Сэтгүүлч Р.Эмүжин: Ямар олон данхар засаглал вэ, ядарсан ард яаж дор нь мөлхөнө өө?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-12-05 14:19:36

Ямар олон данхар засаглал вэ, ядарсан ард яаж дор нь мөлхөнө өө?


-Агуу яруу найрагчийг Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дарьгангад уулзалттай явж байхад эзгүйд нь Улаанбаатарт хүчингийн хэрэгт гүтгэж, нүүрээ самардаж, нүглээ хутгаж суусан, ярилцлага сурвалжлага үйлдвэрлэн яллаж байсан тэр үйлдэл бол Чөлөөт сэтгүүлзүйн анхны захиалгат фашизм байсан юм аа. 

Хожим Очирбатын Дашбалбарын Эрдэнэцагаанд хийсэн уулзалтын он сар өдөр цагтай бичлэгийг Амарсайхан найрагч араас нь илгээж, энэ хэрэг хэдэн жилийн дараа цагаадсан түүх хуучраагүй байгаа шүү. 

Гэтэл нөгөө гүтгэн гөрдөгч нь "Цагдаа шүүх дуудахад очих хэрэггүй" гээд залуу үеийнхэнд захиад зогсож байх юм.

Тэгээд мафичин эзнээ дуудахад эвхэрч очиж мөргөөд, өгсөн даалгаврыг нь захиалгын мөнгөтэй нь үүрээд гардаг нохой байх уу?

Хийсэн хэрэг байгаа юм уу, үгүй юм уу гэдгээ хуулийн дор шийдүүлнэ үү гэхээс хуулиас зугтаад учраа олох уу?

Эсвэл бүх асуудлаа мафийн толгойлогчоороо шийдүүлдэг болох юм уу?

Мафичин гуай төрийн албан хаагчийг зодоод ал, би өршөөлийн хуульд хамруулчихна гэж даналзахаар нь яамныхаа үүдэнд өшиглөсөөр байгаад хороох нь хууль юм уу?

-Цагдаа, шүүхээс нийт 20 шахам удаа дуудсан юм байна.

Ганц удаа очиж болоогүй юм уу?

Талбай дээр хоносон ч, жагсаал цуглаан сурвалжлаад гүйж явсан ч, хэн нэгэн ирээд хэл амаар дайрч гар хөлөө сарвалзуулсан ч хэдэн бор цагдаа цэрэг чинь л дэрчийтэл зогсож байгаад хамгаалаагүй юм уу?

Заавал цагдаа цэргээ муухай харагдуулж, яг ямар хагаралд хүргэх зорилготой юм бэ?

Цагдаагаа л үзэн ядаад байх юм, таван хэрэгт жил гаруй дуудуулсан, харилцан заргалдаж, шүүхдэж байгаа хүмүүс гол нь биш юм уу?

Гомдол гаргагчийн гомдлын үнэн, худлыг ялгаж салгах нь шүүх цагдаагийн үүрэг юм биш үү?

Гэтэл хэрэг үүсэх явцаа мартаад, ганц цагдаа, шүүхээ л муу муухай харагдуулах гээд улайраад байх юм, ухаан мөчид юм уу, учир нь өөр асуудалд байна уу?

2008 оны 7 сарын 1-ний үймээнээр сэтгүүлчийн толгой, камер хоёрыг нүцгэн гараараа хамгаалсан цагдаа Гэмтэлд ясаа хадуулаад үлдсэнийг санаж байна.

-Сэтгүүлч хүн ланд 300 унаж, хэдэн тэрбумтан, бас нүүрсчин байх эрхтэй гэнэ ээ.

Тийм ээ, орлогоо нотолж чадаж байвал ганц сэтгүүлч ч биш, бүх хүн тэрбумтан байх эрхтэй.

Гагцхүү тэрбумыг бариад зарцуулаад эхлэх цагт тээр 7 буудалд малын өвчүүний яс арзайтал овоолчихоод 1500 төгрөгөөр зарж амьдралаа залгуулдаг ард түмнийхээ толгой дээрээс харж, хувь хүний сэтгэлзүй нь өөрөө сэтгүүлч байхаа больчихдог юм аа.

Сэтгүүлзүй бол худалдагдаагүй л бол тэрбумтан төрүүлдэг салбар биш ээ.

Тэрбумтан болмоор байгаа бол анхнаасаа өөр мэргэжил сонгох хэрэгтэй.

-Эмээ өвөө нарын хайртай нэг сэтгүүлч залуу " Бид бол засаглал, засаглалаа хамгаалах хэрэгтэй" гээд том ярьж байна.

За тийм ээ, энэ улсад засаглал цөөдөөгүй.

Хэвлэлийнхэн нь тэрбумтан байх эрхтэй бас нэг засаглал.

Бие биенээ угжсан засаглалуудын өрсөлдөөн дунд ард түмэн чинь туйлдаад байна.

Дөрөв дэх засаглалынхныгаа тэжээх гээд 1,2,3 дахь засаглалынхан нь татвараа улам өсгөөд байна.

Данхайсан энэ олон засаглалын чинь дор ядарч байна.

Тархидахад нь тархиа атгуулаад, даналзахад нь ганхаад, уйлахад нь уймраад, засаглал хоорондын өрсөлдөөн мөчөөрхөлд эгэл ард цуцаж унаж, цувж хагдрах ёстой юу?

За тэр тусмаа дөрөв дэх засаглалынхны үг олон түмний чинь зүрх сэтгэл, итгэл үнэмшил, үзэл бодол дээгүүр мөрөө үлдээдэг шүү, үүнийг бүү март.

Ордон тойрч овоорч шамбааралдахаа болиод, олон түмнийхээ дунд орвол яасан юм?

Холбоотой мэдээ