Хорт хавдраа ялсан Б.Цэвэгмид: Би өвчнөө аз завшаан гэж хүлээж авсан учир эдгэсэн

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-12-05 14:30:31


Түүнийг Б.Цэвэгмид гэдэг. Хоёр жилийн турш хорт хавдар гэх хүнд өвчнөөр өвдөж, эцэст нь бүрэн эдгэрч чаджээ. Өөрөөр хэлбэл, тэр бүр хүний даваагүйг давж, туулаагүйг туулчихаад юу ч болоогүй юм шиг, огтоос зовлон үзээгүй юм шиг миний өмнө сууж байна. Түүнд сайн хань, дөрвөн ижил үр заяасан. Мөн зовлонг нь хуваалцах найз, ах дүүс гээд цөм байжээ. Гэвч энэ хоёр жилийн хугацаанд ойр дотны маш олон хүндээ хэлээгүй бөгөөд эдгэснийх нь дараа түүнийг хорт хавдартай байсныг мэдсэн хүмүүс ч олон. Тэр энэ тухайгаа "би зүгээр л чимээгүй өвдөж, чанга эдгэрье" гэж бодсон хэмээн ярина. Ингээд түүнийг уншигч тантай уулзуулж байна.


-Хорт хавдар гэдэг өвчний үүтгэл шалтгаан хэзээ байв, хэдийд хэрхэн оношлогдсон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Бараг хоёр жил орчмын өмнө том хэмжээний зүйл мэдрэгдэж, тэмтрэгдэж эхэлсэн. Тэгээд л эмнэлэгт хандсан даа. Миний төрсөн дүү эмгэг судлалын эмч, “Эрдэнэт медикал” эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч хийдэг болохоор эмнэлэгт нь очсон. Ингэхэд эдийн шинжилгээ авах хэрэгтэй байна гэсэн. Шинжилгээ авч байх үед эмчийн надаас асууж буй асуулт, царайны хувирал хоёрыг хараад асуудлыг ерөнхийдөө гадарлаж, өөрөө оношоо мэдчихсэн гэж хэлж болно. Таамаглаж мэдсэнийхээ дараагаар тэндээс дүүтэйгээ хамт гараад зуслан руу нь явсан. Би замдаа надад ерөнхийдөө нэг ийм төрлийн онош хэлэх гээд байна даа гэдгийг нь ойлгосон. Миний аав олон жилийн өмнө элэгний хорт хавдраар оношлогдож байсан. Тухайн үед эмнэлэг, эмчилгээ одоогийнх шиг байгаагүй учир аав маань тэнгэрт дэвшсэн. Аавыг өнгөрөхөд би болоод манай дүү жаахан байсан. Аав минь үнэхээрийн амьдралд хайртай, гайхамшигтай хүн байлаа. Бурхан болохынхоо өмнө дүүг минь жаахан байсан болохоор санаа зовж байсан байх. Тиймдээ ч амьдралд үлдмээр байсан. Гэсэн ч дийлээгүй. Харин аавыг өнгөрсний дараа миний дүү би олон хүнийг энэ өвчнөөр гэр бүлээ алдахыг, үлдэж буй хүмүүс хэрхэн зовж шаналж байгааг хармааргүй байна гээд эмч болохоор шийдсэн. Ингэхдээ 9,10 дугаар ангиа зэрэг төгсөж анагаахын шалгалт өгөөд тэнцсэн. Тэр минь зорилгоо биелүүлж одоо хэдэн мянган хүний оношийг тогтоож, амьдралыг нь аварч, эрт үед нь илрүүлдэг эмч болсон ажиллаж яваа. 
Дүүд минь хайртай эгчдээ энэ онош тавих нь амаргүй байсан ч ялаад гарсны дараа “Эгчээ тэр үед би хүртэл худлаа байх гээд үгүйсгэх гэж оролдож байхад та аль хэдийнэ ойлгочихсон, тулаад ирсэн туулаад гарна. Ямар эмчилгээ хийлгэх билээ гээд сууж байсан. Энэ бол эмчилгээ шууд эхлэхэд маш чухал байсан” гэж хэлсэн. Одоо энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүстээ хандаад юуг хэлэх вэ гэхээр магадгүй ийм онош сонсчихсон эсвэл туяа хими эмчилгээндээ орчихсон яваа бол хүн аливаа бэрхшээл зовлонгийн өмнө зогсохдоо, энэ асуудал надад ирчихжээ гэдгийг мэдэхдээ, гашуудлын таван үе шатыг туулдаг. Яагаад надад тохиолдов, худлаа байгаасай, яахаараа би гэж, гээд л. 7, 8 химийн эмчилгээ хийсний дараа ч аль нэг үе шат дээрээ яагаад гэж асуусан хэвээрээ, эсвэл үгүй байх даа гэж эргэлзээд жинхэнэ эмчилгээгээ эхэлж өгдөггүй гэж эмч нар хэлдэг. Эмчилгээгээ эхэлнэ гэдэг химийн эмчилгээг хэлж байгаа бус тухайн хүний сэтгэлзүйн бэлэн байдлыг хэлж байгаа юм. Сэтгэл зүй бэлэн болоход эмчилгээ шууд эхэлнэ. Тийм учраас та энэ асуудлуудаас аль болохоор хурдан ангижрах хэрэгтэй. Энэ бол эдгэрлийн хамгийн эхний алхам.
-Машинд суугаад явах тэр үед өөрөө сэтгэлзүйгээрээ мэдэрчихсэн байна. Энэ зүйлд хүргэсэн таны хүч юу байсан бэ? 
-Би өнгөрсөн хугацаанд хувь хүний хөгжлийн талаар их уншиж судалсан. Үүний дүнд хувь хүн хөгжих юм бол улс орон хөгжинө гэдгийг ойлгочихсон байсан. Монголчууд хандлагын хүч гэж ярьдаг. Ямар нэгэн зүйлд хандлага хүчтэй, эерэг байх юм бол аливаа асуудлыг маш сайнаар, үр дүнтэй эргүүлж чадна. Үүнд итгэдэг болсон. Жишээлбэл, би хувийн ментортой. АНУ-д амьдардаг Ч. Эрдэнэбулган гээд гайхалтай эмэгтэй бий. Түүнээс маш олон зүйлийг ойлгож, сурч, хэрэгжүүлж чадсан. 
Үүний зэрэгцээ “Дулаан гутал” гээд үндэсний сайн үйлсийн аян хийж байсан. Энэ үед би хүүхэд гэдэг бол халамжийг авах зохистой хүмүүс юм байна. Тухайн хүүхдийн хаана өссөн, ямар амьдралтай, гэр бүлтэй байгаа нь тэдний буруу биш. Өөрөөр хэлбэл тэд эцэг эхээ сонгож төрөөгүй учраас хүүхдүүдэд тусалдаг. Өнгөрсөн жил л гэхэд бид “Дулаан гутал” үндэсний сүлжээний хамт олон маань нийт 300 гаруй сайн дурынхантай ажиллаж 2452 ширхэг гутал, 10 мянга гаруй хувцсыг үндэсний хэмжээнд тарааж өгсөн. Яагаад энэ зүйлийг дурдаж байна вэ гэхээр энэ сайн дурын ажил маань надад амьдралын утга учрыг ойлгуулсан. Тодруулбал, зөвхөн хувиа хичээхгүйгээр бусдын сайн сайхны төлөө явах нь юунд хүргэдэг вэ гэдгийг энэ бүх үйл явдлуудаар дамжуулаад ойлгочихсон хэрэг л дээ.

