Нийгмийн сэтгэл зүйгээр тоглон од болж, олонд танигдахын дон шүгэлсэн залууст “УХАМСАР ЗАРНА”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-18 09:17:57


Энэ оны гуравдугаар сард кино багийн уран бүтээлчид “Шуурхай зар” сонинд “Аав зарна” хэмээх зар байршуулж, нийгмийн сэтгэл зүйгээр нэг сайн тоглоод амжсан. 

Тэгснээ сүр дуулайнтайгаар олны өмнө гарч ирж, “Гайхамшигт ертөнц” киноны нэг хэсэг байсан хэмээн мэдэгдсэн юм. 

Харин энэ амралтын өдөр үүнтэй адил нэгэн дуулиантай зүйл боллоо.

Эргэн сануулбал, өнгөрсөн амралтын өдөр нэгэн эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын нэр бүхний гишүүнтэй “учиртай” байсан ч коронавирусийн халдвар авсныг нь сонсоод холбоо бариагүй таг чиг алга болсон хэмээн мэдэгдсэн юм. 

Уг мэдэгдлийн дараа “тэр гишүүний нэр хэн бэ” гэх таавар болоод амжсан. 

Гэтэл тэдний ярьсан бүх зүйл худал, зүгээр л жүжиглэлт байжээ. Тодруулбал, энэ нь “Positive Power-Эерэг хүч” хуудсыг хөгжүүлж буй залуусын хийсэн жүжиг байж.

Уг нь Улсын хурлын гишүүнд ч гэсэн нэр хүнд гэж бий. 

Гэтэл цахим сүлжээнд өөрийн гэсэн бизнестэй, улсын их хуралд хоёр удаа сонгогдсон гэх мэтээр ярьж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэн нийгмийн сэтгэл зүйгээр тоглолоо. 

Үнэхээр хүмүүсийн анхаарлын төвд орж, нийгмийн гол сэдэв байхыг хүсэж байгаа хөдөлмөрлөх л хэрэгтэй. 

Энэ мэт од болж, олонд танигдахын дон шүгэлсэн залуусын болчимгүй үйлдэл иргэдийг төөрөгдүүлж, хүүхдүүдэд хүнийг худлаа гүжирдэж болдог юм хэмээн үлгэрлэж байна. 

Тиймээс контент бүтээгч залуус, уран бүтээлчид ухамсартай байж, ирээдүйгээ хүндэтгэе.


Холбоотой мэдээ