүгл ах он дарааллаар нь хэлээд өгч байна. Сэтгүүлчид бичээгүй биш бичиж хөндөж байжээ. За ийм л байна даа. Өнөөдөр залууст ажлын байр байхгүй, компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй, импортын өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байгаагийн цаана цадахаа мэдэхгүй АВИЛГА байгаад байна. Одоо энэ эмэгтэй тэтгэвэртээ гарсан ч, 20 жилийн турш сүлжсэн аалзны тор нь ГЕГ-т үлдсэн, авсаар, хөлжсөөр байгаа шүү дээ. Ажлын байргүйгээс архидалт гаарч, архидалт нэмэгдсэнээс амь настай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж, хулгай дээрэм олширч, шоронд хатаж байгаа залуусын хувь тавиланг авилгачид хулгайлдаг. Эх үндэс нь, шалтгаан нь энд ингээд байж байна.

Тиймээс Энхбаяр аа, авилгачдыг бүх насаар нь хорьдог болъё, бүх хөрөнгийг нь хураадаг байя. Авилгатай тэмцэх газрынхаа хүчин чадлыг нэмье, Авилгатай тэмцэх хуулиа чангалъя аа, Энхбаяр аа. Энэ чиглэлд бүхэл бүтэн шинэчлэл хэрэгтэй байна. Энхбаяр үүнийг хийж чадах уу, чадвал дэмжээд явъя.

Холбоотой мэдээ