Тиймээс энэ бүхнийг ойлгочихсон байх үедээ өвдсөнийгөө аз завшаан гэж боддог. Магадгүй би ийм зүйлсийг ойлгоогүй мэдрээгүй бусдын төлөө юу ч хийгээгүй, амьдралыг өөрөөр харж амжаагүй үед минь энэ зовлон гарч ирсэн бол би магадгүй бууж өгөөд, юу ч хийж болох байсан байх. Ер нь амьдралаас хүн зөв асуулт асуух хэрэгтэй. Зөв асуулт асуух юм бол зөв хариулт ирнэ. Яагаад гэдэг асуултууд ихэвчлэн хариултгүй, мухардмал байдалд хүнийг хүргэдэг. Зөвхөн өвчин биш. Ямар ч хүнийг. Би яагаад ийм санхүүгийн байдалд орчихов гэдэг ч юм уу. Мэдээж дүн шинжилгээ хийх гээд асууж байгаа бол өөр хэрэг. Би яасан гэж, яагаад ингэдэг юм, энэ зүйл худлаа байгаасай гээд асуугаад байвал зөв хариулт гарч ирэхгүй. Харин эндээс би яаж гарах вэ, яаж туулах вэ, ямар арга зам байгаа вэ гээд эрэлхийлбэл яаж гэх асуултуудын хариулт амьдралаас өөрөө ирнэ. Магадгүй та хэн нэгэнтэй санаандгүй уулзтал яаж гэдэг асуултын хариултыг хэлэх ч юм билүү. Эсвэл нэг ном уншиж байтал хариулт нь тэндээс гараад ирэх ч юм уу.

-Хорт хавдраа аз завшаан гэж бодож, хүлээж авна гэдэг мэдээж хүнд-


Хорт хавдраар оношлогдсон минь аз завшаан байсан гэж хэллээ. Жишээлбэл тань шиг ингэж бодож, хүлээж авах хүн ховор шүү дээ. Нийтлэгээрээ хорт хавдар гэхээр шууд л үхэх нь гэж хүлээж авдаг. Гэтэл танаас эмчилгээ гэхээс илүүтэй сэтгэлзүй нэгдүгээрт үүрэг гүйцэтгэдэг гэдгийг олж харлаа?
-Тийм. Мэдээж хүн бүрт энэ бүхнийг ойлгосон үед минь оногшлогдсон нь аз завшаан гэж бодох маш хүнд. Ингэж бодож чадахгүй байгаа хүнийг би буруутгахгүй. Яагаад гэвэл би тэр замаар өөрөө явсан учраас аргагүй дээ гэж өөрийн эрхгүй бодолгүй яах вэ. Тийм хүнийг хараад миний дотор хайрлах сэтгэл, ойлгох сэтгэгдэл төрдөг. Гэхдээ тэр хүнийг үүнийг өөр өнцгөөс хараасай, өөр хандлагаар хандаасай гэж бас хүсдэг. Хэрвээ харж чадвал маш амарханаар туулаад, ялаад даваад гарахыг нь мэдэж байгаа учраас ингэж хүсдэг. Яг энэ цэг дээр ирээд ойлгодог зүйл гэж бас байна. Яг энэ цэг дээр очиж, ирж байж мэдэрдэг зүйлс гэж бас байгаа. Тэдгээр зүйлс амьдралд маш том үүд хаалгыг нээдэг учраас үнэхээр аз завшаан. Хэрэв үүнийг өөрийн биеэр туулж үзээд, ялж гарч ирээд, яг ингэх юм бол хэн ч үүнийг аз завшаан л гэж хэлнэ, талархана. Миний эргэн тойронд маш олон сайхан хүмүүс намайг хүрээлж байсан. Тэр хүмүүсийн сайхан сэтгэл, сайхан итгэлийг мэдрэх аз завшаан ч надад тохиолдсон. Энэ өвчин миний гэр бүлийн хүнийг хүртэл хэн бэ гэдгийг шалгасан. Тэр хүн яг л миний хайртай болж гэрлэсэн хүн мөн байсан. Шалгалт, сорилт хэрнээ миний амьдралд олон гайхалтай зүйлсийг нээж өгсөөр байсан.

