ТӨРД АЮУЛТАЙ, ӨЧҮҮХЭН ХҮН

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-02 04:16:17

ТӨРД АЮУЛТАЙ, ӨЧҮҮХЭН ХҮН

2021-5-2


Өчүүхэн хүсэл өчүүхэн хүнийг бүтээдэг. 

Өчүүхэн хүсэл амархан биелэгддэг тул хүсэлгүй амьдрах боломжгүй учраас үргэлж нэг хоёр жижиг хүсэлд хөтлөгдөн амьдрах жамтай. 

Үүний үр дүнд, жижиг хүсэл нь хүнийг тогтворгүй болгож, найдваргүй болгож, олны дунд орон гарангаараа дуудуулж, урваж шарвадаг цол хүртэж, хүн болж амьдарсны утга учир нь алдагддаг. 

Өдөр болгон уулзахад танихын аргагүй төрөл арилжсан байдаг учраас өчүүхэн хүнд итгэж найдна гэдэг амьдралын там юм.

Өчүүхэн хүсэлтэй хүн ертөнцийн тухай төсөөлөл нь бяцхан учраас амьдрал нь өшөө хорсол, үзэн ядалтаар цалгиж байдаг учраас олны амьдралд аюултай бөгөөд заналхийлэлтэй байдаг.

Өчүүхэн хүсэлтэй хүнийг танихад маш амархан. 

Ийм хүмүүс улс орны төлөө юм хийж бүтээе гэвэл өөдөөс чинь өчүүхэн зүйлээс эхэлье, багаас эхэлье, жижгээс эхэлье гэж ярихаас гадна, чадваргүй учир сэргэлэнтэх, залилан мэхлэх, гол гаргах, бусдыг ашиглаад хаях, мэддэг царайлах, бусдаас зай барих, хуйвалдаанд шунахайрах, өөрийгөө товойлгож өрөөл бусдыг золиосонд гаргах, авилгалаар амьдрах нь тэдний түгээмэл онцлог байдаг.

Бүхэл бүтэн үндэстний төлөө төрд өчүүхэн хүсэлтэй хүмүүс эрх мэдэлд гарвал ард түмний амьдрал хаягдаж, төрийн гамшиг нүүрлэж, нийгэм тэр чигээрээ хийж бүтээх зүйлгүй, өшөө хорсол болон хилмэгдэл нь нийгмийн түгээмэл амьдрал болж, муу муухай оргилдоо тулах болно.

Дэлхийн агуу философич Артур Шопенхаур “Ертөнц чинь зөвхөн хүсэл ба төсөөлөл” гэсэн сонгодог зохиолдоо, өчүүхэн хүсэл болон төсөөлөлтэй хүн хүн төрөлхтөнд аюултай гэж анхааруулсан нь өчүүхэн хүн төр үндэстэнд аюул заналхийлэл авчирдагт учир бий.

Өчүүхэн хүн бусдыг муулж үгүйсгэдгээс гадна өөрөө хийж бүтээх зүйлгүй учраас атаархал, үгүйсгэл нь тэдний амьдралын утга учир байдаг.

Аюултай шүү найзуудаа тэд гол гаргана шүү.

Аюултай шүү, тэдэнд итгэж найдах боломжгүй шүү .

Зовлонтой шүү, зовлонг тэд л авчирна.

Өчүүхэн хүсэл тамдаа морилж, агуу хүсэл мандан бадрах болтугай.

   2013-03-03                 Улаанбаатар хот         

                     Хийморь Чука

Холбоотой мэдээ