Шүүхээс олимпийн аварга Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Нийгэм
enkhchimeg@must.edu.mn
2021-04-05 14:52:52

Өнгөрсөн амралтын өдөр олимпийн аварга Н.Түвшинбаярыг өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн. Тиймээс Н.Түвшинбаярыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэж, Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. 

Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. 

Холбоотой мэдээ