-Ханийнхаа тухай та тодруулаад хэлээч. Энэ өвчнийг даван туулах хамгийн том хүч нь таны хань байсан байх. Энэ цаг хугацаанд тэр хүнээс мэдрээгүй байсан олон үнэт чанаруудыг нь олж харсан, нээсэн гэж ойлгогдож байна. Энэ бас л аз завшаан байв уу?
-Анх оношоо сонсонгуутаа мэдээж би энийг давна, туулаад гарна гэсэн сэтгэл зүйтэй байсан. Гэхдээ заримдаа ба эморно. Химийн тарианы нөлөөгөөр сэтгэл гутралтай болох, сэтгэл зүй хүнд байдалд орох асуудал үүсдэг. Яагаад гэхээр химийн тарианы бүтцэд угаас сэтгэл гутралд хүргэдэг орц бий гэсэн үг. Тийм учраас гаднын улсуудад химийн тариа хийлгэж байгаа хүмүүсийг ганцааранг нь битгий явуулаарай, битгий өндөр байшин дээр гаргаарай гэж хүртэл хэлдэг, зөвлөдөг. Тэгэхээр миний хувьд ч гэсэн сэтгэлээр унах, таагүй байх тохиолдуудтай нүүр тулгарсан. Нэг удаа би ийм асуудлаасаа болоод нөхөртэйгөө ярилцахаар болсон. “За хайр аа, хайр нь одоо чамаас гуйж байна. Чи одоо надаас сал. Би мэдээж сайнаар туулахыг хичээж байгаа. Гэхдээ эрсдэлийг тооцох ёстой” гэж хэлсэн. Манай нөхөр сонсоод яг бодож байгаа нь харагдсан. Тэгснээ “Үгүй, би чамтай хамт байна. Би чамтай эхэлсэн шигээ хамтдаа дуусгах болно. Чи хуримынхаа амлалтыг санаж байна уу гэж надад хэлсэн”. Бид хоёр хуримаа хийх үедээ баян байсан ч, ядуу байсан ч, өвчтэй байсан ч, эрүүл байсан ч, үхэл биднийг салгах хүртэл хамтдаа байна гэж бие биедээ амалсан. Тэгээд чи энэ амлалтаа санаж байна уу, энэ амлалт дотор чинь өвчтэй байсан ч, эрүүл байсан ч гэсэн үг байсан шүү дээ. Тиймээс би яг одоо амлалтдаа хүрнэ. Би хүрнэ гэж л чамтай гэрлэсэн гэж хэлсэн. Би энэ үед уйлсан. Надад үнэхээр гайхалтай байсан.

