О.Баасанхүү: Ардчилсан намын тамга, нэр дэвшигчийг тодруулсан бүхий л үйл ажиллагаа албан ёсных

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-05 06:29:32

Өнөөдөр Ардчилсан намын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар шүүхийн маргаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Өнөөдөр бид СЕХ-нд хоёр үндэслэлээр албан бичиг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 34 намын эхний хоёрдугаарт Ардчилсан нам бичигдсэн хэвээр байгаа. Ардчилсан намыг удирдаж байгаа хүн нь С.Эрдэнэ гэдэг хүн хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээ нь С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа юм.

Хоёрдугаарт, 2020 оны Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр АН тамганы дардасныхаа дугаарыг өөрчлүүлсэн. Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж дардасны дугаараа өөрчлүүлэн, тамга авсан байгаа.

Энэ асуудлаар хэсэг хүмүүс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ асуудлаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэр гараагүй учраас тамга хүчинтэй гэсэн үг. Тиймээс бид хууль журмын дагуу ажиллаж байгаа.

Ардчилсан намын тамга, бланк, нэр дэвшигчийг тодруулсан бүхий л үйл ажиллагаа албан ёсны, хууль журмын дагуу явагдаж байгаа болохыг мэдэгдэж байна” гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН-ын шинэ удирдлагуудын байр суурийг илэрхийлж байна. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулъя, цаасан мөнгө хэвлэж байгаад иргэдийн амжиргааг дээшлүүлье, хувийн өмчийг хураая, хууль ямар хэрэгтэй юм гэдэг үзэл санаатай хүмүүс нэг дор очсон байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад хүний мэдэгдлээс харахад социализмыг буцаан сэргээх гэсэн үзэл санаа цухалзах болж. Үүнийг АН тууштай эсэргүүцнэ. Ийм үзэл санааны эсрэг зогсох гэж АН үнэт зүйл, зарчимтай явж ирсэн. АН бол гуравдагч хөршийг дэмждэг, хөрөнгө оруулагчдын татахыг эрмэлздэг нам. Тиймээс хүч түрснээрээ хуулийн дээр гишгэхгүй гэдгийг хэлмээр байна. Хүч түрснээр хуулийн дээгүүр гишгэхгүй, өнөөдөр гоё чанга яриснаар хүмүүсийн амьдралын асуудлыг шийдэхгүй” гэлээ.

Холбоотой мэдээ