“Халуухан өвөө” хочит модел 87 настай Ванг Дешун

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-11-14 01:01:52

“Хүний амьдрал далан нас хүрээд л дуусч байгаа юм ” гэдэг маш эртний таагүй үгийг миний үеийнхэн хэлэх их дуртай. Би энэ үгэнд дургүй.

Хэдэн зуун жилийн өмнө хамгийн өндөр нас 70 байсан л биз. Хөгширч өтлөж буй нэгнийгээ буруутгаж зэмлээд байгаа мэт их онцгүй мэдрэмж төрүүлдэг муухай үг.

Орчин цагт ийм хуучинсаг бодол сэтгэхүйгээр бусадтай харьцах нь асар бүдүүлэг төдийгүй муйхар бөгөөд тохиромжгүй хандлага гэж ярих Ванг Душун 87 настай.

Саяхан тэр нисэхийн сургалтаа дүүргэж үнэмлэхээ авчихаад, задгай агаарт шүхэртэйгээ эргэлдэн тогтож, чөлөөт буултаар газардсан юм.


Ванг хөдөөний алслагдсан Льяонин хэмээх тосгонд, 1936 оны нэгдүгээр сарын 5-нд төрж,туйлын ядуу зүдүү амьдралыг амсч өссөн нэгэн. 

Ухаан орсон цагаасаа л хулгайгаар нүүрсний үлдэгдэл хаягдал түүж, тавхайгаа гялалзуулан хөлийн хурдаар зугтаадаг байж.


Түүсэн жаахан нүүрсээ аяга будаагаар сольж, эрдэнэ адил нандигнан атгасаар ээждээ өгдөг байсан хүү, балчир биедээ багтамгүй их мөрөөдөлтэй өсч өндийжээ.

Түүнийг 14 нас дөнгөж хүрмэгц амьдралын эрхээр сургуулиас гаргачихаж.

Залуу хүү ачаа зөөгч, автобусны кондуктор, тогооч гээд олдсон бүхнээ хийж явсаар цэргийн үйлдвэрт тогтвортой ажиллаж гэр орноо тэжээж эхэлжээ.

Амьдрахын төлөө ийн тэмцэж явахдаа жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөж 24 насандаа оройн сургуульд сурав.

Өдөржин ажиллаж, оройжин сурч уйгагүй зүтгэсээр гучин насандаа сургуулиа төгсч нутгийнхаа театрт ажилд орлоо.


Театрын захиргаа залууд умгар жаахан өрөө өгсөн нь жигтэйхэн том урам болж. 

Жүжигчин залуу нойртой, нойргүй хамгаа зориулан ажиллаж эхэлжээ.

44 наснаасаа англи хэлд шамдан суралцаж, 49 хүрч байхдаа “Пантоми буюу үггүй” жүжгийг судлан сурч тоглолтоо хийсэн түүх түүний амьдралд бий. Жүжиг амжилттай сайхан болж, германчуудын сонирхол анхаарлыг ихээр татсан гэдэг. Ингээд алс тосгоны жүжигчин залуу Германд тоглох урилга авч байж.

Ванг “Ээ дээ, би мөнчиг тэнэг хүн шүү. Улаан мөнгөгүй, халаас хоосон хэрнээ хоёр хүүхэд, эхнэрээ дагуулан Герман явахаар баяр хөөр дүүрэн Бээжинд очиж байлаа, тэр жил.


Арав гаруйхан юанаар тарчигхан хооллоод, буудалд хонох гэтэл үнийг нь төлж дийлэх бэнчин хүрдэггүй. Тэгээд яах ч аргагүй болсон доо. Ядахдаа Бээжинд хүйтэн зэврүүн гэж жигтэйхэн. 

Чанганы гудамжаар хаашаа явахаа мэдэхгүй өгсөж уруудаад л. 

Өнөө шөнийг л өнгөрөөчихвөл… гэсэн арга барсан бодолтой.

Ядарч явахад, хүнд чинь толгой ч хоргодох газар олдохгүй мөн хэцүү шүү. 

Сүүлдээ хүйтэнд бие цуцаж ядраад, бүр аргаа барсан.

Хараахан барьж дуусаагүй газар дор метроны үүд хавьд хоноглож, маргааш нь Герман ниссэн дээ.

Ямар ч байсан жүжгээ улам сайн, маш чансаатай тавих юм шүү бусад нь яахав гэж бодож ёстой зүрхнийхээ угаас хичээсэн дээ. Тоглолт тун сайн болж дараа нь Францад бас уригдсан ” хэмээн дурссан юм.

Тэрээр 50 нас хүрсэн өдрөөсөө зурагт үзэн тухлан хэвтэж, хөзөр тоглож маазран сууж цагаа дэмий үрэхээ больё гэж хатуу шийджээ.