Дараагийн бас нэг зүйл нь би одоогийнх шигээ ч харагдахгүй байсан тэр үе. Хав халзан толгойтой, хөмсөг, сормуус, хамрын үс ч байхгүй. Хамрын үс хүртэл унадаг юм байна лээ. Ингээд харахаар надад эмэгтэй хүний гоо сайхан гэхээр зүйл үлдээгүй гэсэн үг шүү дээ. Мэдээж хэрэг миний нөхөр намайг гоо үзэсгэлэнтэй, гоё сайхан байхыг хараад дурласан. Гэтэл надад тийм зүйл нь байхгүй болчихлоо. Тиймээс надад ямар нэг байдлаар таагүй мэдрэмжүүд төрж эхэлнэ шүү дээ. Мөн би хөх хадгалах хагалгаа хийлгэсэн ч гэсэн хоёр өөр болчихсон. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүнийг тодотгодог энэ бүх гоо сайхан байхгүй болчихсон үед өөдөөс минь харж суугаад “Хайраа чиний хөөрхөн чинь ерөөсөө үсэндээ, хөмсөгөндөө байгаагүй юм байна. Чи одоо ч гэсэн маш үзэсгэлэнтэй харагдаж байна” гэж хэлсэн. Энэ мэдээж надад маш том хүч, гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Яг тийм байдалтай байгаа хүнийг маш үзэсгэлэнтэй харагдаж байна гэж хэлээд хайрлахаар, хамт байхаар, хамт туулахаар шийдсэн ханийгаа хараад энэ хүний төлөө ч гэсэн үлдэх ёстой юм байна. Би энэ хүний итгэл, найдварын төлөө үлдэх ёстой юм байна гэдэг зүйлийг ухаарсан. Миний хань намайг эдгээхийн төлөө маш их судалгаа хийж, юу хэрэглэбэл эдгээх вэ гээд миний төлөө хор тайлдаг цайны жор хүртэл зохиосон.
-Тодотгоод асуумаар байна. Хүмүүс хуримаа хийхдээ зүгээр ч нэг амлалт өгдөггүйг анзаарлаа. Жишээлбэл, хуримын өдөр амласан тэр амлалтдаа хүрэх болох ийм өдөр ирдэг юм байна. Тэгвэл хуримын мөчид бие биедээ амлаж байсан амлалт амьдрал дээр бодитоор ороод ирэхэд танд юу бодогдож байсан бэ? 
-Тухайн үед мэдээж хэрэг миний зан чанар, гоо үзэсгэлэн, гоё сайхан бүхэнд татагдаад гэр бүл болж байгаа. Түүний дараагаар яг энэ амлалтдаа хүрэх тэр шалгуур сорилт хүрээд ирэхэд тэрийг хүлээж аваад, давж гарахаар шийдвэр гаргаад ингэж байгаа нь хуримын үнэ цэн юм болов уу. Хуримын ёслолын үнэ цэн юм болов уу. Хуриман дээр зүгээр л нэг ёслол хийх биш ирээдүйн амьдралд тохиолдож болох бүх нөхцөл байдалд бэлэн байж хариуцлагатайгаар эр хүн шиг үүнийг давж туулаад гарна аа гэсэн тэр хариуцлагыг хань минь хуримынхаа өдөр авсан байгааг би харсан. Тэгээд үнэхээр эр хүн гэж ийм л хүнийг хэлэх байх, амьдрал ч гэсэн сорилтоо өгчихөөд, сорилтыг даваад гарахад шагналаа бас өгдөг юм байна гэдгийг харсан. Манай нөхөр бид хоёр одоо хоёулаа шагналаа авчихсан байж байна. 
-Энэ бүтэн хоёр жилийн хугацаанд яг одоогийнх шиг дүүрэн сэтгэл зүйтэй байсан гэвэл үгүй байх. Хэцүү байсан зарим цаг хугацааг эргээд дурсвал?
-Миний хувьд зүв зүгээр байж байгаад энэ өвчинг ялаад гараад ирчихсэн юм биш. Хэрэв тийм бол үнэнд нийцэхгүй шүү дээ. Би энэ хугацааанд таваас зургаан удаа үхэлтэй шууд нүүр тулсан. Нүүр тулсан гэдэг нь өвдөөд хэвтэрт орсон гэсэн үг бол биш л дээ. Сэтгэл зүйн хувьд яг нүүр нүүрээрээ уулзсан. Би эндээс хүн ер нь өөрийгөө хэзээ нэгэн цагт үхлийн ямар нэг кодоор кодлочихдог юм биш гэж бодсон. Жишээ нь миний аав элэгний хорт хавдар гэдэг оношоор тэнгэрт дэвшсэн. Тухайн үйл явдал маш олон хүнийг гуниглуулсан, юм бодуулсан, мөн амьдралын хүндийг, хагацахын хэцүүг мэдрүүлсэн. Аав минь хавдартай гэдгээ ч мэдээгүй. Тэр үед оношийг нь өөрт нь хэлдэггүй байсан юм. Гэхдээ маш олон өөр төрлийн, янз бүрийн эмчилгээ хийсэн. Миний ойд тод үлдсэнээр бол хордлогыг нь тайлах гэсэн байх аавд дөнгөж төхөөрсөн хонины арьсыг халуунаар нь өмсгөж байсан. Аав тэр үед энийг хийгээд болохгүй бол би хүнд зүйл тусчихсан юм байна даа гэж хэлж байсан. Тэр үг миний дотор кодлогдоод үлдчихсэн. Надад ч бас аав шиг ингэж бодох үе ирсэн. Яг энэ бодол надад төрөхөд би анх удаа үхэлтэй яг нүүр нүүрээ хараад тулсан. Би бодол бүрийг эерэг сайн бодлоор орлуулж эхэлсэн. Жишээлбэл, тэр үед тухайн өвчинд уудаг эм байхүй байсан. Мөн одоогийнх шиг элэг солих, шилжүүлэн суулгах мэс засал хийдэггүй байсан. Тэгвэл одоо энэ бүхэн боломжтой болсон. Тиймээс надад эдгэрэх боломж байгаа юм байна гэх байдлаар ингэж солилцож эхэлсэн. Ийм байдлаар солилцоо хийгээд эхлэх үед бүх зүйл өөрчлөгдсөн. Нөгөөтэйгүүр миний хэлж байгаа, амнаас гарч байгаа үгийг хамгийн түрүүнд би өөрөө эхлээд сонсож байгаа. Энэ хэрээр нөлөөлж ч байгаа гэж ойлгодог болсон. Тиймээс муу амлах, бууж өгсөн, шантарсан зэрэг зүйлсийг ярихгүй байх хэрэгтэй. Хорт хавдар гэдэг үгийг хүртэл би анх удаа энэ постон дээрээ л бичсэн байгаа. Харин би ялж гарах болно, ялж гарах болно, ялж гарах болно гэж дахин дахин өөртөө хэлдэг болсон. Ингээд ирэхээр сэтгэл зүйн хувьд тогтвортой болоод ирдэг.

