О.Цогтгэрэлийн нам Э.Бат-үүлийг үсдэв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-08 08:01:13

О.Цогтгэрэлийн нам Э.Бат-үүлийг үсдэв


Лхагва гаригийн шөнө эхэлсэн талбайн өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Харин нөгөө талд 11.00 цагаас М.Тулгат, С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын зүгээс Ардчиллын ордны гадна мэдэгдэл хийж, Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн талыг МАН болон Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар ажиллаж буй хэмээн онцлоод байсан.


Хэдийгээр өлсгөлөнд оролцож буй хүмүүсийн зарим нь талбайн өнцөг буланд шахаж тавьсан хувийнхаа машинд нууцаар хоол цай идэж, зураг хөрөг олон нийтийн сүлжээгээр цацагдсан ч гэсэн...

Өнөөдөр талбай дээр "өлсгөлөнгийн" нөхөдтай уулзахаар М.Тулгат даргатай АН-ынхан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар намынхаа гишүүдийг дагуулан очсон боловч талбайг бүсэлсэн дэмжигчид тэднийг оруулсангүй. 

Тэр байтугай Улсын баатар Э.Бат-Үүлийг үсдэж чирсэн "баатарлаг" дүр зургийг шууд дамжуулалтаар олон нийтэд үзүүлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мөн л талбайн хэд дээр зочилж, өлсгөлөнгөө буулгах, олон нийтийг үймээн самуунд турхирахгүй байх, АН дотооддоо учраа олохыг уриалж, О.Цогтгэрэл нартай уулзсан авч өнгөрсөн нэг хоногийн дотор байдал сайжралыг олсонгүй. 


Байдлыг улам дордуулав. 

Өлсгөлөнгийн бас нэг гол дүр болсон МАХН-ын хувьд хуучин, АН-ын шинэ гишүүн С.Ганбаатар "У.Хүрэлсүх нь явуулаа биз. У.Хүрэлсүхийн намтай бид зөвшилцөхгүй" гэх нь нэн тохуутай. 

Харин ардчилсан хувьсгалын "алтан хараацай" /2000-аад оны үг/, анхны 13-ын нэг Улсын баатар Э.Бат-Үүл өөрийнхөө үүсгэн байгуулалцсан намын хүүхдүүдэд үсдүүлж, "Ийм ардчилал гэж байдаггүй юм. 

Ийм ардчиллын төлөө бид тэмцээгүй" хэмээн уурлаж, хоолой нь цахиртаж харагдсан. 


Энэ талын АН-ын даргаар сонгогдоод буй М.Тулгат мөн хөөгдөн буцаж, “Бүх зүйл шударга ёсоор шийдэгдэх байх гэж энэ хүртэл хүлээсэн. Гэтэл ийм хэмжээнд хүрлээ. Монголын ардчиллыг хэн ч үгүй хийж чадахгүй, би намынхаа төлөө бүх зүйлээ зориулна” гэж хэлээд явлаа.

Хоёр АН хоёул аль аль талаа МАН-ын захиалгаар ажиллаж байна, нэг намын дарангуйлал руу явлаа гэж онцолж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороо М.Тулгатын талаас нэр дэвшсэн С.Эрдэнийн материалыг хүлээж авсан.

Э.Бат-Үүл, М.Тулгат нар АН-ыг ийм болтол талцуулж хуваасан Ерөнхийлөгчийн бүслэлтийг давж чадалгүй талбайгаас буцлаа.  


Холбоотой мэдээ