Фитнесст хоёр цаг явсныхаа дараа хоёр цаг сэлэх зорилго тавьж, энэ зуршилаа ягштал даган биелүүлсээр 30 гаруй жил болж байгаа аж. Ийнхүү олон жил дасгал хийхдээ зөвхөн биеэ хөнгөн шингэн сэргэлэн сайхан байлгахад биш, биеийн галбирыг хэрхэн,тэгш сайхан хэвээр хадгалах тал дээр анхаарлаа хандуулсан нь үр өгөөжөө өгч.

Тиймээс ч 60 насан дээрээ “Амьд баримал” хэмээх томоохон тоглолтоо хийж чаджээ. 

Хүний биеийг яг баримал мэт харагдуулах гайхалтай шинэлэг ер бусын тоглолт нь олон зуун хүний сонирхлыг татаж ихээхэн амжилт олж чадсан байна.


Чөлөө завгүй ажилладаг хэрнээ 65 насандаа морь унаж сурч бас нэгэн мөрөөдлөө гүйцээжээ. 

Ванг “Морь унах их сайхан. 

Морьтой давхиж явахдаа эрх чөлөө ямар сайхныг мэдэрдэг.

Хурдлан давхих агшигд хээрийн салхи биенд минь, сэтгэлд минь эрх чөлөөний гайхамшгийг мэдрүүлдэг” ярьсан удаатай.

Бие тэгш, зүс толиотой 67 настай түүнийг кинонд тоглуулах саналууд ирж эхэлжээ.

Цуцашгүй Ванг саналуудыг огтхон ч эргэлзэлгүй хүлээн авч бэлтгэлд гараад үзэж тарж.

Түүний дүр бүтээсэн том жижиг хэмжээний 30 гаруй кино бий.

Эдэн дунд тулааны төрлийн кино ч байгаа гээд төсөөл дөө.

Дал дөхсөн насандаа тулаантай кинонд тоглоно гэдэг бахархам хэрэг.

Залуу насандаа эхнэртээ амласнаа 78-тайдаа биелүүлж мотоцикль унаж сурсан нь Вангийн амьдралын нандин дурсамжийн нэг.

Тэр нэгэнтээ “Эхнэрээ сундлан хотын гудмаар сүлжиж давхих амьдралын гоё агшин шүү.

Бид хоёр мотоциклоор тэгж зугаалахдаа цагийг их сайхан өнгөрөөдөг.

Цайлна, хооллоно, хамтдаа хөгжилдөнө.

Сэтгэлээ сэргэтэл салхи сэнгэнүүлэн мотоцикльтой давхих шиг сайхан гэж хаана байхав” гэж хууч дэлгэж байжээ.

2015 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Бээжинд болсон “Олон Улсын Загварын Долоон Хоног” шоуны тайзан дээр 79 настай модел Ванг жинхэнэ “тэсрэлт” хийсэн түүхтэй.

Мөнгөн буурал, урт үсээ хийсгэн, булчинлаг нүцгэн цээж, тэвхгэр мөрөө гайхуулан эрч хүч дүүрэн шалмаг алхан гарч ирж байгаа 80 настай модел олны анхаарлыг соронздон татсан юм.

Тэр шоуг сурвалжилж байсан гадна дотны телевиз, гэрэл зурагчид, олон зуун үзэгчдийн харааг булааж сошиал од болоотхов. 

Түүний тухай CNN -ээс эхлэн олон улсын хэвлэл мэдээллийнхэн бахархан мэдээллэж эхэллээ. Ийнхүү Ванг сая сая хүмүүсийн дунд “Халуухан Өвөө” гэдэг нэрээр алдаршив.

“Халуухан нь юу юм, гоё гэдгийн л илэрхийлэл болгож энэ үгийг сонгосон байх” хэмээн бага зэрэг ичимхийрэн хэлэх Ванг “Эхнэр бид хоёр залуу, гэнэн, тэнэг байхдаа гэрлэсэн. 

Хүүхдүүд маань тавь гараад явчихсан, ач гучтай болчихсон. Эхнэр минь ажлаа орхиж, миний төлөө бүхнээ зориулсан. 

Тэр минь миний туслах болсон юм.

Бид хамтдаа үүрээс эхлэн үдэш нар жарган жаргатал цуг ажиллаж хамтдаа жаргалтай амьдарч байна. Загвар өмсөх үед эхнэр маань яаж алхахыг минь өчнөөн цагаар зааж дасгалжуулж тусалдаг байлаа.

Одоо ч тийм. 

Биесээ хайрлаж ойлгож чадсан амьдрал л хамгийн сайхан. 

Би онгоц жолоодох эрхээ саяхан авсан. 

Бээжин дэх 40 минутын нислэгээ дуусгаад байна. 86 настайдаа нисэх хүслээ биелүүллээ. 

Хэдэнд насанд ч хүсэл биелэх сайхан.

Ер нь нас ахих тусам хүсэл биелнэ гэдгээс онцгой гойд, илүү гоё мэдрэмж байж ч мэдэх юм” хэмээн ярьж сууна. Ванг Дешун өдгөө Америкийн спортын нэртэй “Reebok” брэндийн нэгэн онцгой нүүр царай болж яваа аж.


Холбоотой мэдээ