Дахиад мөн л үхэлтэй нүүр тулсан. Шалтгаан нь манайд хамаатны нэг хүн маань ирсэн юм. Тэр хүн надад Увсад нэг эмчилгээний зориулалтаар залгидаг хорхой байдаг гэнэ ээ. Тэрийг залгичихсан байхад хоёр сар нам гэж байна гэчихээд яваад өгсөн. Түүнийг явсны дараа миний бүх бие салгалж чичрээд сэтгэл зүйн хувьд их хүнд болсон. Учир нь тэр хүн хэлсэн үгээрээ намайг хоёр сар л амьдрах настай гээд хэлчихэж байгаа юм шиг санагдаж билээ. Тэгээд би ганцаараа ч байсан, онцгой сонин чичирч байсан. Тийм болохоор суугаад яагаад ингэв гээд бодсон. Гэтэл нөгөө л аавтай минь холбоотой дурсамж нөмрөөд ирсэн. Учир нь аав өөрийгөө хорт хавдартай гэдгээ мэдээгүй байх үед хамт ажилладаг байсан нэг хүн нь жаахан халамцуу, шил архи өвөртөлсөөр давхиж ирсэн юм. Тэр хүн аав руу дөхөж уйлаад элэгний хорт хавдартай, эдгэхгүй гэл үү гээд шууд өөрт нь хэлчихсэн. Аав тухайн үед шилтэй архийг нь үүд рүү авч шидээд чи ууж зоригоо чангалчихаад ийм зүйлийг надад хэлэх гэж энэ хүртэл ирээ юу. Би чамайг хүн муутай гэж мэднэ л дээ гэхдээ арай ч ийм гэж бодсонгүй гэсэн. Тэр үед ээж гэрт байхгүй, дүү бид хоёр л байсан. Яг дэргэдээс нь харсан хүн нь би. Тиймээс миний тархинд арилахгүйгээр үлдэж тухайн хүний хэлсэн үгийн дараа надад тэгж их цочирдох хэмжээний нөлөөлж гэж ойлгож болно. Тэгээд хамгийн зөв гаргалгаа нь хэцүү хэдий ч уучлах нь л хамгийн зөв гэдгийг ойлгосон. Гэхдээ уучилж чадахгүй байсан. Гэсэн ч би уучилсан. Үүний дараа миний биеийн байдал дахин нэг шатаар ахисан. Ерөнхийдөө би үхлийн тухай бодолтой нүүр тулах бүртээ арга замыг олоод ялаад, ялаад, ялаад тэгээд эцсийн үр дүндээ хүрч чадсан. Энэ тоолонд миний биеийн байдал илүү сайн болж байсан.

-Ээжийн маань төрсөн дүү хүртэл намайг эдгэсний дараа хорт хавдартай байсан гэдгийг мэдсэн


-Та олон хүнд хорт хавдартай хэлээгүй байсан. Постыг чинь хараад мэдсэн гэх ойр дотны чинь хүмүүс ч байлаа шүү дээ. Шалтгаан нь юу байв. Мөн хэлэхгүй чимээгүй тань шиг хүмүүс байхад бүх хүнд зарладаг хэсэг ч байдаг?
-Миний хувьд хандив цуглуулах гээд эмчилгээний зардлаа босгох гээд явж байгаа хүмүүсийг буруутгахгүй. Учир нь энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд тэдний амьдралын боломжоос нь давсан санхүүгийн чичиргээ үүсэх бүрэн боломжтой шүү дээ. Иймдээ ч олон хүний сэтгэлийн хандиваар хөл дээрээ босоод, эдгэсэн хүмүүс олон байдаг. Миний хувьд ч гэсэн энэ хүнд өвчнөөр өвдсөн хүмүүст тусалж лайв хийж байсан тохиолдол олон бий. Тэр ч байтугай өөрөө химийн эмчилгээнд ороод гуравхан хоночихоод гадаадад өвдөөд эх орондоо ирж чадахгүй байгаа эмэгтэйд лайв хийж туслах гээд Эрдэнэт рүү явж байсан. Эдгээр тусалсан хүмүүс маань мөн адил эдгэсэн, давж гарч чадсан. Би болохоор ойр дотны гэх маш олон хүнд хэлээгүй. Жишээлбэл, ээжийн маань төрсөн дүү чиний оруулсан постноос л мэдлээ. Яагаад хэлээгүй юм бэ гэсэн. Мөн нөхрийн маань хамаатнууд аавынх нь дүү нар хүртэл мэдээгүй. Би зүгээр л чимээгүй өвдөж чанга эдгэрье гэж бодсон. Яагаад гэхээр тэр олон хүнд хэлэхээр зарим нь үнэхээр миний төлөө харамсахаар хүмүүс байсан. Тиймээс энэ хүмүүсийн харамсал харууслыг төрүүлэх эрх надад байгаагүй. Би байхгүй ээ гэж бодсон. Нөгөөтэйгүүр энэ хүнийг өрөвдөөд, ямар нэгэн зүйл авч өгөөд ч гэдэг юм уу ийм байдлаар хандлаа ч тэр хүний асуудлыг шийдэх гол орц найрлага биш. Мөн бүх хүнд хэлээгүй байснаараа оносон зүйлүүд байсан. Жишээлбэл аливаа нэг асуудал үүсэхэд чи намайг яагаад ингэж байгаа юм, би ийм өвчинтэй байхад гэдэг гомдох сэтгэл төрөхгүй. Учир нь би тэр хүнд хэлээгүй юм чинь. Тиймээс бусдаас өрөвдүүлэх гэдэг зүйлийг мэдрэхгүй эрүүл хүнтэй адил түвшинд байснаар нэг талаараа дархлаа тогтсон байх гэж ойлгодог. Энэ бол мэдээж миний хувийн философи байсан. Намайг олон хүн гадаадад эмчлүүлсэн үү гэж асуусан байсан. Тухайн хүн ингэж асууж байгаа нь өөрийгөө эдгэхгүй гэдэг хариултыг л олох гээд байгаа юм шиг. Жишээлбэл, энэ хүн гадаадад эмчлүүлж байгаа юм чинь би Монголд эмчлүүлж байгаа болохоор эдгэхгүй гэдэг ч юм уу. Эсвэл энэ хүн ийм сайн нөхөртэй, би сайн нөхөргүй учраас эдгэхгүй гэдэг ч юм уу иймэрхүү хайрцаглагдсан бодолтой хүмүүс байдаг. Гэхдээ ийм биш ээ. Монголд хорт хавдрын эмчилгээг маш сайн буюу дэлхийн түвшинд хийдэг. Учир нь манай хавдрын эмч нар маш олон кэйс дээр ажиллаж байгаа учраас ийм чадварлаг байгаа юм. Мөн тэд мэргэжлийнхээ ёс зүйг өндөр хэмжээнд баримталдаг гэж хэлнэ. Намайг хагалгаанд ороод хагалгаа амжилттай болсоны дараа манай нөхөр гэр бүлийнхэн талархсан сэтгэлээ илэрхийлэх гээд бэлэг өгөх гэж өчнөөн оролдсон. Залгасан, зурвас бичсэн, уулзах гэсэн аль нь ч бүтээгүй. Бэлгийг маань аваагүй. Тухайн үед би энэ хүмүүс өдөрт хичнээн хүнд хагалгаа хийдэг билээ, авдаг цалин нь хэд билээ, өдөрт хэдэн арван хэцүү зовлон туулж байгаа хүмүүстэй ажилладаг билээ гэж дотроо бодсон. Үнэхээр болдог бол энэ л хүмүүсийн цалинг нэмчих сэн гэж өөрий эрхгүй бодогддог юм байна лээ. 
-Энэ хугацаанд дэргэд чинь байсан, хүнд хэцүүг үүрэлцсэн хүмүүсийг үгүйсгээгүй. Гэхдээ өвчнийг та биеэрээ мэдэрсэн, та л нүүр тулсан. Тэгэхээр зовлонгоо та өөрөө л хамгийн сайн танисан байж таарна, угаас бусад хүмүүс боломжгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө өөртөө хэр сайн хань болж чадав. Өөрөөр хэлбэл таныг эдгээсэн зүйл та өөрөө шүү дээ?
-Бидний бие махбодь өөрөө өөрийгөө эдгээх чадалтай гэдэгт итгэх хэрэгтэй. Зүсчихэд аниад өөрөө эдгэчихдэгтэй адил. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйгээ, биемахбодио, хоолоо нэг ижил түвшний цэгт бариад сурчих хэрэгтэй. Тэгвэл гайхамшиг бий болно. Танд гайхамшиг хэрэгтэй. Мөн таны эргэн тойронд хэн байх вэ гэдгийг та сонгож болно. Жишээлбэл, дөрвөн төрлийн хүн байдаг гэж хэлмээр байна. Таныг нэмдэг, хасдаг, үржүүлдэг, хуваадаг ийм дөрвөн төрлийн хүн. Энэ дөрвөн хүн таны амьдралд эргэн тойронд байдаг гэсэн үг. Таныг нэмдэг хүн гэж ямар хүнийг хэлж байгаа вэ гэхээр та баяр хөөртэй сэтгэл хангалуун явж байхад чинь таныг нэмдэг төрлийн хүн таарснаа “Хүүе энэ ямар гоё юм бэ, чи тэрийг сайн хийсэн байна лээ, өнөөдөр ёстой гоё байна гэхчлэн таныг нэмчихээд яваад өгнө. Энэ хүнтэй таарсны дараа 1+1=2 болчихдог. Харин хасдаг хүн нь таныг баяр хөөртэй явж байхад чамайг тэнд тэр хүн тэгж ярьж байна лээ, өө надад тийм юм болоод гээд бүхий л асуудлаа яриад таниас нэг юмыг хасчихдаг. Харин таныг үржүүлдэг хүн таныг 2 байсан бол 4 болгож 16,32,64 гээд хязгааргүй өсгөж үржүүлдэг. Хүн амьдралдаа энэ үржүүлдэг хүнтэй маш цөөхөн уулздаг. Тэгээд энэ хүнээсээ салахгүй байх ёстой. Харин хуваадаг хүнтэй уулзлаа л бол та шууд хагарна, таны харилцаанд хагарал, хана хэрэм ноёрхож эхэлнэ. Чиний найз чинь тэгж хэлж байна лээ, муухай хүн байгаа биз гэх жишээний. Аль эсвэл гэр бүлийн харилцаан дээр наадахаасаа сал боль гээд салсны хариуцлагыг тэр хүн хүлээхгүй шүү дээ. Ийм хүнийг амьдралаасаа шууд блокло. Хүн ер нь хасдаг, хуваадаг хүмүүсийг блок хийгээд нэмдэг, үрждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлвэл ямар ч зүйлийг давж гарч ирж чадна, ямар ч амжилтад хүрнэ, ямар ч гайхамшгийг амьдралдаа бүтээж чадна. Энэ бол гайхалтай зүйл. 
-Таныг хэн хэн үржүүлж байна вэ?
Намайг хамгийн сайн үржүүлж чаддаг хүн бол миний нөхөр, миний ментор найзууд минь. Мөн бүх цаг үед намайг дэмжиж, үржүүлдэг хүмүүс бол миний үр хүүхдүүд гэр бүлийнхэн. Миний хүүхдүүд энэ зүйлийг давж гарахад инээдээрээ, хайраараа, халамжаараа, намайг эмчилсэн. Бас миний хадам ээж, би хадам гэж хэлэх дургүй. Миний ээж л гэдэг. Мөн дээрээс нь миний ээж. 
-Танд амьдралаас явахгүй байх, заавал эдгэх хэд хэдэн шалтгаан байжээ. Жишээлбэл хүүхдүүд нь. Тэгэхээр анх хорт хавдартай гэдгээ сонсоод санаа зовох эхний шалтгаан тэд байсан байх тийм үү? 
-Би одонтой ээж. Хамгийн анх хүүхдүүдээ хараад надад итгэл төрж байсан. Манай хүүхдүүд бүгд биеэ даасан учраас надад харьцангуй тайван мэдрэмж байсан. Бид хүүхдүүддээ өв үлдээдэг. Сайн болон муу зүйлсийг өвлүүлдэн үлдээдэг шүү дээ. Өв үлдээнэ гэдэг зөвхөн эд хөрөнгө биш. Би хүүхдүүддээ хэзээ ч арилахгүй мөн чанарыг өвлүүлсэн гэж боддог. Би бага байхдаа аавынхаа нэг сарын цалинтай тэнцэхүйц үнэтэй 2 размер том гутал авхуулна гэж уйлаад. Аав минь надад тэр том гутлыг авч өгсөн, би удаан өмссөн. Ямар ч хэцүү зүйл байсан юуг ч туулж байсан надад тийм гутал авч өгөх аавтай юм чинь гээд даваад гарчихдаг байсан. Энэ чинь миний аавын сэтгэл дотор минь үлдээсэн хайрын өв байгаа биз дээ. Тэгэхээр би хүүхдүүдийнхээ төлөө ялах ёстой юм байна, хүүхдүүддээ ялалтын өвийг, ялалтын дархлааг тогтоож өсгөх ёстой юм байна гэж ойлгосон. Таныг өр зээлнээсээ гарч байгааг, санхүүгийн асуудлаа шийдэж байгааг, таныг өвчин зовлонг ялж байгааг харж өссөн хүүхэд ялалтын дархлаатай болж өснө. Тийм учраас бид хүүхдүүддээ ялалтыг үлдээх ёстой. Тэгвэл үндэстэн тэр чигээрээ ялалтыг бий болгох нь ердөө л хувь хүний асуудал болж таарах нь. Бямбадоржийн Цэвэгмид би өнөөдөр хорт хавдрыг яллаа гэж мэдэгдэж байгаа хэдий ч одоо надад бодогдож байгаа зүйл Монгол хорт хавдрыг яллаа гэсэн мэдээг бид тунхаглах хэрэгтэй байна. 
-Би ялалт байгуулсан. Миний ялалтыг хараад ялалт хэрэгтэй байгаа хүмүүс маань оргил өөд тэмүүлээсэй гэж хүсч байна-

-Та сая манай студид ирэхийн өмнө хүмүүст зөвлөгөө өгч байгаад ирсэн. Өөр рүү чинь хандаж байгаа хүмүүс маш их байгаа. Өөрөөр хэлбэл нэг зовлонтой, адил мөрөөдөлтэй хүмүүс. Тэрхүү хүмүүст та юу гэж зөвлөв?
-Надад хандаж байгаа олон хүмүүст хайр төрж байна. Хорт хавдрыг ялан дийлж, ялан дийлэх хүслийг нь төрүүлж, уриалах туг хэрэгтэй байна. Энэ тугийг хараад оргил өөд тэмүүлээсэй гэж хүссэн. Тугийг нь намируулж чадсан. Хамгийн гол нь сэтгэлийн хүч, хат энийг л дамжуулмаар байсан. Үүнийгээ ч дамжуулсан. Зүгээр л хоол, сахартай бүтээгдэхүүн идэхгүй гэх мэт зүйлээр энэ зөвлөгөөг хязгаарламааргүй байна. Эдгээрийг хаанаас ч уншиж мэдэж болно. Харин хүн хэн нэгнээс аль эсвэл интернетээс зөвлөгөө уншаад тэр бүр сэтгэлийн хүч авахгүй шүү дээ. Жишээлбэл, сахаргүй бүтээгдэхүүн идэж болохгүй гэвэл мэдлэг л нэмнэ. Харин сэтгэлийн хүч нь өөр зүйл. Энэ зүйлээр нөлөөлөхийг хүсч байна, үүнийг дамжуулахыг зорьж байна.
-Гэхдээ та анагаахыг үгүйсгээгүй биз дээ?
-Үгүйсгээгүй ээ, сайн эмч дээрээ очиж үзүүлэх хэрэгтэй. Би ч гэсэн анагаахаар явж эмчлүүлсэн. Тиймээс л эдгэчихсэн сууж байна шүү дээ. 
-Монголчуудын уламжлалт сэтгэлгээ байж магадгүй л дээ. Өвдөж, зовох үедээ эмнэлэгт биш шашинд итгэдэг. Зарим нь аргаа бараад гэдэг шиг ийм байдлаар ханддаг. Энэ тухайд та юу хэлэх вэ. Жишээлбэл та лам, бөөд хандаж байв уу?
Хүн бурханыг эрж хайхаар бүтээгдсэн. Хэцүү зүйл тохиолдохоор юуг бурхан гэж боддог вэ түүндээ итгэдэг. Ээжийгээ бурхан гэж боддог бол ээждээ, лам бөөг бурхан гэж боддог бол лам, бөөгөө шүтнэ. Есүс Христэд итгэдэг бол хамгийн дээд Бурхан гэж бодно, энэ нь хүн болгоны сонголт. Би хувьдаа Есүс Христийн дагагч хүн. Тэглээ гээд эмч минь намайг эмчилсэн байхад, зөвхөн Бурхандаа баярлалаа гэвэл өрөөсгөл. Надаас нэг хүн ингэж асууж байсан. Цээгий чи энэ хоолыг хийж өгсөн тогоочдоо баярлалаа гэх үү, Бурхандаа баярлалаа гэх үү гэсэн. Алинд нь хэлэх хэрэгтэй вэ гэхэд. Хүнд баярлалаа гэж хэлвэл хүнээс шагнал авна, Бурханд хэлвэл Бурханаас шагнал авна, хоёуланд нь хэлвэл хоёулангаас нь шагнал авна гэсэн. Тэгэхээр Еврейчүүд юу гэдэг вэ гэхээр намайг Бурханд баярлалаа гэж хэлэх үед Бурхан тэр үгийг сонсоод Бурханд баярлалаа гэж хэлүүлсэн тэр хүнд гайхамшгийг хийж, тэр хүмүүст ерөөлөө өгдөг гэлцдэг.

-Ааваа охин нь яллаа гэж хэлмээр байна. Намайг гарцаагүй сонссон-


Танд энэ амьдралдаа үлдэх олон шалтгаан байжээ гэж харж байна. Тэнгэрт байгаа аавынхаа чадаагүйг чадсан ч гэж хэлж болно. Энэ бүх зүйлийн дараа түүнийг мэдээж бодсон л байх?
-Тийм, миний аав, миний баатар. Тэр хэзээ ч миний итгэлийг алдаж байгаагүй, үнэнч шударгаараа алдартай хүн байсан. Хамт явахад аав минь надад чигчий хуруугаа өгдөг, би чигчий хуруунаас нь атгаад, аав минь дуу аялаад явдаг байсан. Энэ бүхний дараа би аавдаа юу гэж хэлмээр байсан бэ гэхээр “Ааваа охин нь яллаа” гэж хэлмээр байсан.
-Гэхдээ таныг сонссон болов уу?
Мэдээж хэрэг. Мэдэж байгаа, сонсож байгаа. Түүний үлдээсэн орон зай байгаа. Миний аав маш их тэмцэж байгаад, үр хүүхдүүдтэйгээ үлдмээр байсан ч гэсэн тэр хийж чадаагүй. Гэхдээ аавынхаа хийж чадаагүйг хүү нь, охин нь гүйцээдэг. Тийм учраас аавынхаа ялж хараахан чадаагүй байсан зүйлийг, ялах боломжгүй байсан зүйлийг охин нь ялж чадлаа. Бусад хүмүүс ч гэсэн яг над шиг хэлмээр байгаа байх. Тэр хүмүүс ч гэсэн ялж чадна аа.
-Сүүлийн асуулт. Анх асуудал далайн хэмжээний том байсан. Хувь тавилантайгаа эвлэрээд эхлэхээр жижгэрээд гол, горхи шиг жижгэрчээ. Ингээд л та алхаад давчихаж шүү дээ. Одоо та яамаар байна, цаашид хэрхэн амьдармаар байна. Юу хиймээр байна?
-Би хийх бүтээх хүсэл тэмүүлэлээр дүүрэн байна. Би амаржих гэж л Монголд эмнэлэгт үзүүлж байсан. Дараа нь анх хавдрын эмнэлэгт очоод шоконд орсон. Хүмүүс ийм болсон юм уу, ингэдэг болсон юм уу, ингэж олноороо өвддөг юм уу гээд гайхаж байсан. Одоо юу бодож байна вэ гэхээр хүмүүст энэ зүйлийг давж гарахад нь туслах юм сан гэж бодож, хичээж байна.
Мөн "Дулаан гутал" аяндаа нэгдэхийг гуймаар байна. Би өөрийнхөө төлөө нэг ч хүнээс гуйж байгаагүй, гэхдээ өөрийнхөө төлөө гуйж байгаа хүмүүсийг буруутгаагүй шүү. Би "Дулаан гутал" аяндаа хандив гуймаар байна. Учир нь дүү бид хоёр дундаа нэг гуталтай шүү эгчээ гэж хэлээд дүүгээ дуудахаар явсан хүүхдийг харсан болохоор гуйж байна. Ээж нь долоохон хоногийн өмнө өнгөрчихсөн гээд жалга дагаад хөл нүцгэн гүйж байгаа хүүхэдтэй таарсан. Нимгэн пүүзтэй, хөл нь минчийтлээ даарчихсан хүүхдийг харсан болохоор гуйж байна. Энэ бүхэн хүүхдийн буруу биш, хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй. Ихэр заяанд төрчихөөд, хосоороо ижил хувцас өмсөж үзээгүй хүүхдийн баярын нүдийг харсан болохоор гуйж байна. Дундаа нэг гуталтай, ээж гарвал охин нь гуталгүй, охин гарвал ээж гуталгүй, энэ дүр зургийг харсан болохоор манай дулаан гутал аянд нэгдээрэй гэж гуйж байгаа юм.
Үүнээс гадна маш олон мөрөөдлүүд байна. Нөхөр маань шинэ компаниа байгуулсан. Үндэсний хэмжээний болгохоор зүтгэж байна. Сайн сайхан урт удаан наслана гэж бодож байна. Надад хөгшрөх гоё мөрөөдөл, төлөвлөгөө байдаг. Надад хөгшрөх ямар төлөвлөгөө байдаг вэ гэхээр залуучууд надаас залхдаггүй, харин ч над руу тэмүүлж ирдэг байхыг хүсдэг. Магадгүй загварын тайзан дээр алхаж байвал битгий гайхаарай./инээв/ Эрүүл, хүч чадалтай, эерэг надтай уулзсан хүний амьдралыг 5-хан минутад өөрчлөх чадалтай, маш олон хүнд нөлөөлсөн гайхалтай байх болно. Нөлөөлөгчидөд нөлөөлж амьдарна. Бидний нөлөө бусдын төлөө шүү дээ. Энэ бол миний мастер төлөвлөгөө. Баярлалаа.



Холбоотой мэдээ